Jump to content

Рийгикогу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рийгикогу (эстон. Riigikogu, -«Улсын хурал») нь Бүгд Найрамдах Эстони Улсын хууль тогтоох дээд байгууллага юм. Эстони Улсын Рийгикогу буюу парламент нь Төрийн тэргүүнийг сонгодог бөгөөд гүйцэтгэх засаглал болох Засгийн газартаа хяналт тавьдаг байгууллага юм.

Рийгикогу нь 4 жилээр сонгогддог, 21 нас хүрсэн Эстонийн иргэдээс бүрддэг нийт 101 гишүүнтэй төрийн дээд байгууллага юм. Сонгууль болсон оноос 4 жилийн дараагийн 3 дугаар сарын эхний ням гарагт ээлжит сонгууль явуулдаг байна. Цахим сонгуулийг сонгууль болох өдрөөс хэд хоногийн өмнө явуулдаг. Сонгуулийг пропорциональ системээр явуулдаг боловч санал тоолох явцад зарим мажоритар арга хэрэглэдэг ажээ. Парламентын гишүүн төрийн өөр ямар нэгэн албан тушаал давхар хаших ёсгүй. Харин Засгийн газрын гишүүнээр томилогдох тохиолдолд парламентын гишүүний бүрэн эрхийг зогсоодог бөгөөд Засгийн газрын гишүүний ажлаа өгөх тохиолдолд Парламентын гишүүний бүрэн эрхийг сэргээдэг байна.

Ээлжит бус парламентын сонгуулийг Ерөнхийлөгч 4 тохиолдолд зарлах эрхтэй. Үүнд:

  • парламентаас бүх нийтийн санал явуулах асуудал сонгогчдын дэмжлэг аваахгүй тохиолдолд:
  • төсвийн жилийн эхний хоёр сард парламент улсын төсвийг батлаагүй тохиолдолд:
  • Парламентад шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэх өдрөөс 14 хоногийн дотор Ерөнхийлөгчид Засгийн газрын Танхимын гишүүдийн бүрэлдэхүүн өргөн бариагүй тохиолдолд:
  • Рийгикогу нь Засгийн газарт итгэл үзүүлээгүй бөгөөд Засгийн газар Ерөнхийлөгчид ээлжит бус сонгууль явуулах хүсэлт гаргасан тохиолдолд.

Рийгикогу нь байнгын хороодтой бөгөөд тусгай хороо байгуулах боломжтой байдаг байна. Дараах байнгын хороонууд ажиллаж байна. Үүнд:

  • Европын холбооны хэргийн хороо
  • Хүрээлэн буй орчны асуудлын хороо
  • Соёлын асуулын хороо
  • Хөдөөний амьдралын асуудлаарх хороо
  • Эдийн засгийн хороо
  • Үндсэн хуулийн хороо
  • Санхүүгийн хороо
  • Улсын батлан хамгаалах асуудлын хороо
  • Нийгмийн асуудлын хороо
  • Гадаад хэргийн хороо
  • Эрх зүйн хороо

Эстони улс тусгаар тогтнолоо зарласны дараа 1919 онд Дээд хурлын сонгууль зарлан явуулсан. 1920 онд Үндсэн хуулиа баталснаар парламент буюу Рийгикогуг байгуулж, бүх ард түмнээс 3 жилийн хугацаагаар сонгодог болсон.

1934 оны 3 дугаар сард цэргийн байдал зарлаж парламентын гишүүдийг хугацаагүй амралтад явуулсан. 1935 онд Ерөнхийлөгчийн нам байгуулагдаж /Isamaaliit/ бусад улс төрийн намуудыг хаасан.

1937 онд Шинэ Үндсэн хууль баталсан.

1938 онд хоёр танхимтай Үндэсний хурлын (Rahvuskogu; доод танхим- Төрийн Дума, дээд танхим-Төрийн Зөвлөл) сонгууль болсон.

1990 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Эстони Улсын Дээд Зөвлөлийн хурлаар Эстонийн 1938 оны Үндсэн хуулийг дахин сэргээж буй тухай хууль баталсан байна. 1992 онд сонгууль явуулахад 1940 оны 6 дугаар сараас өмнө Эстони Улсын иргэн байсан хүмүүс сонгох эрхтэй байхаар тогтсон байна. Үүний үр дүнд хуучин ЗХУ-ын Эстонийн нийт иргэдийн 32% сонгууль өгөх эрхгүй байсан юм. 2016 онд энэ тоо буурч 6% хүрсэн байна.

Өнөөгийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Өнөөгийн парламентын бүрэлдэхүүн 2019 оны 3 дугаар сарын 3-нд сонгогдсон.

Бүрэлдэхүүн:

  • Шинэчлэлийн нам (эстони. Eesti Reformierakond): бүлэг- 34 гишүүн.
  • Төвийн нам (эстони. Eesti Keskerakond): бүлэг- 25 гишүүн.
  • Эстонийн Ардын Консерватив нам (эстони. Eesti Konservatiivne Rahvaerakond) бүлэг - 19 гишүүн.
  • Эх орон нам (эстони. Isamaa erakond): бүлэг- 12 гишүүн.
  • Эстонийн Социал-демократ нам (эстони. Sotsiaaldemokraatlik Erakond): бүлэг- 10 гишүүн.
  • Бие даагч гишүүн -1 гишүүн

2019 оны сонгуулийн дүнгээр: парламентын дарга (спикер) - Хенн Пыллуаас (Эстонийн Ардын Консерватив нам); 1 дүгээр орлогч дарга (эвсэл) -Хелир-Валдор Сеэдер (Эх орон); хоёрдугаар орлогч дарга (сөрөг хүчин) - Сийм Каллас (Шинэчлэлийн нам).