Халх-Зүүнгарын дайнууд
Дайны өмнөх байдал
[засварлах | кодоор засварлах]Монголын ихэнх овог аймгуудыг нэгтгэсэн Манж нарын эсрэг Халх болон Зүүнгарын Ойрдуудл тэмцэж байв. Хойд талаасаа газар нутаг, албат иргэдээ булаалдан зөрчилтэй байсан Орос, өмнөд талаасаа тухайн үед нэн хүчирхэгжиж байсан Манж, баруун талаасаа ашиг сонирхолын том зөрчилтэй байсан Зүүнгарын Хаант улсуудад хавчигдсан Халх Монгол мөн дотооддоо хямралтай, язгууртан ноёдуудын газар нутаг эд хөрөнгө булаалдсан дайнтай байсан нь Халх түмний доройтлын гол шалтгаан болсон юм.
Он цаг судлал
[засварлах | кодоор засварлах]1688 оны зун Түшээт хан Чахундорж дүү Шидшид тайжид 6000 цэрэг захируулан Хотгойдын Гэндэн баатарын дүүгийн хамт хойд хязгаараа илбэн тохинуулж Байгаль нуур орчим суурьшин цайз бэхлэлт бариад байсан Оросуудыг хөөлгөхөөр явуулав. Шидшид баатарын цэрэг амжилттай байлдаж Байгалын өмнөх Оросын бүх цайзуудыг нурааж Үд голд хүрэн Байгалын хойд руу довтлохоор бэлдээд байв. Гэвч Шидшид баатар Байгалын хойд хязгаар луу хэзээ ч орох хувьгүй байж, яагаад гэвэл яг энэ үед Халх руу Зүүнгарын Галдан их цэрэгийн хүчээр довтоллоо гэсэн мэдээ ирж яаран нутаг буцах хэрэг гарсан юм.Улс төрийн хувьд ганцаардаж, цэрэг дайны бэлтгэл муу, хамаг анхаарлаа хойд зүгт Оросуудад хандуулаад байсан чухам ийм л эмзэг үед нь Манж, Оросуудтай үгсэн хуйвалдсан Зүүнгарын хаан Галдан бошгот их цэргийн хүчээр Халх руу довтолсон нь Монголд түмэнд харамсаж барамгүй уршигт үр дагаварыг авчирч Монголын түүхэн дэх урт удаан гашуун зурвас үейин эхлэлийг тавьсан юм.Гэндүүлэн довтолсон амжилтандаа эрдсэн Галдан бошгот Халх Монголын газар нутгийг нь түймэрдэн шатааж, ард иргэдийг нь алж хядан, язгуур угсаат ихэс дээдсийг нь хоморголон хөнөөх бодлого явуулж байсан тул Халхын ноёдууд ард иргэдээ аван хойш урагш таран зугтаж Манж чин улс, Хөх нуурын хязгаар, мөн саяхан дайтаж байсан Орос лугаа одох болжээ.
Цагийн ороо бусгаа энэ үед хожмоо Халхын Сайн Ноён Хан аймаг хэмээн тусгаарласан, тухайн үейин Түшээт ханы харьяа Түмэнхан ноёны угсааны сурвалжит бэр нэгэн бүсгүй өнчин хоцорсон нялх балчир хоёр хөвүүнээ дагуулан олны хамтаар өмнө зүг дайжин одсон аж. Галдан бошготын гарт орж гарцаагүй хөнөөгдөх аюулаас дайжин бэлэвсэн эхийгээ даган одсон өөдсэн чинээ өчүүхэн балчир хоёр хөвүүний бага нь хожим түүхнээ эфү гэж алдаршсан Халх Монголын суу билэгт авьяаслаг жанжин Цэрэн байжээ.Багаас эрдэм номд шамдан суралцаж цэрэг дайны арга барилд сайтар боловсорсон Цэрэн зориг тэвчээр, авхаалж самбаа, оюун билгээрээ бусдаас илтэд ялгаран Манжийн дээдэст ихэд тоогдож байсан гэх ба Манжийн хаан өөрийн хамгийн хайртай охиноо түүнд гэргий болгон өгч байсан нь хямсгар ихэмсэг Манжууд Цэрэнгийн авьяас чадварыг хэрхэн өндөрөөр үнэлдэг байсны тод илрэл юм.Бага залуу насандаа Манжийн хааны үзэсгэлэнт охиныг гэргий болгон авч суусанаар Эфү буюу хүргэн хэмээн нэрийдэж алдаршсан алтан ургийн тайж угсаат Цэрэн тухайн үейин Халх түмэнд төдийгүй, ер нь нийт Монголын түүхэнд гарсан цэрэг улс төрийн хамгийн гарамгай суут жанжнуудын нэг байсан гэдгээ хожим нь өөрийн түүхэн үйл ажиллагаагаараа батлан харуулсан байдаг.Төв Ази, Түвдийн өндөрлөг, Казах, Түрэг, Чантуу , лалын шашинтнуудыг дайлан дагуулж, удаа дараагийн,эцэс төгсгөлгүй дайн тулаанаар хатуужин чангарсан Зүүнгарын хүчирхэг арми 26,000 мянган дайчидтай их цэргийг Хангайн нурууны ар зоонд тосон авч зөвхөн өөрийн болон зэргэлдээх Халх хошуунуудаас бүрдсэн 15,000 орчим Халх цэргүүдийг удирдан тулж тоо, хүч, туршлагаар нэн давуу дайснаа бут цохин ялсан нь Эфү Цэрэнгийн хамгийн анхы бие даасан томоохон ялалт байсан төдийгүй эр зориг, суу ухаан, авьяас чадварын томоохон сорилт, түүний цааш цаашдын улс төр, дайны суут ялалт, амжилтуудынх нь үндэс болсон юм.
1731 оны зун Түшээт ханы нутаг болох Сүх Алдах, Үдийн Сөл, Цагаан Сөл гэх газаруудад болсон энэхүү тулаан нь 1688 оны Галданбошготын дайнаас хойш даруй 43 жилийн дараа болсон Халх Зүүнгарын хоорондын анхны том байлдаан байсан төдийгүй 1727 онд Цэвээнравдан хааныг нас нөгчихөд хаан ширээг нь залгамжлан суусан Галданцэрэнгээс Халхын эсэрэг хийсэн бүтэлгүй дайнуудын эхлэл байсан юм.Энэ тулаан нь Манж нарын зүгээс Халх Зүүнгарын зөрчлийг дэвэргэх хорт бодлого, тэдний хоорондын зэвсэгт мөргөлдөөнд бодит байдал дээр хэрхэн ханддагийг тодоор харуулсан гэх ба, цэрэг дайны урлаг талаасаа судлаачидын анхаарлыг зүй ёсоор татдаг юм.Халхыг байлдан дагуулахаар Галданцэрэн хааны итгэлт жанжид болох, бүр Цэвээнравдан хааны үеэс идэр залуугаараа авьяас чадвараараа гайхагдаж зөвхөн Халх Монгол, Дөрвөн Ойрдад төдийгүй Ойрхи Дорнод, Төв Азид нэр түгэн алдаршиж, Түрэг, Казах, Түвдийг байлдан дагуулж, Манжийн хүчирхэг армийг Хөх Нуур, Түвдэд удаа дараа бут ниргэн тэдэнд гүнээ айдас төрүүлдэг байсан Зүүнгарын алдарт ах дүү жанжид, их бага хэмээн нэрийдсэн Цэрэндондовууд их цэргээ өөрсдийн биеэр удирдан ирсэн гэх ба тэд ялалтандаа ихэд итгэлтэй байсан аж. Дайн тулааны арвин туршлагатай алдарт Цэрэндондовтнуудын давуу хүчийг зөвхөн Халх цэргийн хүчээр ялж хөөн гаргасан энэхүү тулаан нь Эфү Цэрэнгийн дайн тулаанд авьяастай, эрэлхэг жанжин байсныг харуулаад зогсоогүй, хүчээ нэгтгэн оновчтой зөв удирдлагад байвал Халх Монголчууд суут эцэг өвгөд, Чингис Богдынхоо жишигээр эрэлхэг зоригтой дайтаж ялалт байгуулах чадвартай бөгөөд тэднийхээ эр зориг, авьяас чадварыг хадгалан үлдсээр байсаныг батлан харуулсан юм.Тухайн үед нэн хүчирхэгжиж байсан Манж Чин Улсад улс төр, цэргийн холбоотон болон орсон Халхад Зүүнгарын их цэрэг довтлон Манжийн их цэрэг бүхий харуулын хажуугаар “тойрон” огт эсэргүүцэлгүй, ямар ч тулаангүйгээр өнгөрч Халхын нутгийн гүнд орж ирэн түйвээсэн нь хачирхалтай байсан ба, Зүүнгарын давуу хүчний эсэрэг Цэрэнгийн хүссэн цэргийн тусламжийн хариуг Манж нар өгөлгүй огт хайхрахгүй өнгөрөөсөн нь Цэрэнд их л сэжигтэй санагдсан төдийгүй Халхчуудын зүгээс Манжид итгэх итгэлийг ихэд бууруулсан байна.
Зүүнгарын арми Халхын нутгийн гүнд тэр дундаа Эфү Цэрэнгийн хошууны нутагт ямар ч саадгүй нэвтэрэн орж замд тааралдсан бүхнээ устган энгийн ард иргэдийг алж хядан, адуу мал, эд хөрөнгийг нь дээрэмдэн их хохирлыг учируулав. Байдал иймийн тул Эфү Цэрэн бодит байдалд дүн шинжилгээ хийж, холбоотон хэмээх Манж болон Халхын бусад ноёдын цэргийн тусламж нь огт найдваргүй хуурмаг гэдгийг ойлгон маш оновчтой шийдвэрийг бие даан гаргаж, өөрийн шууд удирдлагад буй цэргин хүчээр дайсантайгаа тулах шийдвэрийг гаргасан байна.Хожим Зүүнгарын хаан Галданцэрэнгийн удаа дараагийн довтолгооны эсэрэг Цэрэнгийн бие даан явуулсан олон амжилттай байлдаан болон бусад үйл ажиллагаанаас ажиглахад Цэрэнгийн зүгээс Манжид найдах хэрэггүй гэдгийг бүрнээ ойлгож эх нутаг ард түмнээ хамгаалах ажиллагааг хэнээс ч үл хамаарсан, бие даасан бодлого дээр үндэслэн явуулж байсан нь илт байдаг.Манж чин улсын төрийн бодлогын хуурамч нүүр царайг илчлэн харуулсан, Халх Монголын цэрэг армийн, ялангуяа Цэрэнгийн эр зориг, ур чадварын шалгуур бослон энэхүү тулаанд өмнөх жилүүдэд цэвэр Манж цэргийн бүрэлдхүүнтэй томоохон отрядуудыг бут цохиж ихэд омогшсон Цэрэндондовуудаас гадна Зүүнгарын нэртэй жанжид болох Хайлунь, Манж (ойрд хүний нэр) нарын зэрэг олон шилдэгүүд нь оролцсон гэх ба ихэнх нь энэ тулаанд алуулсан аж. Халхын талаас Түшээт Ханы Боохой тайж (Боохой, Бахай, Багахай гэх хувилбарууд буй ба Боохой Данзан гэдэг шиг Боохой хочоороо алдаршсан байж болно гэж үзэв.) гэх эрэлхэг эрийн удирдсан 600 хүнтэй шилдэг отряд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэх ба тус отряд зүүнгарын гол хүчийг эр зоригтойгоор дайрч задлан бутараах, хүчийг нь сарниан үхрийн баас мэт таслан цувуулах үүргийг гүйцэтгэж байжээ. Бие биеэс зайтай тасралдан цувсан Ойрдын гол хүчийг Халхын цэргүүд тус тусд нь хиар цохин ялсан гэдэг. Жишээ нь нэгэн удаагийн тулаанд Боохой шилдэг отрядаа удирдан Ойрд цэргийн гол хүч рүү гэнэдүүлэн дайрч олон цэргийг алж, захаас нь гурван хүнийг амьдаар нь олзлон зугтсан байна. Цэрэндондов жанжин Боохойн араас өөрийн итгэлт жанжин Гүнцэгжав Хар Баатарт гурван мянган хүнтэй отрядаа өгч мөрдүүлсэн гэх ба, Боохой ялагдан зугтсан дүр үзүүлж улам цааш холдон зугтаж нэхэн мөрдөгчидийг гол хүчнээс нь таслан дагуулан явсаар эфү Цэрэнгийн гол хүч хориглон нуугдсан отоонд оруулж дайснаа бүгдийг нь хиар цохисон гэдэг.
Түүхэн баримтуудаас харахад Сүх Алдах, Үдийн Сөл, Цагаан Сөл гэх газаруудад болсон гол байлдаанудад Эфү Цэрэнгийн зүгээс Зүүнгарын давуу хүчний эсэрэг хэрэглэсэн тулааны арга зам нь нэн гайхамшигтай бөгөөд эзэн Чингисийн үейин Монголын адарт жанжид Зэв, Сүбэдей нарын гавьяаг давтахуйц онцгой авьяас чадаварыг харуулсаныг түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээжээ.Зүүнгарын зүгээс Халхыг ахин дээрэмдэн талах, Цэрэнд ялагдсан өшөөгөө авах зорилготой дараачийн байлдааны ажиллгааа нь Зүүнгарын цуут жанжид ах дүү Цэрэндондовууд Халхын эфү Цэрэнд ялагдсан байлдаанаас яг нэг жилийн дараа буюу 1732 оны зун болжээ.Энэ удаа Зүүнгарын хаан Галданцэрэн цэрэг дайны бэлтгэлийг сайтар базааж өөрийн биеэр 40,000 аас илүү тоот (Зүүн гарын их цэргийн тоо 40-50 мянга орчим байсан гэдэг) их цэрэгээ удирдан Халхын нутгийн гүн лүү ахин ямар ч байлдаан, тулаан саадгүйгээр цөмөрөн орж иржээ. Ховд, Заг Байдарагт байсан гэх Манжийн харуулууд, тухайлбал Манжийн цэргийн их жанжин Марсайгаас Галданцэрэнгий цэрэгийг мөн л ямар ч эсэргүүцэлгүйгээр оруулсан байсан ба Бээжинд суух Манжийн хаан ч байдлыг сайтар мэдэж байсан нь чухам л Монголыг Монголоор хөнөөлгөх, болж өгвөл бүр хоюуланг нь бие биеэр нь устгуулах бодлогын тод жишээ болсон юм. Овжин Манжууд хожим нь Халхуудыг хууран жүжиг тавьж Марсай жанжиндаа хариуцлага алдсан тул шийтгэл хүлээлгэв хэмээн зэрэг дэвийг нь буулгасан дүр үзүүлсэн гэдэг.
Зүүнгарын Галданцэрэн хаан их цэрэгийг авчиран Халхад ахин цөмрөн орлоо бүр Сайн Ноён Ханы нутаг, эфү Цэрэнгийн төрсөн Тамирын гол орчмыг эзэлж түйвээж байна гэх мэдээгээр Халхын ноёдууд өөр өөрсдийн хошуудаас цэрэг цуглуулан ойрдуудтай дайтахаар илгээсэн аж. Ингээд Чин Ван Данзандорж, зоригт тайж Боохой тэргүүтэй Халхын ноёдын зөвлөлөөс өмнөх жилийн дайнд онцгой гавьяа байгуулж авьяас чадвараа харуулсан Цэрэнд итгэл үзүүлэн Түшээт ханы голдуу хошуудаас ирсэн их цэргийг удирдах эрхийг өгсөн байна. Энэ дайнд Халхын зарим ноёд “ойрдууд манаи хошуунд довтлоогүй” гэх шалтгаанаар оролцоогүйн улмаас зарим хошуудаас цэрэг огт ирээгүй тул Эфү Цэрэнгийн удирдлагад дөнгөж 30,000 хүрэхтэй үгүйтэй цэрэг байсан гэдэг.Галданцэрэнгийн давуу хүчийг хэрхэн цохихоо Цэрэн сайтар бодож боловсруулсан ба шууд бөөн хүчний шийдвэрлэх тулаан хийх нь хүч тэнцвэргүй байсан тул бөөн хүчний тулаанаас зайлсхийж дайсныхаа их хүчийг уулгамдан бутарааж сарниан цувуулан цохих нарийн төлөвлөгөө боловсруулсан гэдэг. Цэрэнгийн шийдмэг ажиллагаа, ухаалаг, зоримог бодлогын хүчинд төлөвлөгө амжилттай хэрэгжиж Галданцэрэнгийн гол хүчийг одоогийн Архангай аймгийн нутаг Хэрсэн Чулуу, Хар Шанд гэдэг газаруудад отоонд оруулан бут цохисон ба дээрэмчидийн үлдэгдлийг хөөсөн жижиг тулаанууд Тэс, Нөмрөг, Тэрих Цагаан нуур, Байдараг гол, Орхон гол, Эрдэнэ Зуугийн хийдийг дамнан бүр Алтайн өвөрийг давтал үргэлжилсэн гэдэг. Өдөр шөнийг үл ялган уулын хяр газрын өндөрлөгөөр нисэх мэт шуурхайлан давхиж дайсныхаа байрлалыг цаг мөч тутамд тагнан мэдэж байсан Халхын цэргийн туршуулын шилдэг отряд нь Халхын армийг энэ дайнд ялахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал Цэрэн жанжины итгэлт нөхөр Түшээт Ханы Туга-гүн (Тогоо гүн, Туга гүн гэх зэргээр бичигдсэн нэр байв) гэх нэгэн баатарлаг эр байсан ба тэрвээр мянган бээрийн газрыг хоромхон хугацаанд туулах чадвартай төдийгүй уул толгодын оройд дүүлэн гарч бүргэдийн дүрд хувилан далавчтай мэт дүрийг үзүүлэн зүсээ нууж дайснаа тагнан мэддэг байсан ба түүнийг ойрдууд огт ажиглахгүйгээр өнгөрдөг байсан ажээ.Харамсалтай нь Галданцэрэнгийн гол хүчийг бут цохиж ялсан Хэрсэн Чулуу, Хар Шандын гол тулааны дараа Халхын ихэнх ноёдууд дайн дууссан хэмээн үзэж өөр өөрсдийн хошууны цэрэгийг авч таран явцгаасны улмаас Цэрэнгийн хүч тооны хувьд ихэд цөөрч Галданцэрэнгийн ялагдсан цэрэгийн үлдэгдлийг үлдэн хөөж цохиход ихэд хүч дутагдалтай байж багагүй бэрхшээлийг туулсан гэдэг. Гэсэн ч гол тулаанаас хойш үргэлжилсэн 10 гаруй жижиг тулаанд Цэрэн бүгдэд нь ялалт байгуулсан аж. Галданцэрэнгийн үлдэгдлийг нь мөрдөн хөөж сунжиран үргэлжилсэн байлдаанд Халхын Сүндэб тайжийн удирдсан мянгат отряд гарамгай гавьяа байгуулсан гэж бичигдсэн байна. Халдаар ирсэн Галданцэрэнгийн их цэргийг бут цохин ялсан энэ байлдаан нь түүхэнд Халх Зүүнгарын хооронд болсон хамгийн том тулаан байсан ба цар хүрээгээр өмнхө тулаануудаас тухайлбал 1688 онд болсон Галдан бошготын дайн, мөн өмнөх жил нь буюу 1731 онд болсон Зүүнгарын Цэвээндондовуудын халдаар ирсэн дайнаас том илүү олон цэрэг оролцсон хүрээтэй байсан юм.
Зөвхөн Халх цэрэгийн хүчээр явагдсан энэхүү байлдаануудад Манж нар цэрэг зэвсэгийн байтугай ямар ч туслалцаа үзүүлээгүй ба тийм ч учираас Халхын зарим ноёдын зүгээс Манжуудыг урьдны адилаар ойрдуудтай, Галданцэрэнтэй эрх ашигийн ямар нэгэн тохиролцоо, нууц хуйвалдаан хэлэлцээртэй байсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ. Үүний ч улмаас Цэрэн дараа дараачийн үйл ажиллагаандаа, ялангуяа гадаад бодлогын тал дээр Манжуудын оролцоог багасагах, аль болох бие даасан бодлого явуулах чигийг баримталж байсан нь харагддаг ба Халх Монголын эрх ашигийг хамгаалах тал дээр тэрбээр туйлбартай зогсож байв. Тухайлбал Орос болон Зүүнгартай хэлэлцээ хийж Халх Монголын хилийн зурвас тогтоох ажиллагааг Цэрэн өөрийн биеэр удирдан оролцож байсан төдийгүй, хэлэлцээ будлих үед Халх Монголчууд эх нутагаа цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах чадвартай гэдгийг Оросуудад сануулах зорилгоор үхэр буугаар буудан ёслол хийж, Зүүнгарын дайнд ялсан Халх Цэрэгээ жагсаан морьт цэрэгийн марш хийн сүрийг үзүүлж байсан баримт бий аж. Сонирхолтой нь эфү Цэрэн ийм үйлдэл хийсэнийхээ төлөө Манжийн төрөөс шийтгэл хүлээн зэрэг дэв буурч байсан байна.Цэрэн хэдийгээр Халхын Түшээт Ханаас салбарлан гарч хожмоо Сайн Ноён Хан хэмээн нэрийдэх болсон аймгийн нэгэн хошууны захирагч үе залгамжлагч ноён байгаад Халхын бусад томоохон ноёд, тайж нараас зэрэг дэв, албан тушаалаар бага байсан ч өөрийн авьяас чадвар, оюун ухаан, эр зоригоор тодорон гарч Халх Монголын төрийн үйл хэрэгт бусдийгаа оройлон оролцдог байсан нь түүний түүхэн амьдралаас тодорхой харагддаг.Тухайн үедээ нэн хүчирхэг байсан Зүүнгарын хаант улсын армийг алдарт их бага Цэрэндондов жанжидтай нь, хүчирхэг Галданцэрэн хаантай нь хамт удаа дараа бут цохиж ахин сэхэхгүй болтол нь даран Халх Монголын ард түмнээ сүйрэл хоморголон хядагдах аюулаас хамгаалсан Цэрэн нь түүхэнд маш ховор төрдөг суу билэгт хүмүүсийн нэг гарцаагүй мөн юм. Газар нутгийн хол, Халх Монгол, Өмнөд Монголоор Манжуудаас тусгаарлагдсан байршилдаа дулдуйдсан Зүүнгарын үе үейин хаад эв аргын хүчээр Монгол үндэстнийг нэгтгэн зангидахын оронд, Халх Монголыг ганцаардуулан сулруулах бодлогыг хэдэн арван жилийн турш тууштай явуулж, улмаар дотоод гадаад зөрчилийг нь дэвэргэн эмзэг үед нь цэргийн хүчээр гэндүүлэн дайрсан нь хожмоо нийт Монголд түмэнд харамсаж барамгүй уршигт үр дагаварыг авчирсан юм.
Галдан Бошготын үед сибирийн нүүдэлчдийн хэд хэдэн улсыг эзэлсний гадна Гималайн уулс буюу төвдийг бас хүрч, ийн Баруун Монголыг Каспийн тэнгисийн эрэг хүртэл өргөтгөж тэлэв. Энэ нь хуучин Цагаадайн улс сэргэн босч зүг зүгт хуучин хил хязгаараасаа халин гарсан нь хээр тал нутгийг бүгдийг эзлэн авахыг эрмэлзсэн мэт байв. Ингээд Галдан Бошгот дорно зүгт уугуул монгол буюу халхыг манжаас өрсөн эрхшээлдээ авах арга сүвэгчлэв. Тэрбээр энэ үед Зүүнгар улсдаа цэрэг-захиргааны төвлөрсөн нэгдмэл удирдлага бий болгож, өмнө нь тогтож байсан ойрадын чуулганы зохион байгуулалтанд байсан хунтайж, тайш цолыг хүчингүй болгон, улсаа дөчин хоринд хувааж тэдгээрийг зайсан, дэмч, шүүлэнгэ нарт тус тус харгалзуулан захируулж хааны буюу төвлөрсөн эрх засаглалыг бэхжүүлэв. Энэ нь Галдан Бошгот эртний хүннүгээс эхлээд Их Монгол Улсад уламжлан ирсэн цэрэг-засаг захиргааны тогтолцоог өөрийн улсын түүхэн өвөрмөц онцлогт уялдуулан зохицуулсан хэрэг байв.
Энэ үед халхын Засагт хан Норов нас барсны дараа түүний ширээг залгамжлах асуудал хямрал дагуулан өргөжив. Засагт ханы ширээний төлөө тэмцэлд хөндлөнгөөс идэвхтэй оролцсон халхын Түшээт хан Чахундорж, ойрадын Галдан бошгот, мөн Манжийн Энх-Амгалан хаан нар өөр өөрийн эчнээ бодлоготой байсан юм. Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаралтай элч илгээн, байдлыг намжаан чуулган хуралдуулж, халхын асуудлыг зохицуулахыг оролдсон нь өнгөн дээрээ амжилггай болсон мэт байвч бодит үр дүн гарсангүй. Харин эцсийн бүлэгт Галдан Бошготын дэмжиж байсан Шар Засагт хан болов. Галдан Бошгот ийнхүү Засагт ханыг өөрийн холбоотон болгон халхад өөрийн нэр нөлөөг өргөтгөх болов. Хэтийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Галдан Бошгот Засагтхантай үйл ажиллагаагаа улам няггруулж, халхыг манжид алдахгүй бэлтгэлийг хийж, юуны өмнө халхад мянгаад лам нарыг урьдчилан оруулж, манжаас нүүрлэж буй түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх нь чухал гэдгийг халхуудад ухуулжээ. Мөн өөрийн дүү Доржжавыг 300 цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд ирүүлж, өөрөө өргөөгөө зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ. Энэ үед Түшээт хан болчимгүй алхам хийж, хүргэн Лувсангомборавдангийн хамт нэг түмэн цэрэг авч хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галданы дүү Доржжав нарын олон хүнийг алж, хүн мал олныг олзлон авчээ. Энэ нь халх, ойрадын хооронд дайны галыг дүрэлзүүлэн асаав.
Манж нар энэ үед хоёр талын хоорондуур орж эвлэрүүлэхээр зуучилсан нь халхыг нөлөөндөө авах гэсэн Энх-Амгалан хааны далд бодлого байсны учир тухайн үед халх болон ойрадын хүчний харьцаа даанч тэнцвэргүй байсных юм. Баруунтаа дайн хийж үлэмж туршлага хуримтлуулан, дундад азийн ихэнх газар нутгийг эрхшээлдээ оруулснаар ойрадын хаан Галдан Бошготын нэр Хаант Орос болон Хөх нуур, Төвд, Манж Чин улсад ихэд алдаршиж байсан үе бөгөөд тиймээс Түшээт хан Чахундорж Галдантай хүч тэнцүүргүй тулалдаанд орж, халх ойродод эзлэгдвэл Манжид ашиггүй болох байв. Үүнээс үзэхэд Галдан Бошготыг манжийн Энх Амгалан хаан төв азийн улс төрийн тавцанд дахь өөрийн цор ганц хүчирхэг гол өрсөлдөгчөө гэж эхнээс нь анхааран үзэж байв.
Галдан бошгот Түшээт хан цэрэглэн өөрийн холбоотон Засагт хан ба түүний дүү Доржжав нарыг байлдан сөнөөснийг сонсоод 1688 оны хавар 2 түмэн цэрэгтэй халхын баруун хязгаараас дайран оржээ. Зүүнгар улсын арми Засагт ханы нутгийг эзлээд, Хангай уулын хойд этгээдээр давшин, баруун гарын Үйзэн Хатанбаатар, Сэцэн ноён, Илдэн тайж, Хөндлөн бошигт нарыг уулгалан олзолж давшин ирсэнд, Түшээт ханы хүү Галдандорж нар мөн нэгэн түмэн цэрэг авч Төмөртэй гэдэг газар Галдангийн цэргийг тосон гурван хоног зууралдан байлдсаны эцэст дийлдэн ухарчээ.
Энэ үед Данзан-Омбо, Данжила, Дугарравдан нарын захирсан Галдан Бошготын нөгөө цэргийн анги Эрдэнэзууг эзлэн авсан байна. Тэр үед Өндөр гэгээн Занабазар Эрдэнэзуугаас 2 өдрийн тэртээ газар байсан бөгөөд ойрадын цэрэг хийдийг эзэлснийг сонсоод, Түшээт ханы гэргий, хүүхдийг авч, яаран бууруулсан байна. Эцэст нь халхууд Түшээт хан Чахундоржийн удирдлага дор цэргээ хуримтлуулан, Олгой нуурын дэргэд шийдвэрлэх тулалдаан хийхээр эрслэн шийджээ. Халхын цэргүүд Олгой нуурыг ойрад цэргээс урьтан очиж, ашигтай байрлалыг эзлэн авъя гэж шийдээд цэрэг эмхлэн хөдлөв. Их цэргийн цуваа хэд тасран үргэлжилж байснаа Олгой нуурт дөхөж очоод хэдэн эгнээ болон өргөшиж дэлгээ маягаар урагшлав. Галдангийн цэрэг түрүүлэн халхын цэрэг ойртсоныг мэдэж, түр зогсон дайтах бэлтгэлээ хийжээ. Хотос хонхор, хамар толгойгоор үргэлжилсэн Олгой нуурын хажуу талд тулж ирээд, бие биеэ отон сахиж үүрийн гэгээг хүлээсэн байна.