Олгой нуурын тулалдаан
Олгой нуурын тулалдаан- Халх-Зүүнгарын дайны шийдвэрлэх тулалдаан юм. Олгой нуурын тулалдаанаар Халхын хангуудын нэгдсэн хүч Зүүнгарын хант улсын Галдан бошигт (1644-1697) хааны цэрэгт бут цохиулсан нь Халх Монголыг Манжид дагаар ороход хүргэсэн байна.
Халхууд Түшээт хан Чахундоржийн удирдлага дор цэргээ хуримтлуулан, Олгой нуурын дэргэд шийдвэрлэх тулалдаан хийхээр эрслэн шийджээ. Халхын цэргүүд Олгой нуурыг ойрад цэргээс урьтан очиж, ашигтай байрлалыг эзлэн авъя гэж шийдээд цэрэг эмхлэн хөдлөгсөн байна. Их цэргийн цуваа хэд тасран үргэлжилж байснаа Олгой нуурт дөхөж очоод хэдэн эгнээ болон өргөшиж дэлгээ маягаар урагшлав. Галдангийн цэрэг түрүүлэн халхын цэрэг ойртсоныг мэдэж, түр зогсон дайтах бэлтгэлээ хийжээ. Хотос хонхор, хамар толгойгоор үргэлжилсэн Олгой нуурын хажуу талд тулж ирээд, бие биеэ отон сахиж үүрийн гэгээг хүлээсэн байна.
Эхлээд ойрадын цэрэг хошууран бөөн хүчээрээ цөмрөн орох санаагаар дайран оров. Халх цэрэг эгнээгээ эвдүүлэхгүйг хичээн сөрөг дайралт хийж хатгалдав. Тоос шороо тэнгэрт хадаж, морьд янцгаах чимээ, илд бамбай хавиралдах дуун тоймгүй болж, алагдаж, шархдсан нэгнийхээ араас нь нөхөн орж ирсээр хоёр талын эгнээ эвдрэлгүй, нүүрлэсэн тулалдаан эхлэв. Олгой нуурын хөндийн энэ тулалдааны талбар дээр барагцаалвал хоёр талаас 2 түм нилээн гаруй хүн шууд нүүрлэн тулалдсан байна. Тулалдаан болсон өглөөнөөс үд нилээн хэлбийж ирэхэд хоёр тал цэргээ гэдрэг татан, тулалдаан түр амсхийлээ. Ингээд бие биеэ хэрхэхийг хүлээсэн мэт харж, газрын өндөрлөгийг эзлэх зорилготой хэд хэдэн дайралт харилцан хийгээд зууралдсан тулалдаанд хүргэлгүй шөнө болгож завсарлав. Маргааш өглөө нар битүүнээр хоёр тал жагсан хөдөлж, бие бие рүүгээ довтлон тулааныг үргэлжлүүлэв. Тулалдааны явцад нэг нь нөгөөгийнхөө хүрээг эвдэх гэж янз бүрээр хошууран дайрсан боловч харилцан амжилт олсонгүй. Хүн, малынхаа хүүрэн дээгүүр даван тулалдаж, тоос шороо тэнгэрт хадан, цэргийн бархираа, морины янцгаах чимээ улам их болов.
Энэ өдөр тулалдаан завсарласангүй, мэс зөрөлдсөөр байгаад оройхон тасарлаа. Гэвч шөнө дундын хирд бороо ширүүл эн орж байх үед Галдангийн цэрэг халхын цэргийн хүрээ рүү гэнэдүүлэн дайрч оржээ. Халх цэргүүд санд мэнд морьдоо барьж унаад эмхэрч чадаагүй байтал нь ойрадын тал ширүүн довтолсон тул халх цэрэг эсрэгцэн тулалдах дэгэндээ дөнгөж ороход халхын Шамба эрх дайчны тэргүүлсэн хошууч анги нэгэнт цохилтонд өртөн, ойрадын цэргийг барин тулалдах хүчээ задлан, олонх нь алагдаж, үлдэгсэд нь амь дүйн зугтаан тулалдааны талбараас зайлав. Халхын цэргийн хүрээ сэтрэн эвдэрч, дэгээ алдсан учир дайсантайгаа нүүрлэн тулалдах арга тасарчээ. Халхын цэргийн нилээд ноёд, даамлууд дийлдэж байгаагаа мэдмэщ харьяат цэргээ хам хум дагуулаад, Шамба эрх дайчны мөрөөр амь зулбан зугтаж эхэлсэн байна. Түшээт хан ч бүслэлтэнд орж яадгаа алдаж эхлэхэд түүний хүү Галдандорж 2 мянгат цэргээр эсрэг дайралт хийн, өөрийн биеэр тулалдааныг удирдан эцгийгээ хаалтнаас гарган авч дөнгөсөн байна.
Түшээт хан Галдан бошготын цэрэгт ийнхүү цохиулсны дараа Өндөр гэгээн Занабазарын хойноос зугтан, Манж чин улсын хилд шурган оржээ. Улмаар Манжийн хаанаас хүчин дэмжлэг авч эргэн тэмцэхийг бодсон боловч тэр хүсэл нь биелсэнгүй. Манж нар ийнхүү халхчууд шахагдан орж ирснийг далимдуулан өөрийн захиргаандаа тэднийг нэгмөр оруулах арга сүвэгчлэв. Өндөр гэгээн болон Түшээтхан тэргүүтэй халхчуул аргагүй нөхцөл байдалд манжийн өмнө зарим буулт хийж байсан боловч 1688 он хүртэл шууд тэдний хараанд орчихоогүй харьцангуй бие даасан байдалтай байгаад 1688 оны 9-р сард Ар Элстэй гэдэг газар чуулган чуулж, Манжид дагаар орох шийдвэр гаргасан байна.
Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн Манж, Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон бөгөөп энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв. Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм.
Галдан амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.