Шанхайн Хөрөнгийн бирж
Шанхайн Хөрөнгийн бирж (хятад. 上海证券交易所, англи. Shanghai Stock Exchange) БНХАУ-ын их газрын хамгийн том бөгөөд Ази тивд тэргүүлэгч биржүүдийн нэг юм. БНХАУ-д Шанхайн Хөрөнгийн биржээс гадна Бээжингийн (Beijing Stock Exchange) болон Шэньжений (Shenzhen Stock Exchange) хөрөнгийн биржүүд үйл ажиллагаагаараа тэргүүлдэг байна.
Шанхайн Хөрөнгийн бирж нь 2021 оны долдугаар сарын байдлаар 7.62 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том хөрөнгийн зах зээл болоод байна.
1891 онд анх Хятадад биржийн арилжааны систем анх байгуулагдаж байсан. 1930-аад он гэхэд Шанхай хот Хятадын болон гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаа, өрийн бичиг, засгийн газрын бонд, фьючерс арилжаалах боломжтой Алс Дорнодын санхүүгийн төв болон хувирчээ.
1941 оны 12-р сарын 8-нд Японы цэргүүд олон улсын төлбөр тооцооны газар болсон Шанхай хотыг эзэлсний дараа Шанхайн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа зогссон. 1946 онд Шанхайн хөрөнгийн бирж нээгдэж 3 жилийн дараа буюу 1949 онд Коммунист хувьсгал гарсны дараа дахин хаагдсан байна.
Сүүлд "Соёлын хувьсгал" болон бусад үйл явдлуудын дараа Хятад улс нээлттэй бодлого явуулсаны үндсэн дээр Шанхайн хөрөнгийн бирж 1990 оны 11 дүгээр сард дахин байгуулагдаж БНХАУ-ын Үнэт цаасны Комиссын (China Securities Regulatory Commission -CSRC) удирдлага, хяналт доор үйл ажиллагаагаа явуулдаг арилжааны бус байгууллага юм.
Тус бирж нь Ази, Далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн холбооны (англи. Asian and Oceanic Stock Exchanges Federation / AOSEF) гишүүн юм. Бирж дээр арилжаалагдаж буй хувьцааг А, Б гэж хоёр төрөлд хуваадаг. А төрлийн хувьцааг юаниар арилжаалдаг. B-хувьцаа нь 1990-ээд оны дундуур зөвхөн оршин суугч бус хүмүүст зориулагдсан бөгөөд ам.доллараар арилжаа хийдэг байна. 2014 оны аравдугаар сараас хойш Хятадын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад Хонконгийн хөрөнгийн биржийн брокероор дамжуулан Шанхайн Хөрөнгийн бирж дээр 500 гаруй томоохон компанийн хувьцааг арилжаалахыг зөвшөөрсөн юм.
Үндсэн индекс — SSE Composite — тус бирж дахь бүх компаниудын үзүүлэлтийг харуулдаг.
2019 онд Шанхайн хөрөнгийн бирж NASDAQ-тай өрсөлдөгч болох STAR зах зээлийг эхлүүлсэн бөгөөд зөвхөн технологитой холбоотой компаниудыг оролцуулсан байна.
Шанхайн Хөрөнгийн Биржийн Топ 10.
[засварлах | кодоор засварлах]2020 оны 8 сарын байдлаар.
- Kweichow Moutai (2,174 billion)
- Industrial and Commercial Bank of China (1,339 billion)
- Agricultural Bank of China (1,027 billion)
- China Life (897 billion)
- Ping An Insurance (829 billion)
- China Merchants Bank (761 billion)
- PetroChina (717 billion)
- Bank of China (691 billion)
- Haitian Flavouring & Food (593 billion)
- Hengrui Medicine (499 billion)
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]Албан ёсны цахим хуудас:- http://english.sse.com.cn/