Альфред Гилберт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Альфред Гилберт
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Альфред Карлтон Гилберт
Төрсөн огноо 1884 оны 2 сарын 13
Төрсөн газар Салем, Орегон
Нас барсан огноо 1961 оны 1 сарын 24
Нас барсан газар Бостон, Массачусеттс
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лондон 1908 Тулгууртай харайлт

Альфред Карлтон Гилберт (англ. Alfred Carlton Gilbert, 1884 оны 2 сарын 13 – 1961 оны 1 сарын 24) нь Америкийн Нэгдсэн Улсын зохион бүтээгч, хөнгөн атлетикч, тоглоом үйлдвэрлэгч, бизнесмэн юм. Орегоны Салем хотод төрж, Массачусеттсын Бостон хотноо нас нөгчсөн Гилберт угсардаг тоглоомын цуглуулгыг зохион бүтээснээрээ ихэд алдаршсан.

Намтар[засварлах]

Гилберт Туалатин Академи болон Форест Гровын ойролцоох Номхон Далайн Их Сургуульд боловсрол эзэмшжээ. 1902 онд Йелийн Их Сургуульд шилжин суралцсан байна. Сургалтын төлбөрөө олохын тулд илбэ үзүүлдэг байсан тэрээр спортын анагаах ухаанаар зэрэг хүртжээ. Гилберт тулгууртай харайлтаар 2 удаа дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна 1908 оны Лондоны олимпод нэг багийн Эдвард Күүктэй ижил амжилт үзүүлэн, хамтдаа алтан медаль хүртсэн юм. Мөн ондоо тэрээр Номхон Далайн Их Сургуульд байхдаа танилцсан Мэри Томпсонтой гэрлэжээ. Тэд 2 охин, 1 хүүтэй болсон.

Гилберт мэргэжлээрээ ажиллалгүй, 1909 онд илбэнд хэрэглэгддэг материалуудын цуглуулга үйлдвэрлэдэг компанийг бусадтай хамтран байгуулжээ. Тус компани нь хожим А.К.Гилберт компани гэгдэх болов. 1913 онд угсардаг тоглоомын цуглуулгаа зохион бүтээжээ. Үүнийхээ санааг Нью-Йорк дахь Нью-Хавен, Хартфордын төмөр замын байгууламжаас авсан гэдэг. 1918 онд АНУ Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, Үндэсний Батлан Хамгаалах Зөвлөлөөс тоглоомын үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасныг Гилберт эсэргүүцэж амжилтад хүрсэн бөгөөд хэвлэлүүд түүнийг "Зул сарын баярыг аврагч хүн" хэмээн цоллож байлаа.

1935 он гэхэд тэр 30 гаруй сая тоглоомын цуглуулга зараад байлаа. Түүнээс гадна химийн цуглуулга, микроскопын цуглуулга болон бусад сургалтын зориулалттай тоглоомуудаар бүтээгдэхүүний шугамаа өргөжүүлж, өөрийн 50 жилийн намтартаа 150 гаруй патент эзэмших болжээ.

1954 онд Гилберт компанийн ажлаасаа хөндийрч, хүүдээ өвлүүлжээ. Мөн онд "Диваажинд амьдардаг хүн" (The Man Who Lives in Paradise) хэмээх нэртэй намтрын номоо хэвлүүлсэн байна. 1961 онд түүнийг нас барахад гэр бүлийнхэн нь Жэк Вратерт түүний эзэмшлийн хувьцааг зарсан ажээ.

Гадны холбоос[засварлах]