Баясгалангийн Бадам
Баясгалангийн Бадам (1898 - 1947) нь Байтаг Богдын тулалдаанаас төрсөн Монгол улсын баатар юм.
Тэрээр 1898 онд Шинжааны торгуудын Ачит бэйсийн хошуунд төржээ. 1939 онд төрсөн дүү Очирын хамтаар БНМАУ-д ирж, бүрэн эрхт иргэн болжээ. Тэрээр Монголд гэр бүл, мал хөрөнгөтэй болж, Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байгаад Ховд аймгийн Булган суманд нутаглан амьдрах болжээ.
Б.Бадам нь 1940-1947 оны хооронд БНМАУ-ын баруун хилээр цөмрөн, дээрэм тонуул хийж байсан Гоминданы хятад, казах дээрэмчидтэй удаа дараа баатарлагаар амжилттай тулалдаж байв. Өмнө нь Хятадын Гоминданы армид цэргийн алба хаасан, казах хүмүүстэй хаяа дэрлэн нутагладаг байсан Бадам казах, хятад хэлийг сайн мэддэг байв.
1947 оны 6 сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас үтэр түргэн зайлахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэн өгөхөөр Б.Чулуундайн хамтаар очиход нь баривчлан авчээ. Б.Чулуундайг буцаан явуулж, Б.Бадамыг Гоминданы хятад, казах цэргүүд олон улсын харилцааны хэм хэмжээг үл хэрэгсэн, манай улсын бүрэн эрхт элчийг элдвээр тамлан, эцэст нь үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан алсан байна.
Б.Бадамын цогцсыг нь зургадугаар сарын 5-ны өдрийн байлдаанаар дайсныг хилээс үлдэн хөөж гаргасны дараа олж, өөрийнх нь захисан газар Уушигийн эхэн усанд оршуулжээ. БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1968 оны 6-р сарын 14-ний 146-р зарлигаар Монгол улсын баатар цол нэхэн олгож, АИХТ-ийн 1983 оны 7-р сарын 9-ний 140-р зарлигаар хилийн 6-р отрядын Өргөстэйн заставыг эрэлхэг хүү Б.Бадамын нэрэмжит болгон мөнхжүүлжээ. Түүний хөшөөг Ховд аймгийн Булган сумын төвд байгуулсан байдаг ба дурсгалын самбарыг 1988 онд оршуулсан газар нь босгожээ.