Бумангийн Гонгор

Бумангийн Гонгор (1949-1994) нь Монголын хүүхдийн уран зохиолч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1949 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Хүрэн дэл хэмээх газарт төржээ. Тэрээр 1970-1972 онд Баянцагаан суманд хөдөлмөрийн багш, 1982 он хүртэл Заг суманд монгол хэлний багшаар ажиллаж байгаад 1982 онд УБДС-д элсэн орж 1986 онд төгсөөд Бөмбөгөр суманд хичээлийн эрхлэгчээр ажилласан байна.

Үүний зэрэгцээ Баянхонгор аймгийн Залуу зохиолчдын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж, олон авьяастны олмыг чангалж, уран бүтээлийн замд дөрөөнд нь сүү дусаан үдсэн гэдэг. Мөн тэрээр Баянхонгор аймгийн Ардчилсан холбооны анхны даргаар ажиллаж шинэ цагийн салхийг урин дуудалцсан бөгөөд “Цагаан лавай” сониныг эрхлэн гаргаж байжээ.

Бурууд нүд хурц, шулуун шударга зантай, үнэн үгтэй нэгэн байсны хувьд Б.Гонгор зохиолч хүүхдийн зохиолоос гадна нийгмийнхээ болж бүтэхгүйг шүүмжилсэн шог шүлгүүд олныг бичсэн байна. Эдгээр шүлгийг нь түүний хүү сэтгүүлч, орчуулагч Г.Идэрхангай эмхэтгэн “Хүнийг бүү зовоо” нэртэй бие даасан ном болгон саяхан уншигчдын гар дээр тавьсан.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Б.Гонгор нь 1975 оноос хүүхдийн уран зохиол оролдож “Шинэ сурагчийн үг” /1977/, “Хөөг хөөг, сөөг сөөг” /1982/, “Алаг чулуутай нутаг” /1989/ зэрэг хүүхдийн шүлгийн номууд хэвлүүлжээ.

Түүнчлэн “Цог”, “Монголын эмэгтэйчүүд”, “Залгамжлагч”, ”Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн”, ”Лениний зам” зэрэг төв, орон нутгийн сонин сэтгүүлд хүүхдийн зохиолууд нь хэвлэгдэн, шог зохиолууд нь “Тоншуул” сэтгүүлд нийтлэгдэж Хонгор нутгийн Гонгор зохиолчийг олноо таниулсан байна. Мөн “Бөмбөр”, “Баянбайдраг” түүвэрт түүний бүтээлүүд багтсан юм.