Бөө мөргөл
Бөөгийн тахилга ёс нь антропологич Тайлорын онолоор бол “ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг” гэж эртний хүмүүс ойлгож иржээ.[1] Иймээс тэднийг аргадаж тайвшруулахын тулд янз бүрийн тахилга үйлдэж ирсэн гэж үздэг. Эртний хүмүүс өөрт нөлөөлж буй далдын хүчийг муу тэнгэр, сайн тэнгэр гэж хуваан үзэж сайныг нь хөхүүлэн дэмжиж, мууг нь зайлуулах олон төрлийн янз бүрийн ёслол бий болгосон гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн шашнууд үүсэхээс өмнө бий болсон шүтлэгийн хэлбэрийг бөө мөргөл хэмээн үздэг. Монгол хүний оюун санаанд эртнээс нааш уламжлан ирсэн шүтлэг бол бөө мөргөл юм. Овог аймгууд НТӨ III зууны үед ангит нийгэмд шилжихээс өмнө хүй нэгдлийн зохион байгуулалтанд байсан учраас бөө мөргөл нь шинэ чулуун зэвсгийн үеэс шүтсээр ирсэн нэлээд эртний шүтлэг ажээ. Өөрөөр хэлбэл, шүтлэгийн анхдагч хэлбэр бөгөөд өвөг дээдсийн сүнс, тэнгэр, газрын эздэд итгэж ирсэн сүсэг бишрэл юм. Эртний монголчууд байгаль, ертөнц, хүн ба амьтдын цаана тэр бүгдийг харж ханддаг тусгай эзэн тэнгэр нуугдаж байдаг гэсэн ойлголттой байв. Эл ойлголт нь бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийн гол үндэс болж бүрэлдэн тогтжээ.
Гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]НТӨ 209 онд байгуулагдсан анхны төрт улс Хүннүгийн Модун шаньюй аймгийн толгойлогчдыг цуглуулж цагаан сар болон луу сард өвөг дээдэс, тэнгэр, дэлхий, онгон, хайрхан савдагуудад зориулан тахилга үйлддэг байснаас гадна Шаньюй өөрөө өглөө бүр наранд, орой бүр саранд мөргөл үйлддэг байсан байна. Сяньби улсын толгойлогч Таньшихуайн үед ч бөө мөргөлийг шүтэж байсан бөгөөд түүний дараа киданчууд ч бөө нараар төлгө буулгуулан тэнгэр газрыг тахих их тахилга үйлддэг байжээ.
Их Монгол Улсын үед төрийн бодлогод бөө мөргөл хүчтэй байр суурь эзэлж байсан бөгөөд жирийн айл өрхөөс эхлээд хааны орд өргөөнд хүртэл бөөгийн шүтээн онгод хамгийн хүндтэй байранд залагддаг байжээ. Монголын их хаадын ивээл дор байсан загалмай, будда, исламын санваартнууд монголчуудыг бөө мөргөлөөс нь салгаж нэг шүтээнтэй болгохоор оролдож байсан ч амжилт олдоггүй байв. Бөө мөргөлийн үзлээр бол айл гэр бүрийг тэнгэрт хальсан өвөг дээдсийн сүнс нь ивээж байдаг. Онго нь өөр өөр байх бөгөөд тухайлбал, мал сүрэг өсгөдөг онго, сүү сааль арвижуулдаг онго гэх мэт олон төрөл юм. Гэвч улс гүрэн өргөжин тэлэхийн хэрээр олон янзын шүтлэгтэй улс орнууд нэгэн төрд захирагдах болсноор шашны олон урсгал нэвтэрч бөө мөргөлчдөөс гадна буддын, христийн, исламын шашин дэлгэрч сүм хийдүүд байгуулагдах болсгоор бөө мөргөлийн хүч суларч иржээ. Чингис хааны залгамжлагч хаадууд ч бөө мөргөлийг төрийн нэгдмэл үзэл суртал болгож болохгүйг ухаарчээ.
Дундад зууны үе
[засварлах | кодоор засварлах]XYI зуунд буддын шашныг төрийн шашин болгосноор бөө мөргөл шахагдан монголын хязгаар нутагт л үлдсэн ажээ. Бөөгийн язгуур шинжийг авч үлдсэнийг “харын бөө”, язгуур шинжээ алдаж буддын шашны зан үйл, номлолоос авсныг “шарын бөө” хэмээн нэрлэж заншжээ. 1920-1990-ээд он хүртэл бөө мөргөл нь үндсэндээ устаж алга болох шатанд орсон боловч 1990 оноос хойш дахин сэргэх хандлагатай болсон байна.
Бөөгийн ёсноос үзэх юм бол, эрт цагт дэлхий болон сансар ертөнц нэгдмэл нэг зүйл байгаад тэнгэр нь эх газраас салж, түүний дээр дахин шинээр үүсч бий болсон ажээ. Тэр үеэс эхлэн газрыг “эм хүйс”, тэнгэрийг “эр хүйс” гэж үзэх болж, хүн үхэхэд сүнс нь тэнгэр рүү явж бие нь газарт шингэдэг гэсэн ойлголтоор монголчууд тэнгэрийг “эцэг буюу сүнсний эзэн”, газрыг “эх буюу биеийн эзэн” гэж итгэж иржээ. Гол шүтээн болсон эзэн тэнгэр нь хүн болон юмс үзэгдлийн хувь заяаг харж хамгаалах олон тооны сахиусыг захирдаг бөгөөд тэдгээр нь 99 тэнгэрээс бүрддэг хэмээн үздэг. Хүмүүст сайн сайхныг авчрагч баруун зүгийн 55 тэнгэр, муу ёрыг авчрагч зүүн зүгийн 44 тэнгэр байдаг гэж тайлбарладаг. Тэрхүү сайн зүгийн 55 тэнгэрийн 50 тэнгэр нь залбирдаг, 5 нь тахидаг тэнгэр ажээ. Тахидаг 5 тэнгэрийн эхнийх нь аливаа амьтны амь сүнсийг сахидаг Хисан улаан тэнгэр, хоёр дахь нь Цахилгаан цагаан тэнгэр, гурав дахь нь Одон заяаны тэнгэр, дөрөв дэх нь хүн малд хишиг хайрладаг Хөх манхан тэнгэр, тав дахь нь Заяач тэнгэр ажээ. Харин зүүн зүгийн 44 тэнгэрийн 40 нь залбирдаг тэнгэр бөгөөд 4 нь тахидаг тэнгэр ажээ. Нэг дэх нь идээ хишиг өгөгч Гүжир тэнгэр, хоёр дахь нь элдэв өвчнөөс авран хамгаалагч Боом махаш тэнгэр, гурав дахь нь морийг бэлгэддэг Атаа улаан тэнгэр, дөрөв дэх нь эвэртэй малын хишиг өгөгч Годил улаан тэнгэр байдаг гэнэ. Ингээд эдгээр баруун, зүүн зүгийн тэнгэрүүд хоорондоо үргэлж тэмцэлдэн байдаг учраас орчлон ертөнцийн сайн, муу үйлүүд тэдгээр тэнгэрүүдийн зөрчлөөс үүдэн хувирч өөрчлөгдөж байдаг хэмээн үздэг байна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Бөө мөргөл – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монгол орны аялал жуулчлал Ч. Буянбадрах