Жеймс Монро

Жеймс Монро

Жеймс Монро (англи. James Monroe; 1758 оны 4-р сарын 28-нд Виржини мужийн Вашингтон Перишд төрж, 1831 оны 7-р сарын 4-нд Нью-Йорк хотод нас барсан) - Америкийн улс төрийн болон төрийн зүтгэлтэн, АНУ-ын 5 дахь Ерөнхийлөгч (1817-1825); хуульч, дипломатч, АНУ-ыг үүсгэн байгуулагч эцгүүдийн нэг. Ж.Монро Ардчилсан Бүгд Найрамдах Намын гишүүн байсан юм. Тэрээр Америк тив дэх Европын колоничлолын эсрэг чиглэсэн АНУ-ын гадаад бодлогын зарчмуудыг тунхагласан "Монрогийн үзэл баримтлал" гаргаснаараа алдартай. Мөн Виржиниа мужийн амбан захирагч, АНУ-ын Сенатын гишүүн, Франц болон Их Британид суугаа АНУ-ын Элчин сайд, АНУ-ын 7 дахь Төрийн нарийн бичгийн дарга, 8 дахь Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Монро Виржиниагийн газар тариалан эрхлэгчийн гэр бүлд төрж, Америкийн эрх чөлөөний дайны үеэр эх газрын армид алба хааж байжээ. 1780-1783 онд тэрээр Томас Жефферсоны удирдлага дор хуулийн чиглэлээр суралцаж, дараа нь Тивийн Конгресст төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Монро Виржиниагийн Баталгаажуулах зөвлөлийн гишүүний хувьд АНУ-ын Үндсэн хуулийг батлахыг эсэргүүцэж байв. 1790 онд тэрээр Сенатын сонгуульд ялалт байгуулж, Ардчилсан Бүгд Найрамдах Намын удирдагч болжээ. Тэрээр 1794 онд Сенатыг орхин Францад ерөнхийлөгч Жорж Вашингтоны Элчин сайд байсан ч 1796 онд Вашингтон түүнийг эргүүлэн татав. Монро 1799 оны Виржини мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулж, 1800 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Т.Жефферсоныг шийдэмгий дэмжиж байсан.

Тэрээр ерөнхийлөгч Томас Жефферсоны томилсон Элчин сайдын хувьд Луизиана мужийг худалдан авах хэлэлцээрт тусалсны ачаар АНУ-ын газар нутаг бараг хоёр дахин тэлжээ. 1806 онд тэрээр Англитай хийх гэрээний төслийг (Монро-Пинкнигийн гэрээ) бэлтгэсэн боловч Жеймс Мэдисон татгалзсанаар Монро түүнтэй харилцаагаа тасалсан байна. Тэрээр 1808 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мэдисонтой өрсөлдөж чадаагүй ч 1811 оны 4-р сард Мэдисоны засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1812 оны дайны сүүлийн үе шатанд Монро Мэдисоны Төрийн нарийн бичгийн дарга, Цэргийн сайдын албыг давхар хашиж байв. Цэргийн удирдлагад байсан нь түүнийг Мэдисоны залгамжлагч болгож, 1816 оны ерөнхийлөгчийн сонгуульд Холбооны намын нэр дэвшигч Руфус Кингийг төвөггүй ялсан юм.

Ерөнхийлөгч[засварлах | кодоор засварлах]

Жеймс Монрогийн ерөнхийлөгч байх үе нь Холбооны нам (АНУ) үндэсний улс төрийн хүчний хувьд задран унасан эрин үетэй таарсан юм. Монро ерөнхийлөгчийн хувьд Миссури мужийг боолчлолтой гэж хүлээн зөвшөөрч, хойд өргөргийн 36° 30'-аас хойд хэсэгт боолчлолыг хориглосон гэрээнд гарын үсэг зуржээ. Гадаад харилцааны салбарт Монро, Төрийн нарийн бичгийн дарга байсан Жон Квинси Адамс нар Их Британитай эвлэрэх, Испанийн эзэнт гүрний эсрэг бодлогыг дэмжиж байв. 1819 онд Испанитай байгуулсан "Адамс-Онисын гэрээ"-ээр АНУ-ын Флорида мужийг авч, Шинэ Испанитай баруун хилээ тогтоожээ. 1823 онд "Монрогийн үзэл баримтлал"-аар тусгаар тогтнолоо олж авсан Америк тив дэх Европын аливаа хөндлөнгийн оролцоог АНУ эсэргүүцэж байгаагаа зарласан нь Америкийн гадаад бодлогод чухал ач холбогдолтой болсон юм. Монро чөлөөлөгдсөн боолуудын Африк дахь колонийг дэмжсэн Америкийн колоничлолын нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд тэдний байгуулсан Либери улсын нийслэл Монровиа хот түүний нэрээр нэрлэгджээ. 1825 онд тэтгэвэрт гарсны дараа Монро санхүүгийн хүнд бэрхшээлтэй тулгарсан байна. Тэрээр 1831 оны 7-р сарын 4-нд Нью-Йоркт нас барсан юм.