Монрогийн үзэл баримтлал

Монрогийн үзэл баримтлал (англи. Monroe Doctrine) — АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Монрогийн АНУ-ын гадаад бодлогын («Америк америкчуудад») зарчмуудын талаарх тунхаглал юм. Энэхүү үзэл баримтлалыг Ж.Монро 1823 оны 12-р сарын 2-нд АНУ-ын Конгресст жил бүр ханддаг илгээлтийн үеэр тунхаглажээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1822-1824 оны АНУ-ын газрын зураг.

Америк тивийг Европын гүрнүүдийн хөндлөнгийн оролцоонд хаалттай бүс гэж зарлах санааг Ерөнхийлөгч Монрогийн засаг захиргааны Төрийн нарийн бичгийн дарга Жон Квинси Адамс гаргасан юм. Учир нь 1822 оны сүүлээр Веронагийн Конгрессоор хэлэлцсэн Европын улсуудын Ариун холбооны төлөвлөгөө нь тусгаар тогтнолоо зарласан Латин Америкийн колониудад Испанийн ноёрхлыг сэргээх төлөвлөгөө байв. Уг Конгресст оролцогч Орос, Прусс, Австри - Францад Испанийн хувьсгалын эсрэг Ариун эвслийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, Испанийн хуучин эзэмшил газрууд руу дайтах эрхийг олгосон юм. Энэ шийдвэр нь Латин Америкийн талбарт Францын нөлөө нэмэгдэхээс эмээж байсан Их Британийн дургүйцлийг төрүүлсэн байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Жорж Каннинг АНУ-д хандан Ариун эвслийн санаа бодлыг эсэргүүцэх хамтын ажиллагааг зохицуулах санал тавьжээ. Хэдийгээр Америкийн ерөнхийлөгч асан Томас Жефферсон, Жеймс Мэдисон нар ийм хамтын эсэргүүцлийн алхам хийх шаардлагатай байгааг дэмжиж байсан ч 1812-1815 оны дайны үйл явдлуудыг харгалзан хүлээх нь зөв гэж үзжээ.

Ерөнхийлөгчийн илгээлтэд дэлхийг Европын болон Америкийн эрх мэдлийн тогтолцоонд хуваах зарчмыг дэвшүүлж, АНУ болон Европын улс орнууд харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үзэл баримтлалыг тунхаглав. Испанийн колониудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд төвийг сахисан байр сууриа АНУ тунхаглаж, Европын улсууд Америк дахь хуучин колони байсан улсуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа оролдлого нь АНУ-ын амин чухал ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх болно гэж анхааруулжээ.