Жон Жэймс Ричард Маклеод

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жон Жэймс Ричард Маклеод

Ж.Ж.Р. Маклеод. 1928 оны орчим.
Төрсөн огноо 1876 оны 9 сарын 6 (1876-09-06)
Шотланд, Пертшир, Клуни
Нас барсан огноо 1935 оны 3 сарын 16 (58 насалсан)
Шотланд, Абердин
Иргэншил Нэгдсэн Вант Улс
Үндэс Шотланд
Салбар Анагаах ухаан
Байгууллага Кэйс Вэстэрн Рэзэрв их сургууль
Төгссөн сургууль Абердиний их сургууль
Алдаршсан зүйл Инсулиныг нээлцсэн
Нэр хүндтэй шагналууд Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал (1923)

Жон Жэймс Ричард Маклеод (англ. John James Richard Macleod, 1876 оны 9 сарын 6– 1935 оны 3 сарын 16) нь Шотландын эмч, физиологич байв. Тэрээр инсулиныг хамтран нээсэн хүмүүсийн нэг гэгддэг бөгөөд уг нээлтийнхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн билээ.

Намтар[засварлах]

Маклеод Шотландын Пертширийн Клунид Роберт Маклеодын хүү болон мэндэлжээ.

1898 онд Абердиний их сургуулиас анагаах ухааны зэрэг хүртэж, Лайпцигийн их сургуульд жил хэртэй ажилласан байна. 1899 онд Лондоны эмнэлэгийн анагаах ухааны сургуульд физиологийн сургагчаар очоод, 1902 оноос тус сургуульдаа биохимийн ухааны лекц унших болсон байна. 1903 онд Охайо муж улсын Кливлэндэд байх, одоогийн Кэйс Вэстэрн Рэзэрв их сургуульд физиологийн ухааны профессороор ажиллаж эхлэв. Мөн 1918 онд Канадын Торонтогийн их сургуулийн физиологийн ухааны профессор болсон байна. 1928 онд Абердиний их сургуульдаа эргэж ирэн, физиологийн ухааны профессороор ажиллаж байгаад 1935 онд нас нөгчсөн бөгөөд түүнийг Абердин хотын Алленвэйл оршуулгын газарт нутаглуулжээ.

Маклеодын судалгааны гол ажил нь нүүрс-усны метаболизм, түүний үзүүлэх нөлөө байсан бөгөөд Фредерик Бантинг, Чарьлз Бэст нарын хамтаар чихрийн шижинг эмнэх үйлчилгээтэй инсулиныг нээсэн билээ. Үүнийхээ төлөө Бантинг, Маклеод нар 1923 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хуваан хүртжээ. Маклеод Нобелийн шагналын хагасыг хүртсэн боловч Бантингаас эхлээд олон хүн Маклеодын инсулиныг нээхэд оруулсан хувь нэмэр тун бага бөгөөд Бэстийн гүйцэтгэсэн үүрэг их байсан гэж бичиж үлдээсэн байдаг. Гэхдээ уг судалгаа нь Маклеодын төлөвлөгөө байсан бөгөөд түүний санаачлагаар хийсэн туршилтын үр дүнд инсулиныг дангаар нь ялган авч чадсан билээ. Өдгөө инсулиныг нээсэн тухайд Бантинг, Бэст нар Маклеод болон түүний хамтран зүтгэгч Жэймс Коллипийг түүхийн номнуудаас хасах зорилготой байсан байж магадгүй гэх үзэл байдаг. Бэст биш, Маклеод Нобелийн шагналыг хүртсэн нь тухайн үедээ ихээхэн дуулиан тарьж байжээ. Тэр Нобелийн шагналын мөнгөө Жэймс Коллиптой хуваалцсан гэдэг. Маклеод Физиологийн сүүлийн үеийн ололт (Recent Advances in Physiology, 1905); Чихрийн шижин, түүний эмгэг зүйн физиологи (Diabetes: its Pathological Physiology, 1925); Нүүрс-усны метаболизм ба инсулин (Carbohydrate Metabolism and Insulin, 1926) зэрэг 11 ном туурвисан.

Торонтогийн их сургуулийн анагаах ухааны тэнхимийн барилгын хурлын танхим түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Мөн 2005 Diabetes UK байгууллага Лондон дахь байраа түүний нэрэмжит болгожээ.

Эшлэл[засварлах]

  • Raju, Tonse N K (October 2006). "A mysterious something: the discovery of insulin and the 1923 Nobel Prize for Frederick G. Banting (1891-1941) and John J.R. Macleod (1876-1935)". Acta Paediatr. 95 (10): 1155–6. DOI:10.1080/08035250600930328.
  • Shampo, Marc A; Kyle Robert A (August 2006). "John J. R. Macleod: Nobel prize for discovery of insulin". Mayo Clin. Proc. 81 (8): 1006. DOI:10.4065/81.8.1006.

Гадны холбоосууд[засварлах]