Зуд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Зуд гэдэг нь зарим өвлийн улиралд тохиолддог цаг агаартай холбоо бүхий байгалийн гамшигт үзэгдэл юм.

Цас, хүйтэн хоёр хавсарсан зудыг цагаан зуд гэнэ. Цас байн байн их орж, хүйтний эрч эрс чангаран мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогддог.

Хар зуд гэдэг нь цас орохгүй боловч маш их хүйтрэн, малын өвс тэжээл хомсдон нэн ялангуяа унд усаар гачигдан, хүн мал идэш тэжээл, хүнсээр дутаж, зүдрэхийг хэлнэ.

Цагаан, хар зудын аль нь ч малчид, хөдөө нутгийнхан, улмаар улс орны эдийн засагт асар их хөнөөл учруулдаг байгалийн гамшиг учраас зудтай тэмцэхийн тулд зун намрын улиралд өвс тэжээл сайн базааж, малын хашаа хороо, худаг усаа сайтар засаж, дулаалан бэлтгэх их ажлыг цаг алдалгүй хийж чадвал гарз хохирол бага учирна.

Монголчууд "Бичин жилд заавал зуд болдог. Тэр тусмаа бүтэн жаранд нэг удаа тохиолддог хөх бичин жил айхавтар бэрх зуд болдог" хэмээн ярьдаг. Хамгийн сүүлчийн хөх бичин жил 1944-1945 оны өвөл болж, монгол орон тэр аяараа их зуд турханд нэрвэгдэн улсын нийт мал сүрэг үлэмж хоргодож, дэлхийн хоёрдугаар дайнтай зэрэгцсэн их гамшиг тохиолдсон байна.

Мөн 1992 оны өвөл болсон зуд малын толгойд их хорогдол учруулсан. Энэ үе ардчилсан нийгмийн шилжилтийн үед тохиолдсон учир дэлхий нийт энэ асуудлыг анхааралдаа авсан бөгөөд үүнээс хойш Монголд зуд болж буй тухай мэдээг бусад орнууд нийтлэх болсон.