Зүг чигийн бэлгэдэл

Зүг чигийн бэлгэдэл зүй Хойно хавсаргасан Ази дахины өнгө, зүг чиг, тоо, цаг, амьтны болон махбодын (зургаан) бэлгэдлийн цогцолбор-чуулбараас ажиглан үзэхэд гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь дөрвөн зүг, дөрвөн зовхис, найман өнгө, найман өнцөг гэсэн хорин дөрвөн хуваариас бүтэж байна. Чанх умар хулгана зүгт айл гэрийн хоймрын авдар байх бөгөөд энэ авдар дотор тэр айлын хамаг үнэт эд эрдэнэсийн зүйлс байдаг нь “эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана” зүг (1) учраас тэр. Хулгана (үхэр огдой) бол үүрэндээ элдэв зүйл хураан цуглуулах талаараа онцгой авьяаст амьтан тул түүгээр бас эд баялаг хурж хуримтлахыг бэлгэдэж байна. Монголын малчид нүүдэлчид орог зусаг (орог) , шар чөчүүл , хадны сээтэн , боргийн бор зэрэг оготнын зүйлээс гадна хад чулууны хонгилд байдаг тэднээс биеэр торниун, том дугариг чихтэй, оготор сүүлтэй үхэр огдой буюу үхэр хулганыг онцгой бэлгэшээн үздэг бөгөөд хашаа хороонд үүрлэж, гэрт орж ирвэл, “үхэр олон болно”, эд баялаг арвидна гэж бэлгэшээн хэлдэг нь тэр хулгана нүхнийхээ амсарт өвс чулуунаас эхлээд элдэв зүйлийг хураадаг араншинтай нь холбоотой мэт. Бас хулгана зүгийн хоёр талд хар (24), харагчин (2) хоёр өнцөг тохиолдох учраас энэ авдрын дээр нь онгод тэнгэр, бурхан шүтээн, тэр дундаа эрт цагт хар зүгийн шүтээн Төрийн сүлд Дайчин хар тэнгэрээ (одоо цагт Бурхан бодхисадваагийн хөрөг, эцэг эхийн зураг) байршуулан тахидаг учраас гэрийнхнээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах зүгээр бодож үзвэл умар зүг нь өмнө өгүүлсэн ёсоор Эрлэг эзний орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг энэ бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Нэн ялангуяа, тэнгэрийн дуутай, аянга цахилгаантай үед үүд хаалга голлох нь аянганд ниргүүлэх осол омтгой хэрэг гэж үздэг. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэлгэх учир утгатай байдаг. Чингэхдээ эл хоёр арслан нь өөд өөдөөсөө харсан биш, хоёр тийшээ харсан байж гэмээнэ гэрийн баруун зүүн хоёр талыг тус бүрчлэн хамгаална. Харин өөд өөдөөс нь харуулан байрлуулбал, тэр айлд хэрүүл цуугиан, араа соёоны арсалдаан үл тасармуй.

Хулгана зүгийн арын харагчин өнцгөөс арай зүүшлэн үхэр өнцөгт (3) тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын дээр хоёр авдрын ширгүүрүү архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад хатан (хар) бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр өнцгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг. Чанх зүүн хойт зүг зовхис зогсолт (4) болон барс (5) өнцөгт гэрийн эзний суудал байх бөгөөд хуучин цагт бол эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг асан. Барс бол араатны ван, ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй ажээ. Гэрийн гаднах зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг. Түүний доод талд зүүн хөх (6) модон туулай (7) зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг бөгөөд гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандаж байдаг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Тэгээд ч яг энэ хэсэгт гэрийн эзэн эзэгтэй хоёр буюу аав ээж хоёрын унтдаг ор дэр байрладаг билээ. Барсын хүч туулайн үржил шим энд бүтэж бүрэлдэнэ гэсэн үг. Түүний доод талд хөхөгчин (8) модон өнцөгт хөлийн авдар байрлах бөгөөд энд гэрийн эзэгтэй эм хүний инжинд ирсэн эдлэл хэрэглэл голдуухан байдаг. Түүнийг хэн ч уудалж үл болох хорио цээртэй бөгөөд хүнээс нууж нууцлах зүйлээ энд л хадгалдаг зэрэг нь эм хүний хамаг нууцсыг хаацайлан хамгаалж буй хэрэг.

Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу (9) өнцөгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг (эргүүл) байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулдаг, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ хоёр шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд зүг нь оролгын зүг зовхис (10) учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэж байна гэсэн үг. XIII зууны үед Монгол газраар аялсан Гийом Рубрукийн тэмдэглэлд бичснээр “үүдний дэргэд, эмэгтэйн суудлын хажууд өөр нэгэн онгодын хамт үнээний дэлэнг тахиж буй” гэсэн нь зүг чигийн хувьд мөнхүү тохирч байна. Эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрладаг нь мөн зүүн урд могой (11) өнцөгт байрлаж байна. Могой бол газар лусын амьтан мөн учир гэрийн энэ хэсэгт газар, ус хоёр байх номтой. Энэ бол идээн буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Хуучин цагт гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч, хадаг яндар болсон уяа байрладаг байсан тухай бид өмнө өгүүлсэн билээ. Мөн энэ зүгт гэрийн гадна талд нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг. Дараа нь урд зүг бол гал улаан (12) зүг бөгөөд чанх урд морин (13) зүг рүү монгол гэрийн үүд харж байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө өгүүлсэн ёсоор өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Чанх урд зүгийн ар өнцгийг улаагчин өнгөт өнцөг (14) гэх бөгөөд өмнөхтэй нэгэн адил утга бэлгэдэлтэй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морин зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог, морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.

Үүд хаалганаас баруушлан баруун урд хонин (15) өнцөг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын хахир хатуу цагт гэрийн энэ хэсэгт хурга ишиг, муу малаа уяж хөгнөдөг байсантай уялдана. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэрэг байршина. Өнгийн хувьд энэ нь улаан өнгөт учир идээний зүйлээс хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээсэн байдаг нь улаан идээ гэдэгтэйгээ басхүү нийлэмжтэй байна. Чанх баруун урд зүг бол “эевэргүү” (16) зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр энэ бол монгол домог зүйн Баян цагаан тэнгэр, малын сахиус Заягач тэнгэр, эд баялагийн эзэн Бисман тэнгэрийн орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулна гэсэн үг. Эсвэл бүддийн домог зүйгээс өмнөх үеийн нийт Төв Азийн домог зүйн сан хөмрөгөөс үүсэл гаралтай баатар, хамаг газар усыг эзлэгч, хүн болон мал сүргийг өсгөн үржүүлэгч, үхүүлэн хорогдуулагч дээд эзэн, насан хутгийг эрхшээгч Цаст уулын даяанч Цагаан өвгөн шүтээн баруун урд зүгт оршдог гэсэн монгол, түрэг олон угсаатны нийтийн шүтлэг мөргөл буй. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана. Чанх баруун урд зүгийн ар өнцөг буюу бэчин (17) өнцөгөөс эхлэн хүний суудал, тэр дундаа эрэгтэй хүмүүсийн суудал эхэлнэ. Бэчин бол нэгэн зүйлийн хүний төрөлтөн учраас ийн тэмдэглэх нь зүйн хэрэг. Бэчин өнцгөөс дээшлээд баруун этгээдийн цагаан өнгөт өнцөг (18), чанх баруун тахиа (19) зүг, түүний ар өнцөг цагаагчин (20) өнгөт өнцөгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатах ёстой газар буй. Мөн энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Бас эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг. Цагаагчин өнгөт өнцгөөс дээшлэнгүүт нохой (21) өнцөгт тохиолдох бөгөөд гэр малаа харан сахигч хоточ нохойн уяа энэ зүгт буй. Нохой эдийн буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян эндээс эхэлдэг гэж үздэг нь идээн буяны эхлэл луу өнцөгтэй харалдаа тохиолдож байна. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас мөнх (22) хэмээх ажээ. Түүний ар өнцгийг гахай (23) гэдэг нь айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай өнцөгт эдийн буяны төгсгөл байдаг нь зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой өнцөгтэй харилцан харгалзана.

Энэ бүхнээс дүгнэн үзвэл, монгол гэр болон тэнд төвхнөж буй хүмүүний аж төрөл гэдэг бол үлэмж ертөнцийн дундах бичил ертөнц мөн бөгөөд үлэмж ертөнцөөс элчлэн ирэх элдэв сайн муу зүгийн хүчнийг эерэг сөрөг олон хүчин үүтгэлээр зохистой хариулж, зохирол дуурьсал төгөлдөр оршдог оршихуй юм байна. Энэхүү зохирол дуурьсал нь аль нэгэн зүг, зовхис, өнцөг газраа хэлтийвээс тэнд зохисгүй явдал, өвчин зовлон, хэрүүл зодоон, маргаан тэмцээн, улмаар үхэл мөхөл нүүрлэж байдаг юм санжээ. Энэ бүхнийг дүрсийн бэлгэдлээр илэрхийлбэл өлзий хээ болж, өнгө, тоо, цаг хугацаа, орон зай, зүг зовхисыг хамтатгасан бэлгэдлийн цогцолбор чуулбар болно.