Иоханнес Роберт Брамс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
JohannesBrahms.jpg

Иоханнес Роберт Брамс (1833 оны 5 сарын 71897 оны 4 сарын 3) нь Германы хөгжмийн зохиолч байв.

Намтар[засварлах]

Германы хөгжмийн нэрт зохиолч Иоханнес Роберт Брамс тухайн үедээ нэлээд нэртэй хөгжимчний гэр бүлд төржээ. 15 нас хүртлээ төрөлх Гамбург хотдоо гэрээр хөгжмийн боловсрол олж, төгөлдөр хуур тоглож сурчээ. Амьдралын эрхээр ажил гололгүй тааралдсан болгоноо хийж байсны дотор багаасаа цэргийн хөгжимд алба хаасан нь түүний ирээдүйд их тустай зүйл болсон байна. Мөн ардын дуу, аялгуу, хүн ардынхаа аж төрөлтэй ойр дотно танилцсан нь түүний уран бүтээлийн арга барил бүрэлдэн тогтоход нөлөөлжээ.

Тэр үеийн тэргүүний сэхээтэн, хөгжмийн зохиолч, хөгжимчид И. Брамсын амьдрал, уран бүтээлийн өсөлт хөгжилтөд их үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Унгарын нэрт хийлч Реминьтэй танилцсан нь "Унгар бүжгүүд" гэдэг алдарт бүтээлээ бичихэд хүргэсэн гэдэг.

1853 онд Шумантай танилцсан нь түүний амьдрал, уран бүтээлд үндсэн эргэлт болжээ. И. Брамсын уран бүтээлийн тухай Шуман "Шинэ зам" нэртэй өгүүлэл бичсэн нь түүний нэрийг хилийн чанад хүртэл өргөмжилжээ. Энэ үед И.Брамс төгөлдөр хуурын сонат, цоглог аялгуу, цөөхүүл хөгжмийн аяз болон бусад олон зохиолоороо ар араас нь цувуулан гаргаж байлаа. Удалгүй уран бүтээлээрээ ард олныхоо анхаарлыг татаж 1870-аад оны дунд үеэс хөгжмийн нэрт зохиолч болтлоо өсчээ. Европын хөгжмийн томоохон төв болж байсан Венад өнгөрүүлсэн жилүүд түүний амьдралд онцгой ач холбогдолтой байв. Венад түүний бичсэн анхны симфонийг "Бетховений 10 дахь симфони" гэж нэрлэж байсан түүхтэй. Олон жилийн уран бүтээл, их хөдөлмөрийг нь үнэлж, И.Брамсыг Берлиний Урлагийн Академийн гишүүн, Гамбург хотын хүндэт иргэнээр сонгож, Кембрижийн их сургуулийн хөгжмийн докторын зэрэг хүртээсэн байна.

Тухайн цагийн дэвшилт тэргүүний үзэл санаа, хөдөлгөөнөөс тасарч байсан зэрэг амьдралын ээдрээ зөрчил бий боловч ардын болон реалист сонгодог урлагийн өв уламжлалыг хадгалах, хамгаалах үйлсэд түүний оруулсан хувь нэмэр их юм. Тэрээр “Моцартын адил гоё сайхан бичиж чадахгүй ч ядахдаа түүн шиг цэвэр бичихийг оролдоцгооё” хэмээн уриалж С.Бах, В.Моцарт, Л.Бетховен зэрэг хөгжмийн сонгодог зохиолчдын уламжлал, ардын дуу хөгжмийн баялаг санд тулгуурлан өөрийн бүтээлээ туурвиж байв.

И.Брамс дууриас бусад хөгжмийн бүх төрөлд ийнхүү асар олон бүтээл туурвиж түүхэнд нэрээ үлдээсэн байна.