Роберт Шуман

Роберт Шуман (Герман: Robert Schumann; 6 сарын 6, 1810 – 7 сарын 29, 1856) нь Германы хөгжмийн зохиолч, хөгжмийн шүүмжлэгч.

Германы хөгжмийн их зохиолч, нийтлэлч, XIX зууны романтик урлагийн хамгийн сод төлөөлөгчийн нэг Роберт Шуманы бүтээлийг Оросын хөгжмийн суут зохиолч П.И.Чайковский “Хөгжмийн шинэ хэлбэрийн бүхэл бүтэн ертөнц болсон тэрээр өөрийнхөө суут өвөг дээдсийн хүрч амжаагүй чавхдасыг анх хөглөсөн юм” гэж үнэлжээ.

Роберт Шуманн анхны хөгжмийн хичээлээ нутгийн органик хөгжимчин Иоганн Куншаас авсан; 10 настайгаасаа тэрээр найрал хөгжим, хоорын дууны хөгжим зохиож эхэлсэн. Тэрээр төрөлх хотдоо ахлах сургуульд суралцаж, Ж.Байрон, Жан Пол нарын уран бүтээлтэй танилцаж, тэднийг шүтэн бишрэгч болжээ. Энэхүү романтик уран зохиолын сэтгэл хөдлөл, дүр төрх нь эцэст нь Шуманы хөгжмийн бүтээлүүдэд тусгагдсан байдаг юм.

Р. Шуман багааасаа хөгжим, уран зураг, яруу найрагт адилхан авьяастай, идэр үедээ урлагийн онол, гоозүй судалж байв.

1828 онд тэрээр Лайпцигийн их сургуульд элсэн орж, дараа жил нь Хайдельбергийн их сургуульд шилжин оржээ. Эх нь түүнийг хуульч болгох гэж цөхрөнгөө барж эцэстээ хүүгийнхээ урлагийн авьяас билэгт буулт хийхэд хүрсэн юм. Р. Шуман “Хөгжмийн шинэ сэтгүүл”-ийг үндэслэж 10 жил түүний зохиогч, редактор байхдаа гайхалтай дайчин нийтлэлүүд бичиж, түүндээ хоцорсон үзэл санаа, арга зарчмыг шүүмжилж, шинэ дэвшилт бүхнийг сурталчилж байлаа. Түүний зохиосон төгөлдөр хуурын бяцхан аязууд нь ер бусын содон зураглал, ончтой дүрслэл, хөтөлбөрт шинж, урьд сонсогдоогүй хэмнэл сэлтээр тэр үеийнхний гайхлыг төрүүлдэг байв. Тиймээс зарим хүмүүс түүний зохиол бүтээлийг ойлгож ядахдаа “хөгжмийн урлагт үймээн дэгдээгч” гэж бичиж байжээ. Р. Шуман үнэндээ цоо шинэ зам эрж, хүний сэтгэхүйгээс гарч болох бүхий л хувирал өөрчлөлт, амьдрал, үзэгдлийн эгзэгт мөч, хямралыг гайхалтай хурц мэдэрч, үүнийгээ төгөлдөр хуураар төгс илэрхийлэн дүрсэлж чаддагаараа гоц байжээ.

Р. Шуман урлах ажлаа хөгжмийн “шоовдор” жижиг хэлбэрүүдээс эхэлж, аажимдаа том хэлбэрт шилжсэн юм. Төгөлдөр хуурын гурван сонат, “Уран сэтгэмж”, “Эрвээхэй”, “Багт наадам”, “Бүжгүүд”, “Хүүхдийн амьдралаас”, “Ойн амьдралаас”, “Хүүхдийн цоморлиг” зэрэг жижиг хэлбэрийн зохиол бичжээ. Харин түүний 4 симфони, 7 концерт, 25 цөөхүүл чуулга зохиол, хөтөлбөрт удиртгал, төгөлдөр хуурын бөгөөд хийлийн гурав, гурван сонатууд нь үзэл санаа, сэтгэхүйн арвин гүн утга, өргөн далайцтайгаараа онцлог юм.

Роберт Шуманны тоглож байсан хамгийн алдартай хөгжмийн зэмсэг бол 1839 онд Роберт, Клара Шуманн нарын хуримыг тохиолдуулан мастераас бэлэглэсэн Конрад Графын хийсэн төгөлдөр хуур юм. Энэхүү төгөлдөр хуур нь Дюссельдорф дахь Шуманны ажлын өрөөнд байсан бөгөөд хожим нь Клара Шуманн гэр бүлийн найз, хөгжмийн зохиолч Йоханнес Брамст бэлэглэжээ. Сүүлд төгөлдөр хуурыг Хөгжимд дурлагчдын нийгэмлэг худалдаж авсан бөгөөд одоогоор Вена дахь Урлагийн түүхийн музейд байдаг ажээ.

Тэрээр сэтгэцийн эмгэгээр шаналж байсан бөгөөд 1833 онд анх удаагаа хүчтэй сэтгэл гутралаар илэрч байжээ. 1854 онд амиа хорлохыг завдсаны дараа тэрээр өөрийн хүслээр сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. 1856 онд Роберт Шуманн сэтгэцийн эмгэгээсээ эдгэрэлгүй нас баржээ.