Ли Бай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ли Бай

Ли Тай Бай нь Тан улсын үед амьдарч байсан Хятадын яруу найрагч юм.

Намтар[засварлах]

Ли Бай нь Зюи Еэ хотын баян худалдаачны гэрт мэндэлсэн бөгөөд эцэг нь Сычуань мужид шилжин суурьшсанаар Ли Бай хүү гэрээр бичиг заалгаж, долоон настайдаа анхныхаа шүлгээ бичсэн аж. "Мөнхийн найрагч" гэгддэг тэрбээр маш өвөрмөц намтартай хүн. Нэгэн үе шилийн сайн эрстэй нийлж, нэгэн үе бясалгал даяаны мөр хөөж явжээ. Ордны дотоод хэрэгт оролцон, дэмжиж байсан ханхүү нь улс төрийн тэмцэлд ялагдсан учир насны эцэст бөглүү хязгаарт цөлөгдсөн аж. Ли Бай соёл урлагийг ивээн тэтгэгчдийн нөмөр нөөлгөр албан тушаал ахихыг санаархаагүй боловч өөрийн авъяас билгийн чадвараар эрдэмтний зэрэгт хүрчээ. Тэрбээр эртний ёс дэглэмийг эсэргүүцэж байсны улмаас эзний дансанд бичигдээгүй тул намтар түүх нь ховор байдаг.

Тэрээр багадаа шүлэг, илд эргүүлэх урлагийг сонирхож, арван долоотойдоо аглагч болон ууланд сууж, хоёр жилийн дараа "Сайн эрс" хэмээх дайчин эрсийн эгнээнд нэгдэж, дорд ядуусыг хамгаалан, дээрэнгүй бардам нэгнийг гэсгээн, Хятадын өргөн уудам нутгаар хэрэн хэсэж явах болсноор түүний амьдралд аялал, явуулын үе эхэлсэн. Энэ нь түүний үзэл бодол төлөвшин тогтох болон уран бүтээлийн өсөлтөд нь нөлөөлсөн. "Амьдрал бол зүүд мэт хоосон зүйл тул сэтгэлээ зугаацуулж л барахаас өөр зам үгүй" гэсэн үэлийнхээ улмаас байнга архи ууж сохтуу хөлчүү явдаг байсан ажээ.

Хятадын эртний нийслэл Си Ян хотод Ли Байн цэцэрлэгт хүрээлэн байдаг, тэнд Ли Байн яруу найргийн цамхаг байх бөгөөд тэр цамхаг нь эгц өндөр шаттай. Цамхгийн ханан дээр Ли Байн сэтгэл догдлон бичсэн шүлгүүдийг бичсэн байдаг. Цамхгийн өмнө Ли Байн гантиг хөшөө байдаг. Ли Байг хажуулдан хэвтэж байгаагаар хөшөөг бүтээсэн байдаг нь түүнийг ихэвчлэн хөлчүү байдгийг нь бэлэгджээ. Түүний өмнө бяцхан цөөрөм байдаг бөгөөд тэр нь тухайн үедээ маш цэнгэг устай олон өнгийн загас хөвдөг байсан гэдэг. Нэн сонирхолтой нь Хятадын эртний дөрвөн сайхан хүүхний нэг Ян Гу Фэй, согтуу найрагч Ли Байтай хайр сэтгэлтэй байсан гэх бөгөөд Ян Гу Фэйд дурласан сэтгэлдээ багтарч ядсандаа цамхагтаа гарч шүлэг уншдаг байсан гэж хотынхон домоглон ярьдаг. Монголчууд бүр 13-р зуунаасч өмнө Ли байг орчуулсан хэмээн баримт тавим дурдагддаг бөгөөд 1960 онд Ч.Чимид, Б.Явуухулан нар тусгай түүвэр гаргасан байна.

Хэв маяг[засварлах]

Энэ үед туурвисан Лу Шан уулын хүрхрээг барласан нь зохиолдоо:

Хүлис хаднаа нар тусахуйяа бор утаа борхирон
Хүрхрээний ус голд буухыг алс холоос хармой
Хөөсрөн урсах, нисэн дэгдэх, гурван мянган тохой
Хөх огторгуйгаас тэнгэрийн гол буув гэж санав аа

гэхчлэн цацран буух хүрхрээний дүр зургийг нүдэнд үзэгдэм, утаа манан ч юм шиг, тэнгэрийн гол ч юм шиг байдлаар дүрсэлжээ.

Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийг
Дээрээс унасан хяруу гэж гайхаад
Дээш харж тунгалаг сарыг харж ширтээд
Доош харж төрсөн нутгаа санав аа (Сэрүүн шөнийн бодол)

гэхчлэн хүний сэтгэлийн нандин сайхан, уйтгар гунигийг харуулан, Эй Мэй Шан уулын дуулал, Шүгийн зан бэрх зэрэг байгалийн гоо сайхныг магтан дуулсан дуулал, мөн Анд нөхдөө үдсэн нь, Гомдол учрал, Амраг хонгорын дуулал хоёр бадаг гэх мэт уянгын шүлгүүдээ бичжээ.

Ли Байн уран бүтээлд дарсны тухай сэдэв элбэг тохиолддог. Сарны дор ганцаар архидахуй нь:

Цэцгийн дунд нэгэн хувин архитай
Цэмцийн сууж ганцаар согтном, би
Гэгээн сүүдэр гурвуун хүмүүн болов оо...

хэмээн нийгмийн бурангуйг эсэргүүцэхийн хамт дарс уун, санаа сэтгэлээ тайвшруулж байсныг нь харуулдаг.

Ли Бай далайд завиар аялан сархадад хөлчүүрэн, усанд туссан сарны дүрсийг хараад, үзэмж төгс байдлыг нь гайхан биширч барьж авахыг хүсэмжлэн, далайн усанд унаж нас барсан нь зохиогчийн хувьд жинхэнэ тэнгэрлэг үхэл байсан биз.

Ли Байн аж амьдрал, зан төлөвтэй холбогдсон олон домог зохиолыг ард түмэн ам дамжуулан ярьж, зохиол бүтээлийг нь шагшин магтаж иржээ. Тэрбээр өөрийн гэсэн өнгө аястай тухайн цаг үеийнхээ нийгмийн байдлыг тод томруун тусгасан 900 гаруй уянгын шүлэг өдгөө уламжлагдан үлдсэн байна. Үүнээс Толгой дахь цагаан үс гурван мянга хүрэв, Шар мөрний ус тэнгэрээс эх авсан зохиолууд нь ихэд алдаршсан аж.

Орчуулга[засварлах]

Ли Байн яруу найргаас орчуулж Тан улсын яруу найраг, гурван зуун бадаг номонд оруулан Өвөр Монголд хэвлүүлснийг 1998 онд УБИС-ын багш доктор С. Хөвсгөл нар кирилл бичигт буулган Тан улсын яруу найргаас номондоо хэвлүүлжээ. 1960 онд Ч.Чимид, Б.Явуухулан нар тусгай түүвэр гаргасан байна. 2008 онд Г. Аюурзана Дэлхийн сонгомол яруу найраг номонд Ли Байн товч намтар, бүтээлийг хэвлэж байжээ