Майя
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Майячууд (Англи хэл: mayans)нь Юкатаны хойг дээр буюу өнөөгийн Гондурас, Гватемалын нутаг дэвсгэрт оршин амьдарч байжээ. Майячууд нь МЭӨ 2 дахь мянган жилийн өмнөөс тэмдэглэгдэж ирсэн бөгөөд хөгжил цэцэглэлийнх нь оргил үе МЭ 600-900 оны хооронд байв. Мезоамерикийн голлох улсуудын нэг байсан Майячууд нь эртний Египетүүдтэй адил сэтгэл хөдөлгөм хөшөө дурсгал, ёслолын байгууламж, төвүүдийг байгуулж, газар тариаланд суурилсан эдийн засагт тулгуурлан оршиж байв. Тэдний барилга байгууламжийн архитектур гайхалтай хөгжсөн байсан бөгөөд орчин цагийн урлагийн шинжийг хүртэл агуулдаг байв. Үүний илэрлийг өнөө үед Майяпан, Чичен Ица, Паленкаас харж болно. Тэд мөн дүрс үсэгтэй байсан ба хараахан бүрэн тайлж уншаагүй байна. Европчууд тэдний бичиг үсгийг тэрс үзэлд тооцон маш их хэмжээгээр устгасан тул өнөөдөр Майячуудын бичиг үсгийн соёлыг илэрхийлэх маш цөөхөн ном олдоод байна. Майячууд математик, одон орон судлалд маш өндөр түвшинд хүрсэн ба од гарагсын хөдөлгөөнийн талаар сайн мэддэг, урьдчилан таамаглаж чаддаг байв. Тэдний тооцоолон бий болгосон цаг тооны бичиг болон чухал тэмдэглэлт өдрүүдийн тэмдэглэл нь үүнийг илэрхийлж байдаг. Майячууд жижиг тосгодод амьдардаг байсан чухал баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд ёслолын төвүүддээ цугладаг байв. Сурвалжит дайчид болон лам, тахилчид энэ нийгмийн дээд ангийг бүрдүүлж, улс орныг удирддаг байв. X зууны үеэс эхлэн тэдний соёл иргэншил уналтанд орж эхэлсэн бөгөөд энэ нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс шалтгаалсан байж магадгүй юм. Олон тооны ёслолын төвүүд хаягдаж эхэлсэн бөгөөд төв Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд эдрэн сүйдэж, халуун орны ойд эзлэгджээ. Майягийн хамгийн сүүлийн төв нь XVII зууны үед Испаничуудад эзлэгдэн мөхжээ. Гэхдээ Майячуудын удам угсаа болох 2 сая гаруй хүн өнөөдөр Юкатан хойг дээр амьдарч байна.