Максим Литвинов

Максим Литвинов

Максим Максимович Литвинов (төрөхөд нь өгсөн нэр Меер-Генох Моисеевич Валлах; 1876 оны 7-р сарын 5-нд Оросын хаант улсын Гродно мужийн Белосток хотод төрж, 1951 оны 12-р сарын 31-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн хувьсгалч, дипломат бөгөөд төрийн зүтгэлтэн, 1930-1939 онд ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар (Гадаад хэргийн сайд)-ын албыг хашсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Еврей худалдаачин гэр бүлд төрсөн. Тэрээр еврей суурь боловсролын сургуульд, дараа нь Белостокийн дунд сургуульд суралцсан байна. 1893 онд сургуулиа төгсөөд цэрэгт татагдан Баку хотод Кавказын 17-р явган цэргийн ангийн бүрэлдэхүүнд таван жил алба хаажээ.

Цэргээс халагдаад 1898 онд оросын Клинц хотод нягтлан бодогч, Киев хотын чихрийн үйлдвэрт захирагч хийсэн байна.

1898 онд Литвинов РСДРП-ын буюу Оросын Ажилчны Социал-демократ намд элссэн байна. 1900 онд намынхаа Киевийн хорооны гишүүн болов. Тэрээр нууц хэвлэх үйлдвэр байгуулж, хувьсгалын товхимол, ухуулах хуудас хэвлэж байжээ. 1901 онд түүнийг баривчилж, 1902 онд Киевийн Лукьяновка шоронгоос 11 "Искра" сониныхыг оргуулсан зохион байгуулагчийн нэг байжээ.

Улмаар Швейцар руу цагаачилж “Искра” сониныг Орос руу зөөвөрлөх асуудал эрхэлсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Оросын Хувьсгалт Социал Демократын Гадаад дахь Лигийн Захиргааны гишүүн байжээ.

РСДРП-ын 2-р Их хурлын дараа 1903 онд тэрээр "большевик"-уудын эгнээнд элссэн боловч тэрээр "меньшевик" болсон Лев Троцкий, Павел Аксельрод, Вера Засулич, Юлий Мартов нарыг дотроо дэмжиж байжээ.

1904 оны хавар тэрээр Орост нууцаар ирж, намын ажлаар улс даяар аялжээ. Тэрээр энэ үед Рига болон Баруун хойд хэсгийн намын хорооны гишүүн байсан.

Тэрээр РСДРП-ын III их хурлын төлөөлөгч (1905) болж оролцсон байна. Санкт-Петербургт анхны хууль ёсны большевик "Шинэ амьдрал" /орос. Новая жизнь/ сониныг зохион байгуулахад оролцсон. М.Ф.Андреевагийн албан ёсоор хэвлүүлсэн тус сонины хэвлэлийн үйл ажиллагааг Литвинов хариуцаж, Максим Горький ажлыг бүхэлд нь удирдаж байсан юм.

1905-1907 оны хувьсгалын үеэр Литвинов хувьсгалт байгууллагуудад зориулж зэвсэг худалдан авах, нийлүүлэх ажилд оролцож байжээ. Үүний тулд тэрээр хувьсгалч Камо болон бусад хэд хэдэн кавказ нөхдийн тусламжтайгаар Парист тусгай товчоо зохион байгуулж байжээ.

Тэрээр Лондонд 10 жил амьдарч хотын номын сангийн эрхлэгч Чарльз Райтын дэмжлэгээр «Уильямс энд Норгейт» (англи. Williams and Norgate) хэвлэх компанид ажилд оржээ.

Лондонд[засварлах | кодоор засварлах]

1917 оны Оросын Хувьсгал болоход М.Литвинов Лондонд байжээ. 1918 оны 1-р сараас 9-р сар хүртэл тэрээр Их Британи дахь Зөвлөлт Орос улсын дипломат төлөөлөгч (1-р сараас Гадаад харилцааны Ардын комиссариатын газрын Итгэмжлэгдсэн төлөөлөгч, 6-р сараас РСФСР-ын бүрэн эрхт төлөөлөгч байсан).

Эхэндээ Британийн Засгийн газар түүний бүрэн эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан ч Литвиновтой албан бус харилцаа холбоо тогтоож, үүний тулд Гадаад хэргийн яамны албан тушаалтнуудын нэг Рекс Липерийг түүнтэй холбоотой бай гэж томилж байжээ. Ийм маягаар Литвинов шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ Британийн Гадаад хэргийн сайд Артур Бальфурт дамжуулах боломжтой байсан ажээ.

Литвинов Лондонд оршин тогтнож байсан К.Д.Набоков тэргүүтэй Оросын хуучин элчин сайдын яамыг татан буулгах оролдлого хийсэн бөгөөд ажилтнууд нь Зөвлөлт засгийн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Троцкийтэй ажиллахаас татгалзсан юм. Тэрээр Набоков руу ажилтнууд болон ЭСЯ-ны байраа хүлээлгэн өгөхийг шаардсан захидал илгээсэн боловч татгалзсан хариу авчээ.

Литвиновыг 1919 онд Их Британиас албадан гаргахаас өмнө 1918 оны 9-р сарын 6-нд Английн дипломатч Локхарт Орост баривчлагдсаны хариуд Литвинов мөн баривчлагджээ. Брикстоны шоронд 10 хоног хоригдсоны дараа Литвинов суллагдсан бөгөөд сарын дараа эдгээр дипломатчдыг солилцох ажлыг хоёр тал зохион байгуулсан байна.

Гадаад хэргийн сайд Георгийн Чичерин, орлогч сайд Максим Литвинов нар

Гадаад харилцааны Ардын комиссариатын газарт[засварлах | кодоор засварлах]

1918 оны 11-р сард Орост буцаж ирээд Литвинов Зөвлөлт Оросын Гадаад хэргийн Ардын комиссариатын зөвлөлд оржээ. 1918 оны 12-р сард Владимир Лениний заавраар түүнийг Стокгольм руу илгээж, тэндээсээ Антантын төлөөлөгчидтэй холбоо тогтоохыг оролдож байжээ. 1919 оны эхээр тэрээр Москвад буцаж ирээд 1919 оны 3-р сард Зөвлөлт Орост ирсэн Америкийн төлөөлөгч Уильям Буллиттай хэлэлцээр хийжээ. 1919 оны 11-р сард Литвинов Копенхагенд очиж, Их Британийн төлөөлөгч О'Грэйдитэй хэлэлцээ хийж, 1920 оны 2-р сарын 12-нд хоригдлуудыг солилцох тухай Британи-Зөвлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ардын комиссар Георгий Чичерин Литвиновын Копенхаген дахь үйл ажиллагааг өндрөөр үнэлж байсан байна. 1920 онд тэрээр РСФСР-ын Эстони дахь бүрэн эрхт төлөөлөгч, РКП(б)-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гадаад дахь алт, валютын үйл ажиллагааны эрх бүхий төлөөлөгчөөр томилогдсон байна.

1921 оны 5-р сарын 10-аас 1930 он хүртэл РСФСР-ын Гадаад хэргийн ардын комиссарын орлогч (1923 оноос - ЗХУ) байсан. Үүний зэрэгцээ Литвинов Төрийн хяналтын Ардын комиссариатын зөвлөлийн гишүүн, Концессын үндсэн хорооны орлогч дарга байв. 1922 онд тэрээр Генуягийн бага хуралд Зөвлөлтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. 1922 оны 12-р сард тэрээр Москвад Польш, Литва, Латви, Эстони, Финлянд улсыг урьсан зэвсэг хураах бага хурлыг даргалав. 1927-1930 онд тэрээр Зэвсэг хураах Үндэстнүүдийн Лигийн бэлтгэл комисст Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж байжээ.

Гадаад харилцааны Ардын комиссар (сайд)[засварлах | кодоор засварлах]

1930-1939 онд ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар буюу сайдын албан тушаал хашсан.

Тэрээр Зэвсэг хураах асуудлаарх Үндэстнүүдийн Лигийн бага хурал (1932), Лондонд болсон Энх тайвны эдийн засгийн бага хуралд (1933) Зөвлөлтийн төлөөлөгчдийг тэргүүлж, 1934-1938 онд Үндэстнүүдийн лигт ЗХУ-ыг төлөөлөн оролцож байсан юм.

1934 онд Максим Литвинов хамтран зүтгэгчид болох Францын Гадаад хэргийн сайд Жан-Луи Барто, Чехословакийн Эдвард Бенеш (тухайн үеийн ерөнхийлөгч) нартай хамт ЗХУ, барууны ардчилал, Төв Европын орнуудыг Германы нацистуудын түрэмгий төлөвлөгөөг дарах хамтын аюулгүй байдлын тогтолцооны гол санаачлагчид байв.

1939 онд Ардын комиссарын албан тушаалаас гарсны дараа тэрээр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаагаа зогсоосон. 1941 оны 2-р сард болсон намын XVIII бага хурлаар түүнийг Төв хорооны гишүүнээс хассан юм.

Ардын комиссаритын газар буцаж ирсэн[засварлах | кодоор засварлах]

Дайн эхлээд 1941-1946 онд ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссарын орлогч, 1941-1943 онд ЗХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд, 1942-1943 онд ЗХУ-ын Куба дахь Элчин сайд байсан. Литвинов АНУ-ыг орхихынхоо өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Самнер Веллест айлчлах үеэрээ Сталиныг барууныхныг ойлгоогүй, Зөвлөлтийн тогтолцоо уян хатан бус, ялангуяа түүний залгамжлагч Гадаад харилцааны Ардын комиссар Вячеслав Молотовыг шүүмжилсэн байдаг.

1943 оны 9-р сард тэрээр ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын дэргэд шинээр байгуулагдсан Энх тайвны гэрээ ба дайны дараах бүтцийн комиссыг тэргүүлжээ. 1946 онд тэтгэвэрт гарсан.

1951 оны сүүлээр тэрээр дахин зүрхний шигдээсээр 12-р сарын 31-нд нас баржээ.