Jump to content

Манхаймын дэг бүлэглэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Манхаймын дэг бүлэглэл (Герман: Mannheimer Schule) гэдэг нь XVIII зууны сүүл үед өрнө дахинд бий болсон, ялангуяа Венийн сонгодог дэгийн симфони, цөөхүүл дан хөгжмийн урлагт тодорхой хэмжээнд нөлөө болж өгсөн Германы уран бүтээлчид болон тэдний уран бүтээлийн чиг хандлагыг нэрлэдэг.

XVIII зууны дунд үед Германы Баварийн Пфальцын ванлигийн Манхайм хотын ордны капеллад ажиллаж байсан шинэ урын сан, шинэлэг хөгжимдөх арга барилыг бий болгосон нэг хэсэг чадварлаг, авьяаслаг хөгжмийн зохиолчид, хөгжимчдийг (гол төлөв хийл болон морин хийл хөгжимчид) энэхүү дэг бүлэглэлд хамааруулдаг юм. Уран бүтээлийн дээрх бүлэглэл бий болоход Чехийн хөгжмийн соёл шууд нөлөөлсөн байдаг ба ихэнхдээ чех гаралтай хөгжмийн уран бүтээлчид голлох байр суурийг эзлэж байжээ.

1745-1757 онуудад дээрх капеллыг хийлч, хөгжмийн зохиолч, чех гаралтай Ян Стамиц тэргүүлж байв. Манхаймын дэг бүлэглэлийг тодорхойлох уран бүтээлийн төрөл жанр бол найрал хөгжим байсан ба тухайн цаг үедээ том бүрэлдэхүүнтэй, ялангуяа чавхдаст хөгжмийн харьцаа түлхүү байжээ. Энэ нь аливаа утга санааг хөгжмөөр илэрхийлэхэд хөгжимдөх ур чадвар, өвөрмөц арга барил чухал ач холбогдолтой болохыг тодотгож өгсөн юм. Тухайн үедээ Манхаймын хөгжимдөх арга барил нь динамикийн ялгарамж, динамикийн өгсөх, аажим чангарч хүчтэй дуугаралтыг бий болгох (creshendo), эсвэл эсрэгээр аажим аажмаар аяар болох (diminuendo), аялгууны тодорхой хэсэгийг ялгаруулах, олон янзын баялаг чимэглэлийг ашиглах гэх мэт шинэлэг илэрхийлэмжийн аргуудыг бий болгосон байдаг.

Үндсэн чиглэлийн хувьд бол Манхаймын дэг бүлэглэлийн хэв маяг нь XVIII зууны сентиметализмд нэлээн дөхүү сэтгэлгээг тодорхойлно. Өөрөөр хэлбэл дан хөгжмийн төрөлд оргилуун сэтгэлгээний илэрхийлэл, түүний хэм хэмжээг тод томруун гаргаж өгсөн байна. Мөн түүнчлэн рококо хэв маягийг нэлээд хадгалсан байх ажээ.

Манхаймчууд өөрсдийнхөө уран бүтээлдээ шинэ цаг үеийн симфонизмд ойртох олон янзын хөгжимдөх, хөгжмөөр илэрхийлэх загваруудыг нэгтгэж байв. Энэ нь эртний Италийн хийлийн буюу трио-сонат, найрал хөгжмийн сюйт (чуулбар гэх), удирдтгал (итали), дуурьт бол хурц тод өнгө аяс түүний илэрхийлэмж, тэр нь алсдаа симфонизмд хүргэж болох гүн гүнзгий утга санаа юм.

Энэ цаг үед дууриасаа салж “амжаагүй”, Италийн дуурийн удиртгалыг, мөн зарим үед тусад нь ч хөгжимдөж болох удирдтгалыг “симфони” хэмээн нэрлэж байсан юм.

Манхаймын дэг бүлэглэлийнхэн дан хөгжмийн цуврал бүтээлүүдийг бий болгох явцдаа сонгодог симфонийн бүтэцийг нээсэн байна. Өөрөөр хэлбэл 4 анги тус бүр нь уран сайхны онцгойлсон ялгарамж бүхий хэсгүүдээс бүрдсэн (allegro, andante, менуэт, финал) цувралыг бий болгов. Энэ үеэс өнөөдрийн симфонийн анхны дүр төрх бий болжээ.

Манхаймын олон тооны симфонийн хөгжмийн зохиолчдоос (хөгжмийн зохиолчийн зэрэгцээ найрал хөгжимчин болох) Ф.К.Рихтер, А.Фильц, К.Каннабих, Ф.Бек, Ж.Тоэски, Карл Стамиц (Я.Стамицын хүү), И.Френцль, П.Риттер нарын нэрс түүхийн хуудаснаа уран бүтээлтэйгээ хамт үлджээ. Хэдийгээр олон хөгжмийн зохиолч Манхаймаар овоглож байсан хэдий ч Венийн сонгодог дэг бий болох хүртэл нэгэн арга барил болон тогтож байсан юм. Манхаймын симфонийн хэв маяг нь зөвхөн Герман төдийгүй бусад орны хөгжмийн урлагт нөлөөгөө түгээж байсан гэдэг. Ялангуяа Парист тэдний бүтээл тоглогдож, хэвлэгдэж байлаа. Манхаймын дэг бүлэглэлийн нөлөө нь Венийн сонгодог дэгийн томоохон төлөөлөгч, залуу Вольфганг Амадей Моцартын уран бүтээлд тод мөрөө үлдээсэн юм.