Микеланжело

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Жакопино дэл Контэ-гийн зурсан Микеланжело-гийн хөрөг (1535 онд жаран настайдаа)

Микеланжело ди Лодовико Буонарроти Симони (Итали хэл: Michelangelo di Lodovico Buonarroti Simoni, 1475 оны гуравдугаар сарын 6 – 1564 оны хоёрдугаар сарын 18) ихэвчлэн Микеланжело гэдэг нэрээр хүмүүст алдаршсан, Италийн сэргэн мандалтын үеийн зураач, зохиолч, уран барилагч, барималч, яруу найрагч, зохион бүтээгч бөгөөд өрнөдийн урлаг болон инженерчлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний дахин давтагдашгүй авьяас суу билэг тэр үеийн урлагт ноёрхсон байсан хэвшмэл сэтгэлгээг эвдсэнийх нь төлөө түүнийг болон Леонардо да Винчи, Рафаэль Санти нарыг сэргэн мандалын үеийн их гурав ч гэгддэг. Нэрнийх нь үүсэл нь Микел (Michael) Анжэл (Тэнгэрийн дагина)(angelo) хоёрын нийлмэл юм. Амьдарч байсан цаг үедээ Микеланжело хамгийн агуу уран бүтээлч хэмээгдэж байсан бөгөөд одоог хүртэл хамгийн агуу уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогддог.

Michelango Portrait by Volterra.jpg

88 наслахдаа түүний хүн төрөлхтний урлаг соёлын түүхэнд үлдээсэн бүтээлүүд нь асар их. Одоо үед хадгалагдаж үлдсэн бүтээлүүд болон захидал, ноорог, дуртгалуудын тоогоор тэрээр 16-р зууны хамгийн бүтээлч хүн юм. Хамгийн алдартай бүтээлүүд болох Пиета /Pietà/ болон Давид /David/-ийг 30 хүрэхгүй насандаа туурвисан байдаг. Уран зургийн талаарх түүний тааруухан үзэл бодлыг эс тооцвол тэрээр өрнөдийн уран зургийн түүхэнд хамгийн нөлөөтэй бүтээлүүд болох  Ромд байрлах Сикстиний сүмийн ханан дээрх “Сүүлчийн шүүх” хэмээх бүтээл, Паулын мөргөлийн сүм дэх "Цовдлуулсан Гэгээн Питер" зэрэг уран зургуудыг туурвижээ. Мөн уран барилгачны хувьд Микеланжело Италийн Флоренц-д байрлах Лаурентын номын санг босгохдоо урлагийн шинэ урсгал болох Маннеризм /Mannerism/ -(Онцлог гэсэн утгатай үг) гэх хэв маягийг бий болгожээ. 74 насандаа тэрээр Антонио да Сангалло гэх уран барилгачны барьж байсан “Гэгээн Питерийн сүм”ийн барилгыг үргэлжлүүлэх болсон бөгөөд тэрээр барилгын төслийг бүхэлд нь шинэчилж уг сүм нь бүхэлдээ түүний загвараар бүтээгдсэн бөгөөд түүнийг нас барсны дараа л бүрэн баригдаж дуусжээ.

Тэрээр амьд ахуй цагтаа намтар нь бичигдсэн өрнөдийн анхны уран бүтээлч бөгөөд нас барахаас нь өмнө хоёр ч намтар бичигдэж байжээ. Тэдгээрийн нэг болох Гиоргио Васари-ийн бичсэн намтарт сэргэн мандалтын эхэн үеэс эхлэн түүний туурвисан урлагийн бүхий л бүтээлүүд, ололт амжилтуудыг тусгасан байдаг ба түүний үзэл бодлыг одоог хүртэл баримталдаг. Амьдарч байсан цаг үед нь түүнийг Il Divino ("Бурханлаг нэгэн") гэж нэрлэдэг байж. Түүний амьдарч байсан цаг үеийнхнээс түүнийг үнэлдэг байсан гол чанарууд нь түүний бүтээлүүдэд тусгагддаг эрхэмсэг сүрлэг бөгөөд гоёмсог байдал байсан ба энэ нь эцэстээ маннеризм хэмээх урсгалыг үүсгэсэн гэж үздэг.

Амьдрал болон уран бүтээл[засварлах]

Бага нас[засварлах]

Микеланжело 1475 оны гуравдугаар сарын 6-нд Италийн Тускани мужийн Ареззо-гийн дэргэдэх Капрэсе гэх тосгонд төрсөн ба (Одоо үед Микеланжело Капрэсе тосгон гэж нэрлэгддэг).  Хэдэн үеийн туршид түүний гэр бүл Флоренц-д Банкир хийж ирсэн бөгөөд түүний эцэг болох Лиудовик ди Леонардо ди Бонаротто Симони банкны санхүүг хянаж чадаагүйгээс дампуурч, улс төр хөөцөлдөх болж. Микеланжело-г төрөх үед түүний эцэг Капрэсэ гэх жижиг тосгонд шүүгч хийж байсан ба Чиуси гэх хотын дарга хийж байв. Микеланжело-гийн эх Францэска ди Нери дэл Миниато Сиэна байв. Микеланжело-г төрснөөс хэдэн сарын дараа түүний гэр бүл Флоренц рүү нүүсэн бөгөөд Микеланжело тэнд өсжээ. Удаан хугацаагаар хүндээр өвчилж мөн эх нь нас барсны дараа 1481 онд тэр дөнгөж зургаахан настай байлаа. Микеланжело нэгэн чулуун сийлбэрчин болон түүний эхнэрийн хамт эцгийнхээ гантигийн уурхай болон ферм байдаг Сэттигнано гэх хотод амьдарч байжээ. Гиоргио Васари-гийн тэмдэглэлд Микеланжело-гийн хэлсэн үг дурдагдсан байдаг бөгөөд түүнд нь “Надад байгаа авьяас чадвар бүхэн минь төрсөн нутаг Ареззо-гийн маань уран зөөлөн чамин тансаг орчин, уур амьсгалын л ач, төрсөн цагаас эхлэн эхийн сүүтэй минь хамт надад байгаа энэ бүх ур дүй, авьяас минь өвлөгдсөн” гэж тэмдэглэгдсэн байдаг. Бага байхад нь эцэг нь түүнийг хуульч Франциско да Урбино-г дагуулан боловсрол олгохоор явуулсан боловч тэрээр хичээл номоос илүүтэй сүмийн уран зураг хуулбарлахад ихэнх цагаа зарцуулж байлаа.  13 насандаа тэрээр зураач Домэнико Гирландайо-д шавь орсон байна. 1489 онд Флоренцын захирагч Лорензо дэ Медики, Гирландайо-оос хамгийн шилдэг хоёр шавийг нь гуйсан бөгөөд  Гирландайо түүнд Микеланжело болон Францеско Гранасси-г явуулжээ. 1490-1492 онд Микеланжело, Медики-ийн байгуулсан хүмүүнлэгийн академи суралцаж байсан ба тэр үедээ Бертолдо до Жиованни-ийн доор уран баримал хийх аргад мөн суралцаж байжээ. Академи-д суралцаж байх хугацаанд түүний үзэл бодол, урлагийн бүтээлүүд нь тэр үеийн хамгийн цуутай философичид болох Полизиано, Марсилио Фицино, Пико дэлла Мирандола зэрэг хүмүүсийн бүтээл туурвилд ихээхэн нөлөө үзүүлж байлаа.  Яг тэр үедээ Микеланжело “Кентавруудын тулаан” (Battle of the Centaurs /1491–1492/) “Шатан дээр суугаа Мадонна” (Madonna of the Steps /1490–1492/) зэрэг уран баримлын бүтээлүүдээ туурвижээ. Тэр үедээ хоёул их алдартай чадварлаг уран барилгачид байсан боловч Пиетро Торригиано 17 настай байсан Микеланжело-гийн хамар руу цохисны улмаас түүнээс хойших бүх хөрөг зурган дээрээ муруй хамартай зурагдсан байдаг.

Идэр нас[засварлах]

1492 оны тавдугаар сарын 8-нд Лорензо дэ Медики нас барсны дараа Микеланжело эргээд эцгийнхээ гэрт буцсан бөгөөд тэндээ модоор цовдлогдсон есүсийн дүрстэй загалмай урлан түүнийгээ сүмийн эмнэлэгт цогцос дээр хүний биеийн анатоми судлахад нь тусалж байсан ламтан Санто Спирито-д бэлэг болгон илгээжээ. 1493-1494 онд Микеланжело Геркулес-ийн хөшөөг бүтээж байсан ба энэ бүтээл нь Франц-д гарч 18-р зууны үед ор сураггүй алга болжээ. 1942 оны нэгдүгээр сарын хоринд ширүүн цасан шуурганы дараа Лорензо-гийн өв залгамжлагч Пиеро дэ Медики Микеланжело-д цасан шуурга орж буй сийлбэр бүтээхийг даалгасан бөгөөд Микеланжело эргэн Медики-гийн ордонд амьдрах болж. Тэр жилдээ Савонарола Медики-г Флоренцоос хөөсөн бөгөөд Микеланжело  улс төрийн эргэлтээс дүрвэн хотоос дайжиж Венец рүү, түүний дараа нь мөн Бологна руу нүүжээ. Бологна-д амьдрах хугацаандаа тэрээр Гэгээн Доминикийн сүмийн сүүлчийн жижиг чимэглэлүүдийг хийж дуусгажээ. 1494 оны сүүлчээр Флоренцын байдал тайван болсны дараа Микеланжело эргэн Флоренц руу нүүсэн боловч Савонарола-гийн удирдлаган дор засгийн газар байсан учир хэн ч түүнд ямар ч ажил даалгахгүй байв. Флоренц-д хагас жилийг өнгөрөөхдөө хоёр уран баримал дээр ажилласан байдаг бөгөөд нэг нь Адислагч Гэгээн Жонн, нөгөө нь Унтаж буй Купид (янаг амрагийн сахиусан тэнгэр) байлаа. Лорензо ди Пиерфранцэско дэ Медики гэгч нь Микеланжело-гийн гэгээн “Адислагч Гэгээн Жонн” гэх бүтээлийг захиалсан хүн бөгөөд түүнийг бүтээлээ илүү эртний байдалтай болгож засахыг санал болгосон ба тэд хуйвалдаж түүнийгээ Ром руу эртний эдлэл хэмээн хил дамнуулан худалджээ. Раффиэлэ Риарио гэгч Лорензогоос уран баримлыг худалдан авсан бөгөөд хуурамч гэдгийг нь мэдсэн боловч, уг бүтээлийг биширч уран барималчийг нь Ром-д урьжээ. Флоренцын хуучинсаг үзэл баримтлалаас залхсан Микеланжелог уг саналыг нь зөвшөөрчээ.

Ром[засварлах]

Микеланжело-гийн хорин дөрвөн насандаа (1499) туурвисан Пиета

1496 оны зургадугаар сарын 25-нд Микеланжело 21 насандаа ромд иржээ. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард  Раффаел Риарио-гийн захиалгаар Ромын дарсны бурхан Баккхус-ийн дүрийг бүтээх захиалга авсан ба бүтээл хараахан дуусаагүй байхад нь Раффаел уг бүтээлийг голж Жакопо Галли гэх банкирийн цэцэрлэгт хүрээлэнд тавигджээ. 1497 оны арван нэгдүгээр сард Францын элчин сайд Микеланжело-гийн хамгийн алдартай бүтээлийн нэг болох Пиета  /Pietà/-г захиалсан ба тэр жилийнхээ найман сард тэрээр уг саналыг зөвшөөрчээ. Васари-гийн тэмдэглэлд энэ бүтээлийн талаар “Энэ бол уран баримлын ухааны бүх боломжийг нээн харуулсан гайхамшигт бүтээл, жирийн нэг боржин чулууг ийм гайхамшиг болгон өөрчилсөн гэдэгт би нүдэндээ ч итгэхгүй байна ” гэж тэмдэглэгдсэн байдаг. Ромд байхдаа Микеланжело Санта Мариа ди Лорето гэх сүмийн ойролцоо амьдарч байсан ба, энд байхдаа тэрээр Витториа Колонна-д дурласан гэдэг. Түүний амьдарч байсан байрыг 1874 онд нураасан бөгөөд хувь хүний эзэмшил болон бүрэн бүтэн үлдсэн байсан бүтээлүүд нь 1930 онд үгүй болсон байдаг. Одоо үед Микеланжело-гийн амьдарч байсан байрыг сэргээн засварласан бөгөөд Жаникулумийн толгод гэх газар байрладаг. Мөн энд амьдарч байх хугацаандаа тэрээр одоо Ватиканд байрлах Лаокүүн ба түүний хөвгүүд гэх бүтээлийг туурвисан гэж яригддаг боловч хэн бүтээсэн нь одоог хүртэл маргаантай байдаг.

Давид[засварлах]

1504 онд Микеланжело-гийн урласан Давид, сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай бүтээл

1499-1501 онд Микеланжело Флоренц-д эргэн ирсэн ба сэргэн мандалтыг эсэргүүцэгч гэгээнтэн Гироламо Савонарола 1498 онд цаазлуулсны дараа Флоренцын нөхцөл байдал өөрчлөгдөж мөн тэр үед засгийн эрхийг барьж байсан Пиеро Содэрини Микеланжело-д  40 жилийн өмнө Аугистин ди Дуккио-гийн эхлүүлээд дуусгаж чадаагүй Флоренцын эрх чөлөөний бэлэг тэмдэг болох Давид-ийг дуусгахыг даатгажээ. Ийнхүү 1504 онд Микеланжело өөрийн хамгийн алдартай бүтээл болох Давид-ийг урлаж дуусгажээ. Өмнө нь өөр уран бүтээлчийн хийж байгаад орхисон гантиг дээр урласан энэхүү бүтээл нь түүний авьяас билэг, уран барилгачны ур дүйг нотолж, түүний алдар цуу орон даяар түгж байлаа. Микеланжело мөн энэ үедээ Гэгээн Жонн ба ариун гэр бүл , мөн Анжело Дони болон Маддалена Строззи нарын хуриманд зориулж захиалгаар “Дони тондо” гэх бүтээлээ туурвиж байжээ.

Сикстиний сүмийн таазны зураг[засварлах]

1508-1512 онд бүтээсэн Микеланжело-гийн Сикстиний сүмийн таазны зураг

1505 онд Микеланжело Хоёрдугаар Попе Жулиус-ийн урилгаар эргэн Ром-д очсон бөгөөд Нэгдүгээр Попе-ийн бунхныг барих захиалга авчээ. Попе-ийн ивээл дор байсан Микеланжело бусад бүтээлүүдээсээ хийх ажлаас болж бунхныхаа ажлыг байнга орхигдуулж байсан учраас тэр энэ бунханг 40 жилийн турш барьжээ. Тэр үед Микеланжело-ийн бүтээсэн “Мосес-ийн хөшөө” гэх бүтээл Ромын Велкони-д гэгээн Пиетро-гийн сүмд тавигдсан ба хэзээ ч түүний санаанд хүрэхээр болж дуусгаж чадаагүй аж. Яг энэ үедээ Микеланжело Сикстиний сүмийн таазны зургийг бүтээх захиалга авсан ба дөрвөн жилийн дотор бүтээж дуусгажээ(1508-1512). Микеланжело одот тэнгэрийн доорх 12 ном айлдагч гэсэн бүтээлийн захиалга авсан байсан боловч улс төрийн хүмүүсийн нөлөөгөөр илүү төвөгтэй Хүн төрөлхтний уналт, болон Авралын тангараг зэрэг Христийн шашны үүсэлтэй холбоотой бүтээл туурвихаар болжээ.  Энэ нь Католик шашны сургаалыг илтгэх маш том сүмийн чимэглэлийн ажил байлаа. Энэхүү захиалга нь 300 гаруй баримлаас бүтэж бүрдэж байсан ба библи болон Хуучин гэрээний "Эхлэл" хэмээх номын бүлгүүдийг өөртөө тусгах ёстой байв. Дотроо гурван үндсэн хэсэгт хуваагдаж байсан ба эхнийх нь: Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь, хоёр дахь нь: Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн ба тэд бурхны ивээлээс гарсан нь, гурав дахь нь: Хүн төрөлхтний бэлэг тэмдэг болгож Ноа-ийн гэр бүлийн дүрийг бүтээх ажил байлаа. Мөн таазан дээр зурагдсан зураг нь 12 эрэгтэй болон эмэгтэй хүмүүс Есүст очиж буйгаар дүрслэгдсэн байдаг. Таазан дээр зурагдсан хамгийн алдартай зургууд нь “Адам-ыг бүтээсэн нь”, “Адам Ева хоёр диваажингийн цэцэрлэгт, болон “Агуу үер” зэрэг зургууд байлаа. Мөн цонхны эргэн тойронд Христийн өвөг дээдсүүдийг дүрсэлсэн байдаг.

Флоренц-д Мэдики Попе-ийн ивээлд[засварлах]

1513 онд Хоёрдугаар Попе Жулиус нас барж түүний өв залгамжлагч Медики-гийн гэр бүлийн Аравдугаар Попе Лео Микеланжело-д Флоренц-д  байрлах Сан Лорензо-ийн сүмийн барилгын нүүрэн талыг дахин шинэчилж уран баримлаар чимэглэх үүрэг даалгасан ба Микеланжело үүнийг нь дурамжхан зөвшөөрч. Гурван жилийн турш бүтээлийнхээ загварыг гарган, Пиэтрасанта-д шинээр гантигийн уурхай нээхээр болсон боловч харамсалтай нь ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн гачигдлаас болж гэнэт цуцлагджээ. Сан Лорензо-ийн сүм одоог хүртэл нүүрэн талын чимэглэлгүй үлдсэн байдаг. 1527 онд Флоренцын иргэд Ромын дээрэм тонуулаас болж уурсан Медики-ийн засаглалыг унагаж бүгд найрамдах улсаа эргүүлэн байгуулж, бэхлэлт босгожээ, хайрт Флоренц хотдоо туслах үүднээс Микеланжело Флоренц-д эргэн очиж 1528-1529 онуудад хотын бэхлэлтэд тусалж байсан боловч 1530 онд хотын бэхлэлт нурж Медики засгийн эрхийг дахин гартаа авчээ. Микеланжело энэрэх сэтгэлгүй залхаан цээрлүүлж байсан Медики гүнгийн хаанчлалаас дүрвэн сүм барих ажлаа туслахдаа даатгаад 1530 оны дунд үед Флоренцоос дүрвэжээ.

Ромд урласан сүүлчийн бүтээл[засварлах]

Сүүлчийн шүүх

Сикстиний сүмийн ханан дээрх “Сүүлчийн шүүх” хэмээх бүтээлийг нь долдугаар Попе Клемент захиалсан ба төд удалгүй нас нөхцөж. Энэхүү бүтээлийг тэрээр 1534-1541 онуудад туурвисан ба энэхүү бүтээл нь Сикстиний сүмийн тахилын ширээний цаадах ханыг бүхэлд нь хамарсан асар том бүтээл байлаа. “Сүүлчийн шүүх” хэмээх энэхүү бүтээлд Христ дахин ирж буй тухай болон хүн төрөлхтөн Христэд шүүгдэж буй тухай дүрслэгдсэн байдаг. Микеланжело-гийн бүтээсэн бүх бүтээлүүдийг цэнзүүр байнга дагаж явдаг бөгөөд түүнийг италиар “Инвентор дэллэ порчэрие” /inventor delle porcherie/ буюу элдэв хачин бүхнийг сэтгэгч гэж нэрлэх нь ч бий. Католик шашны шинэчлэлтийн үеүүдэд Микеланжело-гийн бүтээлүүдийг янз бүрээр халхлах явдал ихээхэн гарсан байдаг. Хоёр жишээ хэлэхэд л Христо дэлла Минерва гэх гантиган бүтээлийг бүтээлгээр халхалсан бөгөөд одоог хүртэл нүцгэн Христийн хүүхэд байх үеийн төрхтэй баримал халхлагдсан хэвээр байдаг. Мөн Лондонд Викториа болон Албертийн музейд байрлах Давид-ын хуулбарыг эмэгтэй язгууртнуудад зориулан зарим хэсгийг навчаар халхалсан байдаг.

Гэгээн Петрийн сүм

1546 онд Микеланжело Гэгээн Петр Хааны сүмийн архитектурыг хариуцахаар томилогдсон ба бөмбөгөр оройных нь загварыг анх гаргажээ. Хэдий тэрээр барилгын ажил дуусахаас өмнө нас барсан боловч нэгэнт суурь хэсгийг нь барьж дууссан байсан учраас элдэв асуудалгүй дуусжээ.  Микеланжело Ромд 88 насандаа 89 нас хүрэхээс гурван долоо хоногийн өмнө нас нөгчжээ. Түүний өөрийнх нь сүүлчийн хүслийн дагуу эх нутагт нь эргүүлэн авчирч Тускани-д Санта Кросе-гийн сүмд нутаглуулжээ.

Сүүлчийн олдвор[засварлах]

2007 оны есдүгээр сарын 7-нд Микеланжело-гийн 1564 онд нас барахаасаа өмнө сүүлийн удаа улаан шохойгоор зурсан Гэгээн Петрийн сүмийн бөмбөгөр оройн загвар зураг Лаурентын номын сангаас олджээ.

Лаурентын номын сан[засварлах]

Луарентын номийн сан

1530 оны орчим Микеланжело Флоренц-д Лаурентын номын сангийн загварыг гаргасан ба баганууд дээд хэсэгтээ нарийсах болон өөр өөр хэлбэрийн тэгш өнцөгт хэлбэртэй шатны гишгүүр зэрэг шинэ шинэ хэв маягыг сэдэн оруулсан байдаг. Энэхүү барилга нь маннеризмийн хамгийн тод жишээ болсон бүтээл болжээ.

Хувийн амьдрал[засварлах]

Хувийн амьдралынхаа хувьд тэрээр нэгэн хэмжээнд л амьдардаг байж. Тэр өөрийн шавь Асканио Кондиви-д хэлэхдээ “Хэдий баян болсон ч би ядуу хүн шиг л амьдарч ирсэн” гэж хэлсэн байдаг. Кондиви түүнийг үргэлж нэгэн төрлийн зүйл идэж ууж өмсөж хэрэглэдэг байсан гэж дурдсан байсан бөгөөд ихэвчлэн хувцас гуталтайгаа унтдаг байсан гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ зуршлууд нь түүнийг нэрд гарахад саад болдог байж. Түүний намтрыг бичиж байсан Поало Гиовио хэлэхдээ “Түүний зан араншин дадал зуршил нь дэндүү болхи өрөвдөлтэй. Ганцаардмал, уйтгартай, хачин зан авираараа бусдыг үргэлж өөрөөсөө түлхдэг хүн байсан” гэж дурдагдсан байдаг.