Роберт Фицо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Роберт Фицо

Роберт Фицо (словак. Robert Fico; 1964 оны 9-р сарын 15-нд Чехословакийн Тополчани хотод төрсөн) Словакийн улс төрч, төрийн зүтгэлтэн. 2023 оны 10-р сарын 25-наас хойш Словакийн Ерөнхий сайд. Өмнө нь 2006-2010, 2012-2018 онд энэ албан тушаалыг хашиж байсан. Словакийн "Чиглэл-Нийгмийн ардчилал" улс төрийн намыг үүсгэн байгуулагч бөгөөд дарга нь юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1986 онд тэрээр Братислав хотын Ян Коменскийн нэрэмжит Их сургуулийн хуулийн факультет, 1992 онд Словакийн ШУА-ийн Төр, хуулийн хүрээлэнгийн аспирантурыг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны доктор, эрүүгийн эрх зүйн мэргэжилтэн.

Төгсөх курсийн оюутан байхдаа Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн дээд сургуульд ажиллаж, 1992-1995 онд тус хүрээлэнгийн дэд захирлаар ажиллаж байсан. Олон жилийн турш тэрээр Словак болон гадаадын их, дээд сургуулиудад хуулийн чиглэлээр заадаг байжээ.

1987-1990 онд Чехословакийн Коммунист намын гишүүн байв. "Хилэн хувьсгал"-ын дараа тэрээр Словакийн Коммунист намын залгамжлагч болсон Ардчилсан зүүний намд (АЗН) элссэн байна. 1996-1999 онд АЗН-ын дэд даргаар ажиллаж байгаад 1999 оны 11-р сард АЗН хуваагдсаны үр дүнд Фицо зүүн төвийн болон үндэсний популист нам болох "Чиглэл-Нийгмийн ардчилал" намыг үүсгэн байгуулж, удирдаж байв.

1992-2006 онд Словакийн нэг танхимтай парламент болох "Үндэсний зөвлөл"-ийн (словак. Národná rada Slovenskej republiky, NR SR) гишүүнээр ажиллаж байсан.

Тэрээр 2006 оны парламентын сонгуульд өөрийн удирдаж байсан "Чиглэл" нам ялсны дараа эвслийн Засгийн газар байгуулж, Ерөнхий сайд Микулас Журиндагийн оронд очсон. 2010 оны 7-р сарын 7-нд парламентын сонгуулийн дараа 6-р сарын 12-ны өдөр албан тушаалаа өгсөн. Өмнө нь Словакийн Ерөнхийлөгч Иван Гашпарович хоёр дахь засгийн газраа байгуулахыг оролдохыг Фицод даалгасан ч бүтэлгүйтсэн юм. Маргааш нь шинэ засгийн газрыг Ивета Радичова тэргүүлсэн байна.

2012 оны 4-р сарын 4-нд парламентын ээлжит бус сонгуульд ялалт байгуулсны дараахан (нам нь парламентад 150 суудлаас 83 суудал авсан) Фицо улс орныхоо шинэ засгийн газар байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд энэ нь Словак тусгаар тогтносноос хойших анхны нэг намын засгийн газар болсон юм.

2016 оны парламентын сонгуульд нам нь нэгдүгээрт орсон ч 150 суудлаас дөнгөж 49 суудал авч Фицо эвслийн Засгийн газар байгуулав.

Тэрээр 2018 оны 3-р сард сэтгүүлч Ян Куциак болон түүний сүйт бүсгүй Мартина Кушнироваг хөнөөсөн хэрэг гарч шугиан болсноос албан тушаалаасаа огцорсон юм. Куциак татварын луйвар, Италийн гэмт хэргийн бүлэглэл "Ндрангета" болон Словакийн улс төрийн байгууллагуудын хоорондын холбоог шалгаж байжээ. Словакийн хотуудын гудамжинд олон мянган иргэд сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргийг эсэргүүцэн жагсаал болжээ.

Тэрээр 2023 оны парламентын сонгуульд “Чиглэл-Нийгмийн ардчилал” намаа ялсны дараа эвслийн Засгийн газар байгуулж, Людовит Одорын оронд Ерөнхий сайдаар томилогдсон.

Роберт Фицо ОХУ-ын Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлсний хоёр жилийн ойд зориулсан үг хэлэхдээ, Донбасст дайн "Украины неонацистууд газар авснаас" болж эхэлсэн бөгөөд "Оросын ерөнхийлөгч НАТО-г зүүн тийш тэлж эхэлснээс ийм алхам хийсэн. Энэ үйл явцыг зогсоохын тулд Путин бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Амь насанд халдах оролдлого[засварлах | кодоор засварлах]

2024 оны 5-р сарын 15-нд Хандлова хотод (словак. Handlová, герман. Krickerhau, унгар. Nyitrabánya) Засгийн газрын явуулын хуралдааны дараа Роберт Фицогийн амь насанд халдахыг оролдсон. Тэрээр хэд хэдэн сумны шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг буудсан этгээдийг газар дээр нь саатуулжээ.