Танганьика нуур
Танганьика нь Танзани улсын баруун хэсэгт оршдог ба Байгал нуурын удаах дэлхийн хоёр дахь гүнзгий, цэнгэг уст нуур юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Нуур нь Танзани, Замби, Конго, Бурунди гэсэн 4 улсын нутагт хуваагдана. Өргөрөгийн 3-8 градус, уртрагийн 29-31 градусд орших бөгөөд 40-50км өргөн, 650км урт сунаж тогтсон байдаг. Танганьика нуур 32,900км2 талбай эзлэх ба энэ нь Африк тивд 2-т, Дэлхийд 5-д орно. Дундаж гүн нь 570м, хамгийн гүн хэсэгтээ 1471м юм. Эргийн урт нь 1900км ба 17,800км3 ус агуулдаг. Нууранд цутгадаг үндсэн том гол нь Рузизи ба Малагараси боловч үүнээс гадна хэдэн арван жижиг гол байна. Нөгөөтэйгүүр нуураас эх аван урсдаг ганц гол байдаг тул Танганьика нууранд орсон ус гадагшлалгүй маш удаан хугацаанд (1000 жил хүрдэг гэгддэг) үлддэг ба 90% нь ууршиж алга болдог гэнэ.
1858 онд, Нил мөрний эх савыг хайж байсан Английн эрэлчид Жон Спик, Ричард Бартон нар Танганьика нуурыг анх нээсэн болно.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Энэхүү нуурын загас нь эргэн тойрны хүмүүсийн гол хоол хүнс болдог. Танганьика нуурын орчимд 800-аад загасны аж ахуй байх ба 100,000 хүн ажилладаг байна. Мөн нуураас барьсан загасыг Зүүн Африкийн бүх улсуудад экспортолдог. Загасны худалдаа нь 1950 оны үеэс эхлэн 1995 оны байдлаар 180,000т загас барьсан тооцоо байдаг.