Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газар

Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газар буюу Төвөдийн Төв Захиргааны газар (ТХЧЗГ, төвөд. བཙན་བྱོལ་བོད་གཞུང་, латин үсгээр: btsan byol bod gzhungs)- Төвөдийг БНХАУ-д албадан нэгтгэхээс өмнө байсан Засгийн газрын түүхэн үргэлжлэл болсон байгууллага. Тэргүүн нь Бямба Цэрэн (2021 оны 5-р сарын 21 хүртэл засгийн газрын тэргүүнээр Лувсан Сэнгээ байсан).

Энэ байгууллага нь Энэтхэгийн Дарамсалад байрладаг бөгөөд БНХАУ хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм. Анх Манж Чин улсын үеэс тус Засгийн газрыг Төвөдийн Кашаг гэж нэрлэдэг байжээ. 1960 онд хилийн чанадад гараад «Агуу их цаст нутгийн Засгийн газар» (англи. “the Government of the Great Snow Land”) гэж нэрээ өөрчилсөн байна.

Байгууллагын бүтэц нь Засгийн газрынхтай төстэй. Тэд Төвөдөд эрх мэдлийг гартаа авах зорилгогүй бөгөөд тус байгууллагыг "Төвөдөд эрх чөлөө сэргэх даруй" татан буулгаж, Төвөд доторх төвөдүүдийн байгуулсан Засгийн газрыг дэмжинэ гэсэн байна. Тэд улс төрийн үйл ажиллагаанаас гадна Энэтхэгт төвөд хүмүүст зориулсан дунд сургууль болон бусад соёлын байгууллага, арга хэмжээнүүд зохион байгуулан ажиллуулдаг байна.

Бүрдсэн нөхцөл байдал[засварлах | кодоор засварлах]

1950 онд Хятадын цэргийг Төвөдөд оруулсны дараа тус улсад Далай ламын тэргүүлж байсан уламжлалт Засгийн газар хоёр Ерөнхий сайдтайгаар (лам ба энгийн хүн) ажиллаж байв. Үүний зэрэгцээ Хятадын цэргийн эрх баригчид цэргийн баазынхаа сүлжээг идэвхтэй байгуулж, жил бүр Төвөдийн дотоод хэрэгт улам бүр хөндлөнгөөс оролцох нь гүнзгийрч байв.

НҮБ мөн тухайн үед Хятадын эзлэн түрэмгийллийн эсрэг тусламж хүссэн Төвөдийн Засгийн газрын хүсэлтийг авч хэлэлцээгүй байна. “17 зүйл заалттай Гэрээ”-нд анх 14-р Далай ламын зөвшөөрөлгүйгээр, Бээжингийн шахалтаар Төвөдийн төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрээг төвөдүүдийн бослогыг дарах үеэр 1959 оны 3-р сарын 28-ны өдрийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зарлигаар дангаар цуцалсан байна.

Ерөнхий зүйл[засварлах | кодоор засварлах]

Төвөдийн Төв Захиргаа орчин үеийн ардчиллын зарчмуудыг дэмжин дэлгэрүүлж Төвөдийн ирээдүйг хангах ёстой гэж үздэг. 1960 оны 9-р сарын 2-нд Хилийн чанад дахь Төвөдийн парламент байгуулж, дараа нь Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Комисс (одоогийн Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Ассамблей) гэж нэрлэгддэг болов.

1990 онд 14-р Далай лам цаашдын ардчиллыг үргэлжлүүлэхийг зарласны дараа Ассамблейг 46 гишүүнтэй болгон өргөжүүлэв. Ассамблейд Кашаг буюу Засгийн газрыг сонгох эрх олгосон байна. Үүний нэгэн адил Төвөдийн шүүх засаглал буюу Төвөдийн Шүүхийн Дээд Комисс байгуулагдав.

Шинээр байгуулагдсан Төвөдийн Ардын Төлөөлөгчдийн Ассамблей Төвөдийн дүрвэгсдэд зориулсан Үндсэн хуулийн төслийг боловсруулж, «Цөллөгт буй төвөдүүдийн Харти» (англи. The Charter of the Tibetans in Exile) гэж нэрлэжээ.

Одоогоор Кашаг (Засгийн газар) долоон хэлтэст хяналт тавьдаг: дотоод хэрэг, шашин, соёл; боловсрол; эрүүл мэнд; аюулгүй байдал; санхүү; мэдээлэл, олон улсын харилцаа. Үнэн хэрэгтээ Энэтхэгт дүрвэсэн 100,000 төвөдийн нийгэмлэг нь өөрийн сургууль, эмнэлэг гэх мэт холбогдох газруудаар удирдуулдаг “төр доторх улс” болоод байгаа юм.

Мэдээлэл, олон улсын харилцааны хэлтсийн гол үүрэг бол төвөдүүд болон дэлхийн хамтын нийгэмлэгт Төвөдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх явдал юм. Дэлхийн 12 оронд байрлах Төвөдийн Засгийн газрын төлөөлөгчийн газрууд шууд тайлагнадаг байна. Эдгээр оффис нь Шинэ Дели, Женев, Нью-Йорк, Токио, Лондон, Катманду, Будапешт, Москва, Парис, Канберра, Преториа, Тайбэй хотод үйл ажиллагаагаа явуулдаг.

2011 онд 14-р Далай лам оюун санааны удирдагчийн үүргээ хэвээр үлдээж, улс төрийн эрх мэдлээсээ татгалзсан юм. Үүгээр энэ эрх мэдэл Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газарт шилжсэн байна. Тусгаар тогтнолын үеийн Төвөд улсын удирдлагаас энэ Засгийн газрын залгамж чанар хадгалж байгаа гэдэг. «Дүрвэсэн төвөдүүдийн Харти» дүрэмд тус засгийн газар хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Төвөд эрх чөлөөгөө сэргээж, бүх нийтийн сонгуулиар ардчилсан шинэ Засгийн газар байгуулсны дараа Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газар татан буугдах болно гэж 14-р Далай лам мэдэгдээд байгаа.