Федерико Феллини

Федерико Феллини

Федерико Феллини (итали. Federico Fellini; 1920 оны 1-р сарын 20-нд Италийн далайн эрэг дахь Римини хотод төрсөн —1993 оны 10-р сарын 31-нд Ром хотод нас барсан) — италийн алдартай кино найруулагч, кино зохиолч. «Оскар» таван удаагийн, Каннын кино наадмын «Дал модны алтан навч» шагнал хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Федерико Феллини 1920 оны 1-р сарын 20-нд италийн далайн эрэг дахь амралтын Римини хотод төржээ. Түүний эцэг Урбано Феллини (1894-1956), эх Аида Барбиани (1896-1984) нар 1918 онд Ромд гэрлэж, дараа нь Римини хот руу нүүжээ. Удалгүй түүний дүү Рикардо (1921—1991), Мария Маддалена (1929—2004) нар төржээ.

Федериког бага байхад өвчин ороодог сульдаатай хүүхэд байжээ. Багадаа тэрээр үзүүлбэр үзүүлэх дуртай байсан: маск хийж, хүүхэлдэй зурж, хувцас оёдог байв. Аялан тоглолтоор ирсэн явуулын цирк түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг.

Федерико сонгодог боловсрол эзэмшиж, Фао дахь хийдийн сургуулийг төгсчээ. 1937 онд тэрээр Флоренц руу нүүж, сурвалжлагчийн мэргэжлээр суралцаж, найз Демос Боннинигийн Фебо компанид шог зураачаар ажиллаж байжээ.

1938 онд Феллини Ромд ирж суурьшсан байна. Тэрээр галт тэрэгний өртөөний ойролцоох нэгэн өрөөнд, энэтхэг, хятад худалдаачид, хулгайч, биеэ үнэлэгчидтэй зэрэгцэн амьдардаг байжээ. Энэ үед тэрээр туранхай байсан тул түүнийг "Ганди" гэж дууддаг байсан байна. Энэ үед тэрээр сонин, сэтгүүлд зураг зурж амьдралаа залгуулж, эстрад шоу, сурталчилгаа, жижиг радио нэвтрүүлгүүдэд жижиг зохиол бичиж өгдөг байв.

1938-1942 онуудад Феллини фашизмын эсрэг үзлээрээ алдартай "Маркус Аурелиус" хэмээх хошин шогийн сэтгүүлд нийтлэл бичдэг байсан. Түүнд кино зохиол бичих санал ирэхээс өмнө түүний долоон зуу орчим бүтээл хэвлэгджээ.

1943 онд Ромын нэгэн радиогоор Феллинигийн бичсэн "Чико, Полина нарын амрагууд"-ын амьдралын тухай хөгжилтэй нэвтрүүлгүүдийг нэвтрүүлж байжээ. Удалгүй түүнд тэрхүү түүхийг дэлгэцээр үзүүлэх санал ирж, Феллини саналыг хүлээн авчээ. Жүжигчдийн нэг нь дур булаам Жульетта Мазина байв. Тэрээр Федерико Феллинигийн цорын ганц эхнэр болсон бөгөөд түүний уран бүтээлийн онгодыг дууддаг гол хүн гэж дурссан байна.

"Зам" кино[засварлах | кодоор засварлах]

1949 онд Федерико Феллини "Зам" киноны зохиолыг бичсэн боловч зураг авалтын хөрөнгө олдохгүй байжээ. Эцэст нь продюсерүүд олдох үед (тэдгээр нь ирээдүйн дэлхийд алдартай Дино Де Лаурентис, Карло Понти нар байсан) Феллини 1953 оны сүүлээс 1954 оны хавар хүртэл ажилдаа орж, ихэнх цагаа гадаа байгаль дахь зураг авалт байсан байна. Энэ киноны гол дүрийг түүний эхнэр Жульетта Мазина, жүжигчин Энтони Куинн нар бүтээжээ. Энэ кино маш амжилттай болж, Венецийн кино наадмын мөнгөн арслан, 1957 оны Кино Академийн "Оскар" шагнал зэрэг киноны салбарын тавь гаруй шагналыг хүртжээ.

"Луйварчид" (1955) киноны дараагаар Феллини өөр нэг шилдэг бүтээл болох "Кабирийн шөнө" (1957) кино бүтээжээ.

Киноны гол дүрийн (Жульетта Мазина тоглосон) өрөвдмөөр сайхан сэтгэл, эмгэнэлтэй итгэмтгий байдлаас Феллини "сайн, муу" хоёрын мөнхийн тэмцлийн нууц утгыг хайсан гэж хэлж болно.

Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Он Монгол нэр Итали нэр Гүйцэтгэсэн үүрэг
1951 ф Варьетегийн гэрлүүд Luci del Varietà Найруулагч (Альберто Латтуадын хамт), кино зохиолч
1952 ф Цагаан шейх Lo Sceicco Bianco Найруулагч, кино зохиолч
1953 ф Нусгай хүүхдүүд I Vitelloni Найруулагч, кино зохиолч
1954 ф Зам La Strada Найруулагч, кино зохиолч
1955 ф Луйварчид Il bidone Найруулагч, кино зохиолч
1957 ф Кабирийн шөнө Le notti di Cabiria Найруулагч, кино зохиолч
1960 ф Хөнгөн амьдрал La Dolce Vita Найруулагч, кино зохиолч
1963 ф Найм аравны тав Найруулагч, кино зохиолч
1965 ф Жульетта ба сүрчиг Giulietta degli Spiriti Найруулагч, кино зохиолч
1969 док Найруулагчийн тэмдэглэл Block-notes di un regista Найруулагч, кино зохиолч, камео буюу туслах дүр
1969 ф Феллини-шог үзэгдэл Fellini — Satyricon Найруулагч, кино зохиолч
1970 док Федерико баяртай ! Ciao Federico ! камео
1970 тф Алялагчид I Clowns Найруулагч, кино зохиолч, гол дүр
1972 ф Ром Fellini Roma Найруулагч, кино зохиолч
1973 ф Амаркорд Amarcord Найруулагч, кино зохиолч
1976 ф Хүүхэмсэг Федерико Феллини Il Casanova di Federico Fellini Найруулагч, кино зохиолч
1978 ф Найрал хөгжмийн давтлага Prova d’Orchestra Найруулагч, кино зохиолч
1980 ф Хатагтай нарын хот La Citta' delle Donne Найруулагч, кино зохиолч
1983 ф Усан онгоц явж байна E la Nave Va Найруулагч, кино зохиолч
1986 ф Жинджер, Фред хоёр Ginger e Fred Найруулагч, кино зохиолч
1987 ф Ярилцлага Intervista Найруулагч, кино зохиолч
1990 ф Сарны хоолой La voce della Luna Найруулагч, кино зохиолч