Фрида Кало

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фрида Кало нөхөр Диего Риверагийн хамтаар

Магдалена Кармен Фрида Кало Калдерон (исп. Magdalena Carmen Frida Kahlo y Calderón; 1907.07.06 – 1954.07.13) нь Фрида Кало нэрээрээ алдаршсан Мексикийн зураач юм. Фрида Мексикийн баялаг өв соёлыг хурц тод өнгөөр реализм, символизм, сюрреализм зэргийн аль алиныг ашиглан зурдаг байжээ.

Фрида Мексикийн Мехико хотын хаяанд орших Коёоакан нэртэй жижиг тосгонд төржээ. 18 насандаа авто осолд орж хүндээр гэмтсэн бөгөөд үүнээс болж амьдралынхаа туршид нийтдээ 35 удаа хагалгаанд оржээ. Ослын дараагаар тэрээр зургаар оролдох болж, өөрийн өвчин шаналал, бүтэлгүй гэрлэлт, тоо томшгүй олон хагалгаа зэрэг өөрт нь тохиолдсон явдлыг зургаар илэрхийлэх болжээ. Түүний зурсан нийт 143 зураг байдгаас 55-д өөрийгөө дүрсэлсэн байдаг. Залуу уран бүтээлчийн хувиар Фрида тухайн үеийн алдартай зураач Диего Ривератай заавар, зөвлөгөө хүсч очин танилцсан бөгөөд 20 насны зөрүүг үл хайхран 1929 онд түүнтэй гэрлэжээ. Тэдний гэр бүлийн амьдрал тогтвортой байсангүй, салсан ч 1940 онд дахин гэрлэсэн. 1939 онд Фрида Парист зургийн үзэсгэлэнгээ гаргах үеэр Луврын музейгээс түүний Жааз хэмээх зургийг худалдаж авсан нь Луврын музейн хувьд 20-р зууны Мексикийн уран бүтээлчийн бүтээлийг худалдаж авсан анхны тохиолдол байлаа.

Кало 1954 онд удаан хугацаагаар өвдөж шаналсны эцэст нас барсан.

Хэдийгээр Фрида авьяаслаг зураач байсан ч уран бүтээлч гэхээсээ илүүтэйгээр алдартай зураач Диего Риверагийн эхнэр гэдгээрээ олонд танигдсан байсан ба 1980-аад оноос түүнийг уран бүтээлч гэдгээр нь олон нийт илүү сонирхох болжээ. Түүний Мехико хотын хаяанд Коёоаканд орших “цэнхэр” байшинг Диего Ривераг 1957 онд нас барсны дараа Фрида Калогийн гэр-музей болгосон байна.

Фридагийн төрсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Мехикод 2007 оны 06 сарын 13-наас 08 сарын 12 хүртэл зохион байгуулагдсан бөгөөд энд түүний уран бүтээл, мөн өмнө олон нийтэд дэлгэгдэж байгаагүй гар бичмэл, захиа сэлтийг дэлгэж үзүүлжээ.