Хятадын хөгжлийн банк

Бээжин дахь Хятадын хөгжлийн банкны төв байр.

Хятадын хөгжлийн банк (англи. China Development Bank, хятад. 国家开发银行, товч. CDB) - 1994 оны 3-р сард үндэсний тэргүүлэх ач холбогдол бүхий засгийн газрын төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяалалд байдаг төрийн банк. Одоогоор улсын хэмжээнд 35 салбар, 1 төлөөлөгчийн газартай. Тус банк нь дэд бүтэц, томоохон аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр зэрэг үндэсний төслүүдэд санхүүжилт олгодог байна.

Төрийн санхүүгийн байгууллагын үндсэн үүрэг нь төвөөс явуулж буй макро эдийн засгийн бодлогыг дэмжиж, үндэсний эдийн засгийн хөгжил, эдийн засаг дахь стратегийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих зэрэг юм.

Хятадын Хөгжлийн банк үйл ажиллагаагаа эхэлсэн эхний арван жилд дэд бүтэц, харилцаа холбоо, зам тээвэр, үндсэн аж үйлдвэртэй холбоотой 4000 гаруй төсөлд 1.6 их наяд юанийн зээл олгосон байна. Хөрөнгө оруулалтыг Шар мөрний дагуу болон Хөх мөрний өмнө болон хойд бүс нутагт хуваарилдаг. Хятадын хөгжлийн банк Хятадын баруун болон баруун хойд мужуудыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, зүүн болон баруун мужуудын эдийн засгийн өсөн нэмэгдэж буй ялгааг багасгаж, Хятадын зүүн хойд нутгийн хуучин аж үйлдвэрийн төвүүдийг сэргээн хөгжүүлэхэд анхаарч байна.

2008 онд тус банкийг хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, нэрийг нь "Хятадын хөгжлийн банкны корпорац" болгон өөрчилсөн. 2017 онд эрх зүйн статусаа хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, өмнөх нэрийг нь буцаан авчээ.

2010 оны эцсийн байдлаар Хятадын Хөгжлийн банк 687.8 тэрбум ам.долларын зээлтэй байсан нь Дэлхийн банкнаас хоёр дахин их үзүүлэлт юм.

Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Тус банк гол төлөв дэд бүтэц, хурдны төмөр зам, гүүр, цахилгаан станц, хотын тээвэр гэх мэт дэд бүтцийн томоохон төслүүдэд зээл олгодог. Жилд 100 орчим тэрбум юанийн зээлийг жижиг бизнесүүдэд олгодог. БНХАУ-ын дотоодын төслүүдээс гадна Оросоос Хятад руу хийн хоолой татах, Нигери, Грекийн боомтуудыг шинэчлэх, Беларусь, Казахстан, Индонез, Вьетнам болон бусад орны төслүүд зэрэг гадаад дахь төслүүдийг төрийн бодлогоор санхүүжүүлдэг.

Хувьцаа эзэмшигчид[засварлах | кодоор засварлах]

  • БНХАУ-ын Сангийн яам (36,54 %);
  • Central Huijin Investment (34,68 %);
  • Buttonwood Investment Holding Company (27,19 %);
  • Нийгмийн хангамж эрхэлсэн Үндэсний зөвлөлийн сан (1,59 %).