Эварист Галуа

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эварист Галуа

Төрсөн огноо 1811 оны 10 сарын 25 (1811-10-25)
Францын эзэнт гүрэн, Бур-ля-Рен
Нас барсан огноо 1832 оны 5 сарын 31 (20 насалсан)
Францын вант улс, Парис
Үндэс Франц
Салбар Математик
Алдаршсан зүйл Тэгшитгэлүүдийн онол болон Абелийн интегралуудын талаарх судалгаа
Гарын үсэг

Эварист Галуа (фр. Évariste Galois; 1811 оны 10 сарын 25-нд Францын О-де-Сений Бур-ля-Ренд төрж, 1832 оны 5 сарын 31-нд Парист нас барсан) — Францын агуу математикч, орчин цагийн дээд алгебрийг үндэслэгч. Хувьсгалч-бүгд найрамдах үзэлтэн тэрээр 20 настайдаа дуэль хийж нас барсан.

Түүх[засварлах]

Галуа нь Бур-ля-Ренд (Bourg-la-Reine), Парисаас өмнө байрлах хэсэгт төрсөн. Тэрээр Николя-Габриэля Галуа болон Аделаиды-Мари Демант нарт гурван хүүхдийн хоёр дахь болон мэндэлсэн. 12 настайдаа Эварист Агуу Людовикийн лицейд элсэн орж суралцах хугацаандаа бүгд найрамдах үзэл сурталтай сурагчдын эсрэг хийсэн хуйвалдааны гэрч болж байв.

16 настайгаасаа эхэлж математикийн өгүүллэг уншиж эхэлсэн. Үүнд Нильс Абелийн дурын зэрэгт тэгшитгэлийг бодох асуудал сонирхлыг нь их татаж байв. Багш нарын ярьж байснаар зөвхөн математик л түүнийг дуугүй суудаг сурагчаас шилдэг нь болоход тусалсан гэжээ. Үүний дараагаар тэрээр анхны ажлаа 17 насандаа «Annales de Gergonne» гэх сэтгүүлд хэвлүүлжээ. Гэхдээ түүний авъяас нь олонд танигдахад тус болж чадахгүй байв, учир нь түүний хийсэн бодолтууд багш нарын мэдлэгээс нь хэт давж байжээ. Түүнчлэн тэрээр хэт ойлгомжтой асуудлуудыг ихэнхдээ орхиж байснаас болж олон математикч бүтээлийг нь үнэлж чадаагүй байна.

18281829 онуудад Галуад таагүй олон үйл явдал тохиолдов: Нэг жилийн завсартай 2 удаа Политехникийн сургуульд орох шалгалтад унав (École Polytechnique). Эхний удаа хэт богино бодолт, тайлбар байхгүй гэсэн шалтгаанаар бол нэг жилийн дараа аман шалгалт дээр шалгалт авагч бас л ийм дүгнэлт хийж тэнцүүлээгүйн улмаас уурандаа шалны алчуур багш руу шидсэн байна. Энэ сургуульд орох нь мөрөөдөл байсан ба учир нь энэ сургууль бүгд найрамдахчуудын төв гэгддэг байв. Дараагийн азгүйдэл нь хоёр ч удаа Кошид илгээсэн ажлууд ба тэдгээр нь алга болж Францын ШУА-ийн уралдаанд орж чадаагүй байна. 1829 онд хоёр нүүрт ламтны бичсэн ёгт өгүүллэгээс болж аав нь амиа хорлов. Ичгүүрт байдлаас гарах ганц арга бол амиа хорлох гэж шийдсэн байжээ.

1829 онд Галуа ердийн дээд сургуульд элсэх боломж олдсон боловч жилийн дараа бүгд найрамдахчуудын улс төрийн цуглаанд оролцсон хэргээр хөөгдөж байжээ.

1830 он: 7 сарын хувьсгал Франц улсад тохиов. Хаан X Карл сэнтийгээсээ бууж, арай либерал үзэлт Орлеаны Луи Филипп хаан болов.

Удалгүй Галуа өөрийн ололтын талаар Академийн уралдаанд орохын тулд Фурьед мэдээлсэн боловч удалгүй Фурье нас барав. Түүний үхлийн дараа ч гар бичмэл нь олдсонгүй. Энэ уралдаанд Абель түрүүлэв. Гэсэн хэдий ч Галуа өөрийн онолын 3 өгүүллэг хэвлүүлж амжив. Пуассонд илгээсэн өгүүлэгт:

Ер нь бол Ноён Галуагийн баталгааг ойлгоход биднээс хамаарах бүх зүйлийг бид хийлээ. Түүний баталгаа нь ойлгомжгүй, яг зөв эсэхийг шинжлэхэд хүрэлцээтэй тодорхой бус байгаа нь бидэнд энэ ажлын талаар дүн шинжилгээ хийх боломжгүй болгож байна.

гэжээ.

Галуа бүгд найрамдахчуудын цуглаанд оролцсоор л байв. Хоёр удаа Сент-Пелажийн шоронд хоригдов. Эхний удаа 1831 оны 5 сарын 10-нд, дараа нь мөн оны 6 сарын 14-нөөс 1932 оны 3 сарын 16 хүртэл суув. Хоёр дахь удаа өвдөж Лурсин гудамжны 86-р эмнэлэгт хэвтсэн ба энэ нь түүний амьдарч байсан сүүлчийн тодорхой газар байв.

Энд тэрээр Жана-Луигийн охин Стефанитай учирсан ба түүний үл зөвшөөрөлт нь үхлийн шалтгаан байсан байж болох.

Мөн оны 5 сарын 30-ны өглөө эрт Жантий дахь Гласьер цөөрмийн дэргэд Галуа дуэлээс үхлийн шарх авсан байна. Хоёр тал бие биеэ хэдхэн метрээс буудсан бөгөөд Галуагийн гэдсэн тус газар оножээ. Тус газар амьдрагч нэгэн түүнийг Кошен дахь эмнэлэгт аваачсан байна. Дуэль юунаас болсон, хэнтэй дуэльдсэн зэрэг нь хүртэл тодорхойгүй хоцорчээ. 1832 оны 5 сарын 31-ний өглөө 10 цагт Галуа тэнгэрт хальжээ. Тэрээр үхлийн өмнөх шөнө Академид зориулсан өөрийн шинэ ажлаа хийж дуусгаад найз Огюст Шевальед үлдээжээ.

Шинжлэх ухааны амжилт[засварлах]

20-хон жил амьдрахдаа Галуа 19-р зууны том математикчдын эгнээнд элсэх нээлт хийсэн. Алгебрийн тэгшитгэлийн онолын бодлогуудын бодож, орчин цагийн алгебрийн үндсийг тавьсан, үүнээс бүлгийн онол, Галуагийн талбар (төгсгөлөг талбар).

Галуа нь 16-р зууны үеэс шилдэг математикчид бодож чадаагүй асуудлуудыг судалсан: дурын зэрэгт тэгшитгэлийн ерөнхий шийд олох, тэднийг коэффициентуудын тусламжтай, арифметик үйлдлүүд ашиглан илэрхийлэх.

Абель Ниль Хенрик хэдэн жилийн өмнө 5-аас дээш зэрэгтэй тэгшитгэлийн "радикал дахь" шийдийг олох боломжгүйг баталсан, гэвч Галуа илүү цаашаа энэ сэдвийг явуулсан. Тэрээр гарцаагүй бөгөөд хүрэлцээтэй нөхцлийг бодож олж, радикалуудын тусламжтай шийд бий болгох аргыг олсон. Энд үнэтэй зүйл бол энэ шийд биш харин бодсон арга барил нь илүү үнэтэй юм.

Галуагийн ажлууд эхлээд орчин үеийнхэнд ойлгомжгүй байсан бөгөөд удалгүй 1843 оноос эхлэн Лиувилль Жозеф зэрэг математикчид сонирхож эхлэн Онолын шинэ салбар "Абстракт алгебрийн бүтэц" бий болж дараагийн 20 жил эрчимтэй хөгжүүлэгдсэн.

Мөн үзэх[засварлах]