Эйфелийн цамхаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Paris 06 Eiffelturm 4828.jpg

Эйфелийн цамхаг (фр. Tour Eiffel) буюу Төмөр Хатагтай (La Dame de Fer) нь өнөөгийн Парисын хамгийн том доминант бөгөөд түүнийг зохиогч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд (Champs de Mars) телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. 300м өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат), байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт (нийт 1652 шат бий) хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байхгүй. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг.

Түүхийн хуудас сөхвөл Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр конструкцыг 2.5 сая ган холбоосоор холбож байж, дунджаар сард 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5-р сарын 6-нд баригдаж дуусчээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байжээ. Зохиолч Гё Дэ Мопассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.