Үэшиба Морихэй

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Үэшиба Морихэй

Үэшиба Морихэй (Японоор 植芝盛平) нь Айкидо бие хамгаалах урлагийг үндэслэгч юм.

1883 оны 12 сарын 14-ний өдөр Японы Вакаяма мужийн Танабэ гэх газар мэндэлжээ. Түүний хүүхэд нас Японы эртний нийслэл Киото хотын Майзүрү дүүрэгт өнгөрсөн байна. Их багшийн эцэг Үэшиба Ёорокү болон эх Үэшиба Юки нар нь 5 хүүхэдтэй байсны ганц хүү нь Морихэй байсан бөгөөд бага балчир наснаас аавынхаа онцгой анхаарал халамжинд өсөн бойжсон хүү байв. Түүний эцэг Ёорокү нь тодорхой хэмжээний газар эзэмшигч болон загас, модон материалын наймаа эрхэлдэг чинээлэг нэгэн байсан гэдэг. Үэшиба Морихэй бага байхаас бие сул, өвчлөмтгий хүүхэд байсан бөгөөд мөрөөдөмтгий болоод ном, үлгэрт дуртай хүүхэд байсан учир эцэг нь Сүмо бөхөөр хичээллүүлж бие бялдрыг нь хөгжүүлэх тал дээр анхаарал тавьдаг байснаас гадна японы эртний домогт баатарууд, эрэлхэг самурайчуудын тухай домог түүхийг ярьж өгөн эр хүний ёсоор хүмүүжүүлэхийг хичээдэг байсан байна. Түүгээр зогсохгүй Үэшибагийн гэр бүлийн өвөг дээдэс болох Кичиэмон гэж нэртэй өөрийнхөө цаг үедээ алдартай, эрэлхэг нэгэн самурай байсан талаар аав нь хүүдээ бахархан ярьж өгдөг байсан гэдэг.

Үэшиба Морихэй залуу наснаасаа Япон үндэсний тулааны урлагийн хэд хэдэн төрлөөр хичээллэн Бүдогийн замд залуу багаасаа шамдан орсон баримт мэдээнээс бидэнд үлдсэн байдаг. Тухайлбал: 1901 оны үед Токио хотноо Тозава Токүзабүрогийн удирдлагын дор “Тэншин Шиньё-рюү Жү-Жицү” /зөөлөн урлаг, чадвар гэсэн утга агуулна/, 1903 – 1908 оны хооронд Сакай хотод Накай Масакацүгийн удирдлагын дор “Гото-ха Яагюү Шинган-рюү Жү-жицү”, 1911 онд Танабэд Кийочи Такагийн удирдлагын дор Жүдо урлагаар тус тус хичээллэж байсан байна. Гэсэн хэдий ч жинхэнэ “Бүдо” /бүдо – гэдэг нь дайчин эрийн замнал гэх утга агуулдаг/ урлагт нэвтэрч гүнзгийрэх болсон шалтгаан нь 1912 оны үйл явдлуудтай холбоотой байдаг билээ. Тухайн онд Үэшиба Морихэй өөрийн гэр бүлийн хамт хэсэг дагалдагч хүмүүсийг удирдан Японы хойд арал болох Хоккайдод шилжин ирж газар тариалан эрхлэх болсон бөгөөд энэ газраа суурьших үедээ “Дайто-рюү Айки-Жү-жүцү” урлагийн Их багш Такэда Сокакүтай учирч энэ урлагаар хичээллэж эхэлсэн нь түүний цаашдын хувь тавиланг тодорхойлсон үйл явдал болсон. Тухайн он жилүүдийн талаарх дурсамжаа нэгэн ярилцлагад Морихэй багш ингэж өгүүлсэн байдаг юм:

"14-15 настай байхаас Тозава Токүзабүро багшаар “Тэншин Шиньё-рюү Жү-Жүцү” заалгаж эхэлсэн ба дараа нь "Кито-рюү", "Ягюү-рюү", "Айой-рюү", "Шинкагэ-рюү" зэрэг Жү-жүцү урлагийн хэлбэрүүдээр хичээллэж байсан. Гэсэн хэдий ч сэтгэл дундуур байж хаа нэгтээ жинхэнэ Бүдогийн урлаг заавал байх ёстой гэж боддог байсан. Тиймээс ч дээрээс нь "Хозоин-рюү сожүцү" урлаг болон "Кэндо" урлагаар хичээллэж үзсэн. Гэвч энэ бүх тулааны урлагууд зөвхөн нэг нэгээр тулалдах урлагууд байсан учир миний сэтгэлд хангалтгүй мэт санагдаж байсан юм. Би олон газраар явж олон янзын дасгал сургууль хийж үзсэн боловч өөрийн хайсан зүйлээ, жинхэн Бүдог олж чадахгүй л байлаа. Тэгээд 30 орчим настай байх үедээ Хоккайдо арал дээр суурьших болж санамсаргүй тохиолдлоор Китами мужийн Энгарү дахь Хисада Инн гэдэг газар явж байхдаа Айнү овгийн нэртэй багш Такэда Сокакүтай танилцах завшаан олдсон юм. Тэр багш Дайто-рюү Жү-жүцү урлагийг заадаг байлаа. Тэр багшийн удирдлаган дор тухайн урлагийг 30 хоног хичээллэсний дараа онгод орох шиг мэдрэмж өөрт төрж байсныг санадаг юм. Ингээд хожим нь тэр багшийг гэртээ урьж өөрийн 15-16 ажиллагсдын хамт Бүдогийн мөн чанарыг олж мэдэх замдаа орж түүний шавь нар болцгоосон þì.

Асуулт: Та Такэда Сокакү багшийн удирдлагын дор Дайто-рюү урлагаар хичээллэж байхдаа Айкидо урлагаа бүтээсэн гэж хэлж болох уу? Хариулт: Такэда Сокакү багш Бүдог ойлгох замд миний нүдийг нээж өгсөн хүн гэж хэлбэл илүү оновчтой болох болно".

Үэшиба Морихэй

.

Такэда Сокакү ба Дайто-рюү урлаг[засварлах]

Айкидо урлагийн үндсэн техникийн суурь бие болоход хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл нь гарцаагүй Их мастер Такэда Сокакүгийн заадаг байсан Дайто-рюү гэж нэрлэгддэг Айки-жү-жүцү урлаг мөн билээ. Зарим нэг нь санал нийлдэггүй ч Такэда багшийн үндсэн бүртгэл тэмдэглэл дээрээс үзэхэд Үэшиба нь 1915-1937 онуудын хооронд Дайто-рюү урлагаар хичээнгүйлэн суралцаж байсан нь харагддаг юм. Тэрээр Дайто-рюү урлагаар хичээллэх явцдаа Такжда Сокакү багшаас хэд хэдэн чухал гэрчилгээ баримтуудыг гардан авч байсан ба дурдахад: "Hiden Mokuroko", "Hiden Ogi", "Goshin'yo te"(Япон хэл дээрх гэрчилгээнүүдийн нэрс) зэрэг гэрчилгээ баримт байдаг байна. Харин 1922 онд Үэшиба багш Такжда Сокакү багшаас "Багшлах эрхийн бичиг" буюу "Kyoju dairi" сертификатаа гардан авсан байдаг.