Jump to content

Авирмэдийн Чогров

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Авирмэдийн Чогров /1919-1948/

Авирмэдийн Чогров нь 1919 оны зун Ховдын хязгаарын Алтайн Урианхайн Дархан гүний хошууны нутаг буюу одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг, Алаг толгой гэх газарт төржээ. А.Чогров нь бичиг үсэг бие дааж сурч, бурхан сайн зурдаг гарын эв дүйтэй, тал бүрийн авьяастай, өргөн мэдлэгтэй хүн байжээ. Нутагтаа Эвлэлийн үүрийн дарга, сумын нарийн бичгийн дарга, сумын дарга зэрэг алба хашиж байгаад 1941 онд цэргийн албанд морджээ.

А.Чогров нь заставтаа боловсрол мэдлэг өндөртэйд орж байснаас гадна 1941 онд цэрэгт татагдсанаасаа хойш Булган гол дахь Ардын цэргийн 24 дүгээр отрядын 4 дүгээр морьт суман (Хаацын суман)-д алба хааж хасгийн дээрэмчдийг олж илрүүлэх, даран устгахад удаа дараагийн онцгой гавьяа байгуулж байсан учраас бага даргаас улс төрийн орлогч, намын үүрийн товчооны дарга хүртлээ дэвшиж байжээ.

1948 оны 5 сард хасгийн Оспан нь Цонж хотын дэргэдэх хуарангаасаа 22 шилдэг гэсэн цэргүүдээ Монголын хилийн цэргээс офицер олзолж ирэх даалгавар өгч явуулжээ. Тэдэн дунд Монголын газар нутгийг сайн мэддэг, Үенч, Булган хавиар нутаглан, мал маллаж байсан казах газарчилж явжээ. Тэд 1948 оны 5 сарын 27-ны (шинийн 18-ны сартай) шөнө Бага Хавтаг (45°05′01.6″ N, 91°33′53.9″ E) уулаар хил даван хилийн харуулуудыг өнгөрч нутгийн гүнд 80 гаруй км-т нэвтрэн оржээ. Энэ талаар 8-р заставын жагсаалын дарга Магсар илрүүлж мэдээлжээ. Дээрэмчид мал эрж явсан Ховогийн торгууд Гаажийн Дугарыг Булган сумын Цоохор нуур гэх газарт баривчлан тамлан байцааж өөрсдөд хэрэгтэй мэдээллээ олж авчээ. Цоохор нуур орчмоос тэрхүү 22 дээрэмчдийн бүрэлдэхүүнд нь багтаж хамт орж ирсэн манай казах тагнуулч Сагаадай "та нар явж бай би бие засаад араас чинь очьё" гэж хэлээд хоцорч Булган сумын төвд ирж төлөөлөгч Гэрэлчулуунд, дээрэмчид багийн дарга, ардын группын тавьтын дарга Гэцэлийг барихаар гэрийг нь заалгаад явсан талаар мэдэгджээ.

Отряд яаралтай түгшүүр авч зохих арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Сумангийн намын үүрийн товчооны дарга А.Чогров, морин дивизионы төлөөлөгч Шагдаржав нарыг нэг цэргийн хамт явуулжээ. А.Чогров нар Гэцэлийнд очиход багийн дарга гэртээ байгаагүй учир араас нь "яаралтай буцаж ир" гэж хүнээр дуудуулжээ. Гэцэлийн эхнэр хоёр офицерыг хооллож ундлаад амраажээ. Гэцэлийг шөнө буцаж ирсэн тул хамгаалалтын арга хэмжээг өглөө авахаар шийдээд унтацгаажээ. Харин хамт явсан цэргээр морио аргамжиж мануулжээ. Шөнө дундаас хойш дээрэмчид гэтэн ирж отож байгаад багийн дарга Гэцэлийг гэрээс гарч ирэхэд шилэнд нь цохиж унагаад гэрийн дээд бүсийг огтлон авч барьж хүлжээ. Хасгууд гэрийн баруун талаас доод бүслүүрээр нь өргөөд зүүн тийш нь мориор татахад зүүн талын орон дээр унтаж байсан эхнэр, хүүхэд нь гэр дотроо дарагдажээ. Харин баруун талд унтаж байсан хоёр офицер ил гарч ирэхэд А.Чогровыг гэрийн доод бүсээр хүлээд, Шагдаржавыг шууд жадалжээ. Дээрэмчдэд хоёроос илүү хүн олзлох шаардлага байгаагүй бололтой. Гэцэлийн ах саахалт байсан тул шөнө нохой хуцаад олон хүний дуу гарахаар гараад хартал Гэцэлийн гадаа баахан хасгууд ярилцаж байгаа дуулджээ. Гэцэлийн ах гэрээсээ гурван ширхэг сумтай бярдан буугаа аваад морь манаж байсан цэрэг дээр ирж хоёулаа бууджээ. Гэтэл цэргийн винтов нь дөрөв тав буудаад гацажээ. Гэнэтийн буун дуугаар казахууд үймж А.Чогров, Шагдаржав хоёрыг үлдээгээд Гэцэлийг хүлсэн гэрийн бүсний үзүүрээс авч дөрөөндөө жийж зугттал гэрийн бүс тасарч Гэцэл хонхорт хоцорчээ. А.Чогров хүлээтэй "буудаад бай, буудаад бай" гэж хашхирч байтал цэргийн буу ч гацаж, буун дуу тасрахад бараан морьтой нэг казах эргэн ирж А.Чогровийг эмээл дээрээ дүүрээд зугтжээ. 6-р сарын 2-нд дайснууд Мэргэн ууланд (45°46′16.7″ N, 92°14′15.2″ E) байгааг онгоцоор эрэл хийж илрүүлсэн боловч уг онгоцыг буудаж гэмтээснийг нисгэгч нар нь осолдолгүй буулгажээ. Мөн өдөр Отрядын штаб хил зөрчигчдийн талаар мэдээ авсан даруйдаа хаалт гарган, мөрдөх группуудыг томилж 6 хэсэгт хуваагдан бүх хүчээрээ хөдөлсөн ч хасгуудын 2 групп нийлж 6 сарын 3-ны өглөө хилээс дотогш 80 км-т орших Мэргэн уулын зүүн талаар буцаж явах үед Бодончоос ниссэн “По-2” онгоц илрүүлэн пулемётоор шүршсэн боловч боловч хохирол учруулж чадсангүй. Отряд ба Булган сумаас гарсан морин ба машинт группууд тал талаас нь бүслэлтэд оруулахаар тойрч эхэлжээ. Дээрэмчид амьд хэл болсон А.Чогровыг авч явахыг хичээсэн ч ихээхэн эсэргүүцэл үзүүлж байсан нь авч зугтахад саад болж байсан учир Мэргэн уулын зүүн энгэрт мориндоо чирүүлж зэрлэгээр тамлан алаад Мэргэн уул өөд зугтаажээ. Энэхүү Мэргэн уулын тулалдаанд хожим баатар болсон С.Лхагвадорж, бага дарга Пилхүү, хилчин Жагар, Халтмаа тэргүүтэй манай 8 хүн алагдаж, 4 хүн шархаджээ. Шарилыг Бодонгийн Хөх толгойд нутаглуулсан юм. Дайснууд орой Мэргэн уулын хамгийн эгц, морьтой хүн бууж чадахгүй болов уу гэмээр газраар казах шовгор малгайн орой нь морины бөгсөнд наалдаад 10 хүн буугаад зугтаажээ. Орой болсон тул мөрдөж чадалгүй алджээ. Дайснаас 7 хүнийг алж, 3-ыг олзолж, нэг нь бууж өгчээ. 6-р сарын 7-8-ны үед одоо хятадын хилийн Нохойн хошууны заставын хажуу талын хар ууланд отолт хийж байсан хилчид рүү дээрх хасгуудаас 3 хүн очсоны нэгийг нь буудаад хоёрыг алдсан гэдэг. Бусад долоо нь Булган голын чиглэлээр Чингэл, Цагаан гол руу зугтаалган алджээ. Дайснууд шөнө байсан учир хоорондоо баримжаа алдаж тасарсан бололтой.

А.Чогров нь 1941-1948 оны хооронд хэдэн арван томоохон тулалдаан, зуу гаруй жижиг мөргөлдөөнд оролцон эр зориг гарган тулалдаж хасгийн олон халдлагыг зогсоон гавъяа шагнал авч, тушаал дэвшиж байжээ.

Хасгийн 22 (21) дээрэмчид Монголын хилийн цэргээс офицероос гадна ардын группын гишүүн, тагнуулч Б.Уртнасан, Т.Ууш, Гэрэлчулуун, Гэцэл тэргүүтэй хэд хэдэн хүмүүсийг нэр цохон олзлох даалгавартай явсан ажээ.

Эдгээр он жилүүдэд эх орон, газар нутаг, ард түмнийхээ төлөө баруун хязгаарын дайн тулаанд эр зориг гарган оролцож, баатарлагаар тэмцэж явсан учраас А.Чогров нь удаа дараалан тушаал дэвшихээс гадна "Бид ялав" тэмдэг, Цэргийн яамны "Жуух бичиг"-ээр шагнагдаж байжээ.