Jump to content

Авлигатай тэмцэх газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Авлигатай тэмцэх газар

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. АТГ нь дараах бүтэцтэй. Үүнд:

  1. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс
  2. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс
    1. Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба
    2. Хяналт шалгалтын алба
  3. Мөрдөн шалгах хэлтэс
    1. Нэгдүгээр алба
    2. Хоёрдугаар алба
    3. Гуравдугаар алба
  4. Гүйцэтгэх ажлын хэлтэс
    1. Нэгдүгээр алба
    2. Хоёрдугаар алба
  5. Тусгай хэлтэс
  6. Тамгын хэлтэс
    1. Санхүү, аж ахуйн алба
    2. Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба
  7. Судалгаа шинжилгээний алба

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталж, улмаар авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг Авлигын эсрэг конвенцийн удиртгал хэсэгт хамгийн эхэнд дурдсан байдаг. Монгол Улсын Их Хурал 1996 онд Авлигын эсрэг хууль, 2002 онд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулсан. Монгол Улсын Их Хурал 2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг конвенцыг соёрхон баталж, авлигын эсрэг тэмцлийн хүсэл зоригоо илэрхийлсэн. 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж эхлэв. Авлигын эсрэг хуулийн дагуу Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх газар байгуулагдан 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

  1. Баасайн Дангаасүрэн (2006 оны 12 сарын 28 - 2007 оны 10 сарын 25)
  2. Чимгээгийн Сангарагчаа (2007 оны 12 сарын 28 - 2011 оны 11 сарын 17)
  3. Наваансүрэнгийн Ганболд (2011 оны 11 сарын 17 - 2016 оны 4 сарын 14)
  4. Хүрэлсүхийн Энхжаргал (2016 оны 7 сарын 8 - 2019 оны 5 сарын 2)
  5. Зандраагийн Дашдаваа (2019 оны 5 сарын 2-ноос)

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс

[засварлах | кодоор засварлах]

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих, төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах, авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах, сургалт, сурталчилгаа хийх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгдөг.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс

[засварлах | кодоор засварлах]

Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авах, хянан шалгах, мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага, зааварчилгаа гаргах чиг үүрэгтэй. Уг хэлтэс нь мэдүүлэг гаргагчийн амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдүүлгийг хэрхэн бөглөх, нэмэлт оруулах, бүртгэх, шилжүүлэх талаар урьдчилан зөвлөгөө өгдөг.

Мөрдөн шалгах хэлтэс

[засварлах | кодоор засварлах]

Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргүүдийг мөрдөн шалгадаг. Үүнд:

  1. 22.1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах.
  2. 22.3. Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах.
  3. 22.4. Нийтийн албан тушаалтан хахууль авах.
  4. 22.5. Хахууль өгөх.
  5. 22.6. Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах
  6. 22.7. Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх.
  7. 22.8. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах.
  8. 22.9. Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах.
  9. 22.10. Үндэслэлгүй хөрөнгөжих.
  10. 22.11. Дураараа аашлах.
  11. 22.12. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах.
  12. 22.13. Хахууль авах.

Судалгаа шинжилгээний алба

[засварлах | кодоор засварлах]

Судалгаа шинжилгээний алба нь дараах чиг үүрэгтэй. Үүнд: авлигын шалтгаан нөхцөл, цар хүрээ, хэлбэр, үр дагаварын талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртлын талаархи иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, мэдээллийн сан үүсгэх, "Шударга ёс" сэтгүүлийг эрхлэн гаргах, АТГ-ын үйл ажиллагааны статистик мэдээллийг нэгтгэх, боловсруулах.

Тогтмол байдлаар хийгддэг судалгаа

[засварлах | кодоор засварлах]
  1. Шударга байдлын үнэлгээ
  2. Улс төрийн хүрээний авлигын төсөөллийн судалгаа
  3. Шүүх, хууль сахиулах хүрээний авлигын төсөөллийн судалгаа
  4. Хүүхдийн шударга байдлын судалгаа

2024 он гэхэд буюу 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг улсын орлого болгосон байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ”, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэсэн байна.

Хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Олон улсын шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын ажил, ялангуяа хөрөнгө буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц жишиг болж байгааг үнэлсэн байна.

Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьсан байна.