Jump to content

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих гэдэг нь ажил дээр нь хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын төлөөх ажил олгогч, ажиллагч ба нийгмийн хамтарсан чармайлт юм гэж 1997 оны Люксембургийн тунхаглалд тодорхойлсон байна.[1]

ДЭМБ ажлын байрыг 21-р зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна. Учир нь ажлын байр нь ажиллагчдын “бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд” нөлөөлдгийн зэрэгцээ “томоохон бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зохистой нөхцөл, дэд бүтцээр ч хангах боломжтой байдаг” аж. [2] Люксембургийн тунхаглалд ажилтнуудын эрүүл мэнд, амьдралын чанарыг хангахын тулд дараахыг хослуулан хэрэгжүүлэхийг заасан байна. Үүнд: а) ажлын байрны зохион байгуулалт, ажиллах орчныг сайжруулах, б) хүн бүрийн идэвхтэй оролцоог дэмжих, в) хувь хүний хөгжлийг дэмжих.[3]

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих стратегиудад эрүүл мэндэд эрсдэл учруулах хүчин зүйлсийг бууруулах арга хэмжээг эрүүл мэндийг бэхжүүлэх хүчин зүйлсийг нэмэгдүүлэх арга хэмжээтэй хослуулдаг. Үүнийг патогенез буюу өвчинд хандсан арга барилыг салютогенез буюу эрүүл мэнд, амьдралын чанарыг дэмжихэд хандсан арга барилтай нэгтгэх гэж томъёолж болно.

Люксембургийн тунхаглал дахь удирдамжид дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:

1. Оролцоо: бүх ажилтныг хамруулах;
2. Интеграц: ажлын байранд эрүүл мэндийг дэмжихийг байгууллагын бүх чухал шийдвэрт тусгаж, бүх салбар, түвшинд нэвтрүүлэх;
3. Төслийн удирдлага: бүх хөтөлбөр, үйл ажиллагааг асуудал шийдвэрлэх мөчлөгийн дарааллаар хэрэгжүүлэх. Үүнд: хэрэгцээ тодорхойлох, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, тасралтгүй хянах, үнэлгээ хийх;
4. Иж бүрэн байх: ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь хүнд чиглэсэн, орчинд чиглэсэн өөр өөр салбарын арга хэмжээг багтаадаг. Үүнд эрсдлийг бууруулах стратегитай хамгаалах хүчин зүйлс ба эрүүл мэндийн потенциалыг дэмжих стратегийг хослуулна.[4]

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь бүтээмжид эерэг нөлөөлдөг байдлын талаар олон судалгаа хийгдсэн байдаг. Тийм нөлөөллийг судлах анхны алхам болгож ажилтан ирээгүйтэй холбоотой ажлын цаг алдалтыг судалж болно.[5] Ажилтан ажлын байрандаа ирээгүй тохиолдолд ямар ч бүтээмж боломжгүй юм. Гэхдээ бүртээмжийг дээшлүүлэх боломжийг хайхдаа ажлын цаг бөглөх үзэгдэл буюу ажилтан ажлын байрандаа ирж бүртгүүлэн цалин авч байгаа хэдий ч эрүүл мэндийн доголдол буюу бусад шалтгаанаар гүйцэтгэл нь буурсан байх тохиолдлыг судлах нь ирээдүйтэй. [6]

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих ба хөдөлмөр хамгааллын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Хөдөлмөр хамгаалал буюу хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал гэдэг нь ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажлын байран дахь аюул, эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалахын төлөө чармайлт юм.[7] Харин ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь дээр дурдсанчлан ажилтан, ажил олгогч, нийгмээс хүмүүсийн эрүүл мэндийг ажлын байранд нь сайжруулах чармайлт байдаг.[8] Ийнхүү уламжлалт[9] хөдөлмөр хамгаалал нь эрүүл мэндийг хамгаалах тухай асуудал байдаг бол ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь эрүүл мэндийг сайжруулахтай холбогддог байна. Түүнчлэн, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих нь ажил олгогчийн чармайлтын зэрэгцээ ажиллагчдын идэвхтэй оролцоо, санаалчилгад тулгуурладаг.

Гэхдээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал болон ажлын байранд эрүүл мэндийг дэмжихийг эсрэг тэсрэг буюу эсвэл хоорондоо тусдаа үзэл баримтлал гэж ойлговол өрөөсгөл болно. Люксембургийн тунхаглал Европын Зөвлөлийн 89/391/EC удирдамжид үндэслэн уламжлалт хөдөлмөр хамгааллыг орхих тухай биш харин чиглэлийг нь өөрчлөх шаардлагатай байгааг дурдсан байдаг.[10]

Ажлын байранд эрүүл мэндийг иж бүрэн дэмжих нь ажлын байранд эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал хийгээд эрүүл мэндийг дэмжих байгууллагын соёлын харилцан тэтгэсэн шүтэн барилдлагаас бүрдэнэ. Түүнчлэн патогенезд хандсан аргачлалыг салютогенезд хандсан аргачлалтай хослуулна.

Канадын Health Communication Unit байгууллага хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийг дэмжих сайн дурын үйл ажиллагаа, байгууллагын соёлыг нэгтгэсэн ажлын байранд эрүүл мэндийг иж бүрэн дэмжих баримтлалыг дэмждэг байна.[11] Түүнчлэн Klane’s Education Information Training Hub, LLC SM (KEITH SM) байгууллага ажлын байранд эрүүл мэндийг дэмжих болон хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын синерги харьцааг хангавал “нэгдэл нь хэсгүүдийн нийлбэрээс илүү” байх үр дүнд хүргэнэ гэж үзэж байна. Тиймээс тус байгууллага хөдөлмөр хамгааллын хөтөлбөр болон ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг тус тусад нь бие даасан байдлаар хэрэгжүүлж болох хэдий ч Ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын чанарын нэгдсэн хөтөлбөр болгон нэгтгэвэл давуу тал нэмэгддэг нь батлагдсан” гэж нотолж байна. [12] .

Австрали Улсын Виктория муж улсын засгийн газрын WorkHealth хөтөлбөр ажлын байранд эрүүл мэндийг дэмжих санхүүжилт хүсэгч байгууллагуудад зориулж гаргасан удирдамждаа “ажлын байранд эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хөтөлбөртэй хослуулан, харилцан дэмжих боломжийг нь хангасан байгууллагын ажилтнуудад эрүүл зан үйл төлөвшүүлэх, амьдралын хэв маягийг өөрчлөх үйл ажиллагаанууд илүү үр дүнтэй нөлөөлдөг”[13] гэж өгүүлсэн байна.

  1. Luxembourg Declaration on Workplace health promotion in the European Union. 1997
  2. www.who.int/occupational_health/topics/workplace/en/
  3. Luxembourg Declaration on Workplace health promotion in the European Union. 1997
  4. Luxembourg Declaration on Workplace health promotion in the European Union. 1997
  5. Wolf Kirsten. Health and productivity management – a future model for Europe
  6. Wolf Kirsten. Health and productivity management – a future model for Europe
  7. http://www.thcu.ca/workplace/hp102/intro/intro1_3_categories.cfm
  8. Luxembourg Declaration on Workplace health promotion in the European Union. 1997
  9. Luxembourg Declaration on Workplace health promotion in the European Union. 1997
  10. Luxembourg Declaration on Workplace health promotion in the European Union. 1997
  11. http://www.thcu.ca/workplace/hp102/intro/intro1_3_categories.cfm
  12. Jonathan Klane. How Integrating Your Wellness Program with Your OH&S Program Gains You Benefits! Archive copy (Memento 2. Арванхоёрдугаар сар 2011 цахим архивт)
  13. "Archive copy" (PDF). Архивласан (PDF) огноо 2011-02-20. Татаж авсан: 2011-02-20.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)