Аланчууд

Аланууд бол Дорнод Европт оршин сууж байсан нүүдэлчин аймаг юм. Дорнод Европын тал нутагт сууж байсан сарматууд готуудад бут цохиулсаны дараа Сарматын удам болох аланууд нь түүхийн тавцанд гарч иржээ. Аланууд Готын хараат аймаг байсан бөгөөд гунну нар готуудыг бут цохиход аланууд гунну нарын захиргаанд оржээ. Гэвч алануудын зарим хэсэг нь баруун готуудтай хамт гунну нараас зугтан нүүжээ. Баруун готууд Францын нутагт сууж үлдэхэд аланууд Испанид очиж суужээ. Улмаар тэндээсээ зарим хэсэг нь вандалуудын хамт умард Африкт очсон байна. Нутагтаа үлдсэн аланууд нь Гуннугийн захиргаанд байж байгаад Аттила хаан нас барсны дараа Гуннугийн эзэнт улс задрахад тусгаар тогтнож, Кавказын хойд талд нутаглан суужээ. XIII зууны үед Монголын байлдан дагуулалын үед Монголын эзэнт гүрэнд эзлэгдэж, Алтан Ордны Улсын захиргаанд орсон байна. Алануудын зарим хэсгийг Монгол руу илгээжээ. Тэд Өвөр Монголын Асуд аймгийн өвөг дээдэс болжээ. Нутагтаа үлдсэн аланууд нь осетин үндэстний өвөг дээдэс болжээ.