Jump to content

Александр Флеминг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Флеминг, 1945 он.

Сэр Александр Флеминг (англи. Alexander Fleming; 1881 оны 8-р сарын 6-нд Шотландын Айршир (англи. Ayrshire) мужийн Дарвел жижиг хотод төрсөн—1955 оны 3-р сарын 11-нд Лондонд нас барсан) — британий микробиолог. Анхны антибиотик болох пенициллин "Penicillium notatum" -г хөгцөрсөн мөөгнөөс гаргаж авсан бөгөөд лизоцим мөн нээсэн эрдэмтэн юм.

Энэ хоёр нээлт хоёулаа 1920-иод онд хийсэн бөгөөд хоёулаа санамсаргүй байдлаар нээсэн байна. Флеминг нян агуулсан Петрийн аяган дээр өөрийн хамраас салиа тарьсан бөгөөд хэдхэн хоногийн дараа тэр салиа түрхсэн хэсэгт нян устгагдсан болохыг олж мэджээ. Лизоцимийн тухай анхны нийтлэл 1922 онд хэвлэгдсэн байна.

Флемингийн лабораторийн эмх замбараагүй байдал түүнд дахин сайнаар нөлөөлсөн байна. 1929 онд тэрээр Петрийн аяганы нэг дэх агар дээр Staphylococcus aureus бактери бүхий хөгц мөөгөнцөрийн колони ургасныг олж мэдэв. Мөөгөнцрийн эргэн тойрон дахь бактерийн колони нь эсийн устгалын улмаас ил тод болсон байжээ. Флеминг бактерийн эсийг устгадаг идэвхтэй бодис болох пенициллинийг ялгаж чадсан гэж уг бүтээлийг хэвлэгджээ. Түүний ажлыг Ховард Флори, Эрнст Борис Чэйн нар үргэлжлүүлж, пенициллинийг цэвэршүүлэх аргыг боловсруулсан юм. Пенициллиныг дэлхийн 2-р дайны үед олноор үйлдвэрлэж эхэлсэн байна.

1945 онд Флеминг, Флори, Чэйн нар анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртжээ.

Сэр Александр Флеминг

Хонины фермерийн хүү Александр Флеминг 1881 оны 8-р сарын 6-нд Шотландын Айршир (англи. Ayrshire) мужийн Дарвел жижиг хотын ойролцоох фермд төрөөд 12 нас хүртлээ Дарвелийн хөдөөгийн бага сургуульд суралцаж, дараа нь Килмарнокын академид хоёр жил суралцжээ. 14 настайдаа тэрээр ах нарынхаа хамт Лондон руу нүүж, тэндээ тээврийн газарт бичиг хэргийн ажилтнаар ажиллаж, Режент гудамжинд байрлах Хааны Политехникийн сургуульд явж эхэлсэн байна.

Түүний том ах Томас аль хэдийн нүдний эмчээр ажиллаж байсан бөгөөд түүний үлгэр жишээг дагаж Александр мөн анагаах ухаанд суралцахаар шийджээ. Анагаах ухааны сургуулийг сонгоход нь Гэгээн Мэригийн эмнэлгийн оюутнуудтай усан поло тэмцээнд хамт оролцсон нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Анагаах ухааны сургуульд Флеминг 1901 онд тэтгэлэг хүртжээ. Тэрээр мөн 1906 онд Лондонгийн Их Сургуулийн MB болон BS тэтгэлэгт мөн хамрагдаж чаджээ.

Тэр үед тэрээр анагаах ухааны ямар салбар сонгохоо шийдээгүй байжээ. Мэс заслын чиглэлээр хийсэн ажил нь түүнийг гайхалтай мэс засалч болохыг харуулсан. Гэвч амьдрал түүнийг "лабораторийн анагаах ухаан"-тай холбоотой өөр зам руу явуулсан байна. Оюутан байхдаа тэрээр 1902 онд Гэгээн Мэригийн эмнэлэгт (англи. St Mary's Hospital) ирсэн эмгэг судлалын профессор Элмрот Эдвард Райт-ын (англи. Sir Almroth Edward Wright; 1861―1947) нөлөөнд оржээ. Райт цэргийн эмнэлгийн албанд байхдаа хижиг өвчний эсрэг вакцин хийжээ. Гэвч Райт нянгийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн биеийг "эсрэг биет" үүсгэн халдварт шууд хариу үйлдэл үзүүлэхэд нь түлхэц өгөх замаар эмчлэх өөр санаанууд тээж явсан байна. Тэрээр өвчтөний цусан дахь эдгээр эсрэгбиеийн хэмжээг хэмжихийг оролдсон. Энэ нь шинэ арга барил, ихээхэн хөдөлмөр шаарддаг. Жон Фриман, Бернард Спилсбери, Жон Уэллс зэрэг Райттай нэгдсэн хэсэг залуус энэ ажлыг даван туулж чадахаа больсон тул Флеминг-ийг 1906 онд эрдмийн зэрэг хамгаалсан даруйд энэ багт уригджээ. Ийнхүү тэрээр эмнэлгийн дэргэдэх судалгааны лабораторид орсон байна.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Флеминг Хааны армийн эмнэлгийн корпуст ахмад цолтой алба хааж байжээ. Тэр болон түүний олон хамтран зүтгэгчид Францын баруун фронт дахь байлдааны талбарын эмнэлгүүдэд ажиллаж байжээ. 1918 онд Флеминг Гэгээн Мэригийн эмнэлэгт буцаж ирээд 1928 онд нян судлалын профессороор сонгогдон ажилсан байна.

Флеминг, Райт нар үүссэн шархыг халдвараас хэрхэн хамгаалах физиологийн механизмын талаар удаан хугацааны туршид эргэцүүлэн бодож, 1922 онд хамрын шүүрэлд агуулагдах бичил уусгагч ферментийг олж илрүүлэхэд хүргэсэн бөгөөд түүнийг "лизоцим" гэж нэрлэсэн байна. Нэг ёсондоо энэ нээлт хоёр талтай байсан: бодис нь литик бодис байсан бөгөөд олон микробууд түүний үйлдэлд их мэдрэмтгий байсан юм.

1944 онд Флеминг язгууртны "Сэр" цол хүртжээ. 1945 онд Флеминг, Флори, Чэйн нар анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн байна.

Александр Флеминг 1955 онд нас барж, Лондон дахь Гэгээн Паулын сүмд оршуулжээ.