Алексей Леонов
Алексей Леонов (орос. Алексей Архи́пович Лео́нов, 1934 оны 5-р сарын 30-нд ЗХУ-ын Баруун сибирийн хязгаарын Листвянка тосгонд төрж, 2019 оны 10-р сарын 11-нд Москвад нас барсан) — ЗХУ-ын 11 дахь сансрын нисэгч, задгай сансарт гарсан анхны хүн. ЗХУ-ын хошой баатар (1965, 1975), нисэх хүчний хошууч генерал (1975), 2002-2019 онд "Нэгдсэн Орос" намын Дээд зөвлөлийн гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1934 оны 5-р сарын 30-нд Сибирьт Листвянка тосгонд төрсөн. Тэрээр гэр бүлийн найм дахь хүүхэд байв. Орос үндэстэн. Эцэг Архип Алексеевич Леонов (1892-1981) Донбассын уурхайд ажиллаж, малын эмч, мал аж ахуйн мэргэжилтэн байсан. 1937 онд эцэг нь хэлмэгдэж, 1936-1938 он хүртэл хоёр жил хоригдож буудуулах байсан ч 1939 онд Улаан Латвийн дивизид хамтран зүтгэгч Лудзишийн тусламжтайгаар аврагдсан байна. Гэр бүл, эх нь Кемерово дахь хамаатан садандаа нүүж очсон бөгөөд тэнд 11 хүн хуарангийн өрөөнд амьдрах болжээ. Эх Евдокия Минаевна (1895-1967).
Тэрээр Кемеровогийн 35, 37-р дунд сургуульд сурч байсан. 1947 онд гэр бүл нь Калининград хотод эцгийнхээ шинэ ажлыг дагаад нүүжээ. 1953 онд Калининград хотын 21-р дунд сургуулийг төгссөн. Тэрээр урлагийн авьяастай байсан тул Рига хотын Урлагийн академид орохыг хүссэн ч Ригад амьдрах санхүүгийн боломж байгаагүй ажээ.
1955 онд Кременчуг хотын Цэргийн нисэхийн анхан шатны 10-р сургуулийг төгсөж, комсомольд элсэн орсон байна. 1957 онд Чугуевын цэргийн нисэхийн нисгэгчдийн сургуулийг төгсөж, ЗХУ-ын Коммунист намд элссэн. Киевийн цэргийн тойргийн 69-р Агаарын армийн 10-р гвардийн сөнөөгч нисэхийн дивизийн 113-р гвардийн сөнөөгч нисэхийн ангид нисгэгчээр, 1959 онд Герман дахь Зөвлөлтийн цэргийн бүлэгт ахлах нисгэгчээр томилогдон ажиллажээ.
1960 онд тэрээр Зөвлөлтийн сансрын нисгэгчдийг бэлтгэх анхны отрядад шалгарч орсон юм. 1963 онд тэрээр "Восток-5"-ын нислэгийн бэлтгэлийн үеэр Валерий Быковскийн хоёр дахь нөөц нисгэгчээр бэлтгэгдсэн. 1965 оны 3-р сарын 18-19-нд Павел Беляевтай хамт "Восход-2" хөлгөөр туслах нисгэгчээр сансарт анх ниссэн. Нислэгийн үеэр тэрээр сансрын нисгэгчдийн түүхэнд анх удаа задгай сансарт гарсан.
1968 онд Н.Е. Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн инженерийн академийг (инженерийн анги) төгссөн.
1971 онд тэрээр Союз-11 хөлгийн үндсэн багийн командлагч (Валерий Кубасов, Петр Колодин нартай хамт) байв. Нислэгийн өмнөхөн эмнэлгийн комисс Кубасовыг татгалзуулж, багийн гишүүдийг сольсон байна. Нөөц нисгэгчид Георгий Добровольский, Владислав Волков, Виктор Пацаев нар нисээд, модулийг газардах үеэр бүгд нас барсан байна.
1975 оны 7-р сарын 15-21-нд тэрээр В.Н.Кубасовын хамт "Союз-19" сансрын хөлөг онгоцны командлагчаар "Союз-Аполлон" хөтөлбөрийн дагуу хоёр дахь удаагаа сансарт ниссэн. Нислэг 5 хоног 22 цаг 30 минут 51 секунд үргэлжилсэн. Энэ үеэр анх удаа хоёр өөр орны хөлөг онгоцуудыг залгах ажлыг хийжээ.
1970-1991 онд Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн орлогч даргаар ажиллаж байсан.