Jump to content

Алтайн сонгино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алтайн сонгино - (Латин: Allium altaicum), (Орос: Лук алтайский) Монголын хамгийн өндөрлөг бүсээр ургадаг, сүүлийн үед нэн ховордож байгаа олон наст ургамал.

Улаан хүрэн өнгийн нимгэн хальсан бүрхүүлтэй, 3-4 см-ийн голчтой өндгөн хэлбэрийн булцуутай 40-60 см өндөр өвслөг ургамал, 6 сарын сүүл 7 сарын эхээр цэцэглэдэг, 8 дугаар сарын эхээр ааг амт нь бүрэн гүйцэж, үрээ өгдөг. Сонгины цоор нь үзүүр хэсэг рүүгээ нарийссан бүдүүн хөндий иштэй. Үрээс ургахдаа сайн. Мөн сонгинолог ишнээс сэргэн ургах чадвар сайтай.

Монгол Алтай, Хангайн уулархаг бүсээр хад асга, хажуу энгэр газраар нилээд түгээмэл ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол алтай, Говь алтайн тойрогт тагийн доод бүслүүрийн хайргатай хад асгаар ургах боловч сүүлийн жилүүдэд хэтэрхий ихээр түүж хэрэглэх болсноор нөхөн төлжилт алдагдаж тархац нөөц нь эрс багасчээ. Тархацын зүүн хязгаар нь Онон –Балжийн бэлчир, Онон мөрний зүүн талд Дэгэн Жигэн юм.

Түүний олон давхар булцуу нь хүйтэнд маш тэсвэртэйгээс гадна хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, РР, В, С, D аминдэмүүдээр баялаг бол навчинд нь 877 миллиграмм, булцуунд нь 257 миллиграмм С аминдэм агуулагдаж байдаг. Мөн сапонин хэмээх бодисын агууламж өндөр байдаг. Алтайн сонгинод фитонцид, эфирийн тос, булцуунд амин дэм С 16,7-21,2 мг/100г, навчинд 35,9-48,5 мг/100г тус тус агуулагддаг. Алтайн сонгино зүрх судас, ходоод гэдэсний өвчинд тун сайн, сапонин гэдэг бодис нь бэлгийн чадавхыг дээшлүүлэх онцгой нөлөөтэй.

Хүнсэнд хэрэглэх нь

[засварлах | кодоор засварлах]

Алтайн сонгиныг боловсорсон үед үрийг цоортой нь хамт таслан аваад наранд сайн хатааж цайруулна. Тариалах үйл явц нь урт сонгино тарихтай адил байдаг.