Jump to content

Анни Жирардо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анни Жирардо

Анни Сюзанн Жирардо (франц. Annie Suzanne Girardot, 1931 оны 10-р сарын 25-нд Парис хотод төрсөн—2011 оны 2-р сарын 28-нд Парист нас барсан) —францын тайз, киноны жүжигчин. «Сезар» шагналын эзэн, Венецийн кино наадмын шагналтан.

Анни Жирардо эхэндээ сувилагч болохыг зорьж байсан ч тайзны мөрөөдөл нь түүнийг Парисын консерватори (Театрын академи) руу хөтөлсөн байна. Жирардо сайн сурдаг байсан бөгөөд оройдоо кабаре д дуулдаг байв.

1954 онд Жирардо сонгодог болон орчин үеийн инээдмийн жүжгийн дүрд тоглосон хоёр удаагийн тэргүүн байрын шагналаар сургуулиа төгсөж, инээдмийн дүрд тоглохоор "Comédie-Française" театрт уригджээ. 1956 онд Жан Кокто Жирардо "Бичгийн машин" жүжгийн гол дүрд тоглохыг санал болгосноор жүжигчний гайхалтай авъяас чадварыг олж мэдсэн юм. Кокто мөн жүжигчний дүр төрхийн зохиогч болж, үсээ тайрч, эрэгтэй хүүхдийн үс засалт хийхийг зөвлөжээ. Дебют нь маш амжилттай болж, "Paris Match" сэтгүүл нэг нүүрээ Жирардог бүхэлд нь зориулж, Кокто залуу жүжигчнийг "дайны дараах үеийн хамгийн үзэсгэлэнтэй дүр" гэж олон нийтэд зарлав. Жирардо алдартай болж, кино театрт урилга ирсэн нь Comedy Française теартын удирдлагуудад тийм ч таатай байсангүй. Жүжигчин бүсгүйд илүү өндөр цалинтай гэрээ санал болгосон ч уран бүтээлийн эрх чөлөөг нь хязгаарласан байв.

Анни Жирардо, 1970 он

1950-иад оны хоёрдугаар хагаст Анни Жирардо Францын хамгийн нэртэй жүжигчдийн нэг болж, хөрөг нь сэтгүүлийн нүүрэн дээр байнга гарч, нийтлэл, ярилцлагын гарчигт түүний нэр гардаг байлаа. 1960 онд Жирардо түүний хамгийн гайхалтай дүрүүдийн нэг болох Висконтигийн "Рокко ба түүний ах нар" кинонд биеэ үнэлэгч Надиа-гийн дүрд тоглосон. Түүний хамтран тоглосон жүжигчид нь Ален Делон, Ренато Сальватори (итали. Renato Salvatori; 1933—1988) нар байсан бөгөөд 1962 онд Р.Сальваторитай гэрлэсэн байна.

Дөчин нас давсан жүжигчин уран сайхны кино урлагаас аажмаар холдож, киноны төрлөөс хамааран эгэл жирийн франц эмэгтэйчүүд, жирийн Парисчуудын дүрд тоглодог - ааштай, хачирхалтай, эмгэнэлтэй эсвэл инээдтэй дүрүүд байсан. 1970-аад онд тэрээр Францын хамгийн эрэлттэй кино жүжигчин болж, кино сэтгүүлүүдийн санал асуулгад олон удаа тэргүүлж байв. Түүний нэрийн хуудас нь дунд насны багшийн өсвөр насны сурагчтай эмгэнэлтэй харилцааны түүхийг өгүүлдэг "Хайрын төлөө үхэх" (1970) кино байв.

Австрийн найруулагч Майкл Ханекегийн "Төгөлдөр хуурч" (2001) киноны дарангуйлагч, "Нуугдсан" (2005) киноны золгүй эмэгтэйн дүрд тоглосон.

2011 оны 2-р сарын 28-нд Анни Жирардо Парист нас барсан. Түүнийг эхийнх нь хамт Пер-Лашэйзын оршуулгын газарт нутаглуулжээ.