Аньфиянгу
Аньфиянгу (манж хэл: ᠠᠨᡶᡳᠶᠠᠩᡤᡡ, галиг: Anfiyanggv; хятад хэл: 安費揚古; пиньинь: Ānfèiyánggǔ), (1559 – 1622) бол Зүрчидийн Хожуу Алтан улсын улс төрийн зүтгэлтэн, Нурхач хааны таван өрлөг жанждын нэг. Тэрбээр Гиорча овгийн Ваньбулугийн хөвгүүн. Гиорча овог (覺爾齊) нь Нурхачийн авга ах Дэшикүгийн удмынхны овог хэмээдэг бөгөөд Аньфиянгу Нурхачи хоёрыг садан төрлийн хүмүүс гэж түүхчид үздэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нурхачийг 1583 оноос эхлэн ойр хавийн жижиг овог, тосгон гацааг эзлэн авах үеэс түүний цэрэгт нэгдэжээ. 1593 онд Хада, Ула, Хойфа, Шибэ, Гуварча, Жүшэри, Нэен, Ехэ, Хорчин зэрэг есөн аймгууд холбоотны цэрэг босгож, Нурхачийн хүчийг дарахаар дайлаар ирэхэд Аньфиянгу тус дайнд оролцож, Нурхачийн амийг аварсанд Шонкоро и Батуру буюу Шонхорын баатар (ᡧᠣᠩᡴᠣᡵᠣ ᡳ ᠪᠠᡨᡠᡵᡠ) хэмээх цолоор шагнуулжээ. 1613 онд Нурхачийн зарлигаар 30,000 цэрэг удирдан Ула аймгийг довтлон Ула хотыг эзлэн, тус аймгийн хүн ардыг найман хошууны дотор тараан суулгажээ. 1616 онд Хожуу Алтан улсыг байгуулсны дараа түүнийг Хөвөөт хөх хошуунд захируулж, Нурхач хаан өөрийн таван шадар сайд, өрлөг жанжны нэгд өргөмжлөгдсөн. Хожуу Алтан улсын их цэрэг 1618 онд Мин улсын Фушүнь хот, 1619 оны Ляоян, Шэньян хотуудыг эзлэж, Ехэнара аймгийг эзлэн Гинтайшийг мөхөөхөд Аньфиянгу цэрэг удирдан дайнд оролцож байв.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Дардай, Ардай, Шуорхун хэмээх гурван хөвгүүнтэй байсан. Дардай нь Дээд эрдэмтийн үед заланы эзэн буюу хөвөөт хөх хошууны заланы захирагчын тушаалыг хашиж байсан. Мин улсыг дайлахад Далин гол, Шоузанжя бао, Нинюань, Жиньжоуг эзлэхэд оролцож, Чосоныг дайлахад гавъяа байгуулж байв. 1650 онд Эеэр засагчийн зарлигаар 1-р зэргийн адаха хафан буюу дэслэсэн түшмэл хэргэмээр шагнав. 1713 онд Энх амгаланыгийн зарлигаар Дардайн хөвгүүн Дордо хэмээгчид 3-р зэргийн адаха хафан буюу дэслэсэн түшмэлийн хэргэм шагнажээ. Шуорхуны ач хөвгүүн Сунта нь 1656-1660 онд Үйлдвэрлэх яамны сайдын албыг хашиж байсан.