Ардын үндэсний эрх сонин
“Ардын үндэсний эрх”. 1932 оны 9 дүгээр сарын 26-наас 1941 оны 11 дүгээр сарын 13 хүртэл 9 жил орчим хугацаанд гарч байсан БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл. Энэ сонин тэргүүн, дагавар өгүүллээс гадна Улсын бага хурал, Сайд нарын зөвлөлийн тогтоол шийдвэр, яамдын тушаал заавар, засаг төрийн олон шатны байгууллагын ажлын тухай мэдээ зэрэг материалуудыг голлон нийтэлж байв. Тус сонин “Гадаад мэдээ”, “Засаг захиргааны анги”, “Соёл боловсролын бүлэг”, “Уран сайхны анги”, “Шүүмжлэл”, “Аж ахуйн бүлэг” зэрэг байнгын 8 булантай байсан бөгөөд явцынхаа дундаас “Эрдэм шинжилгээ”, “Эмнэлгийн зүйл”, ”Хотын мэдээ”, “Хөдөө орон нутгийн мэдээ”, “Сонины мөрөөр”, “Сонин уншигчдад тусламж” зэрэг булангуудыг нэмж хөтөлдөг болсон байна. “А. ү. э.” сонин 7 хоногт эхний үед хоёр, сүүлдээ гурван удаа 4 нүүрээр гарах болж, баяр ёслолын үеэр хэмжээгээ томруулж, зураг чимэглэлтэй, заримдаа жижиг хавсралтай гарч байв. Сониныг Ц.Баттөмөр, Өлзий-Очир нар эрхлэн гаргаж, С.Буяннэмэх, Ө.Чимид, Н.Цэенжав, Л.Цэнд-Очир, Д.Цэвэгмид, Х.Пэрлээ, Ч.Дашням нарын зохиол, нийтлэл голлон гарч байжээ. “А. ү. э.” сонин тухайн үед нам, засгаас хэрэгжүүлж буй бодлогыг идэвхтэй сурталчилж, түүний учир утгыг тайлбарлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байсны хамт оршиж буй алдаа дутагдал, учирч буй саад бэрхшээлийг илчлэн шүүмжилж, арилгах талаар санал зөвлөмжийн шинжтэй, асуудал хөндсөн материалуудыг олноор нийтэлж байв. Энэ сонин хурц, чухал асуудлыг хөндсөн нийтлэл, өгүүллийг гол төлөв нууц нэрээр гаргадаг байжээ. Сонины гол нийтлэл нь товч, дэлгэрэнгүй мэдээ, өгүүлэл, ярилцлага байсан бөгөөд найруулал, шог найруулал, уран нийтлэл зэрэг нийтлэл-уран сайхны төрөл зүйл ховор нийтлэгддэг байв. Мөн үе үе уран зохиолын бүтээл, шүлэг, шүүмж, уран сайхны киноны тайлбар гардаг байсан байна. 1936 оноос тус сонинд улс төрийн болон ахуй амьдралын сэдэвт шог зураасан зураг, үйлдвэр, аж ахуйн газрын дотоод байдал, тэргүүний хүмүүсийн хөрөг, сурвалжлан авсан гэрэл зургууд олон гарч эхэлжээ. Нийтдээ 1043 дугаар гаргаж, төр засгийн бодлогыг зүйл бүрээр сурталчилж байсан энэ сонин тухайн үеийн нөлөө бүхий томоохон хэвлэл байсан юм.