Арцат дэлийн хадны оршуулга
Арцат дэлийн хадны оршуулга нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн нутаг, сумын төвөөс хойш 45 км зайтай, Арцат дэл хайрхан ууланд олдсон X зууны үеийн оршуулга.
1999 оны 7 сарын 10-нд нутгийн малчин Х.Дэмбэрэл нар санамсаргүй байдлаар олсон эртний оршуулга. Тэгээд мөн оны өвөл Улаанбаатар хотод ирж энэ тухайгаа Монголын Үндэсний Түүхийн Музейн захирал С.Идшинноровт мэдэгдсэн байдаг. Тухайн үед судалгаа шинжилгээний байгууллагууд хөрөнгө санхүүгийн гачаалаас болж дурсгалыг судалж чадсангүй хоёр жил өнгөрөхөд тэрбээр нууцыг чандлан хадгалж, эртний түүхийн ховор дурсгалыг хамгаалж байсан юм. Ингээд Х.Дэмбэрэлийн мэдээллийн мөрөөр 2001 оны 8 сарын 18-19-нд археологич У.Эрдэнэбат, Э.Поол нарын удирдсан Монгол-Германы хамтарсан баг газар дээр нь очиж малтлага судалгаа хийсэн байна. Уг оршуулга нь далайн түвшнээс дээш 2686 метрийн өндөрт, уулын орой дээрх хадны хонгилд байсан. Модон австай оршуулгыг хөмөг дагуулан тавьж, хоёр хажуугаар нь шарилыг тээвэрлэхэд хэрэглэсэн ачаа нурууны янгиа модыг хугачин дээр дээрээс нь давхарлан хаяж орхисон байв. Авсны таг нэлээд өвөрмөц, сураар үдсэн нугастай, дөрвөлжин хэлбэртэй бяцхан таглаатай. 50 гаруй настай, монголжуу төрхийн эрэгтэй хүний толгойг баруун хойд зүг хандуулан нуруугаар нь хэвтүүлэн тавьж оршуулсан. Толгой дор нь арьсан бүрээстэй модон эмээл дэрлүүлж хажууд нь нэг үйсэн сав дагалдуулан тавьсан байв. Эмээлийн зэрэгцээ домгийн амьтны дүрстэй хүрэл товруутай худраганы сурын тасархай олдсон. Хүний баруун гарт босоо дөрвөлжин сэнжтэй төмөр дөрөө атгуулсан. Түүнээс гадна мөнгөн жийжүүтэй төмөр товруутай агсарга бүсний хэсэг, дугуй төмөр цагариганд бэхэлсэн хүрэл тоногтой суран эдлэл, сүлжмэл сурны тасархай хэсгүүд гарсан. Хүний баруун талд чагтан балтагтай, ялигүй тахир бариултай, ширээр бүрсэн модон хуйтай, бүснээс зүүх төмөр оосор, сурны үлдэгдэл бүхий урт шулуун төмөр илдний үзүүрийг нь хүний хөл тал руу хандуулан биеийг дагуулан тавьсан байв. Илдний баруун талд эвэр элэгтэй нум, ташуурын мод, тэдгээрийн дээгүүр их биеийг нь мод матаж, үйсээр хийсэн “давчит хор” хэмээх бүрэн бүтэн саадаг хөмөрч тавьжээ. Үйсэн ховдонд төрөл бүрийн зэвтэй, мөс тэр ч байтугай өд сөд нь хүртэл бүтэн хадгалагдсан 19 ширхэг харвуулын сумны төмөр зэвтэй үзүүр талыг дээш харуулан багцаар нь хийсэн, амыг нь хүний толгой тал руу чиглүүлж, дээр нь бүсэлхийн баруун тушаа агт морины дэгэрээ зуузайтай төмөр хазаар тавьсан байлаа. Арцат дэлийн хадны оршуулгаас гарсан модноос дээж авч ХБНГУ-ын Эрланген-Нюрнберг хот дахь Фридрих-Александр Их Сургуулийн лабораторид С14-ийн шинжилгээ (Erl-6734) хийлгэхэд X зууны үе (1046 BP ±38, 1σ 905-1022 calAD, 2σ 894-1149 calAD) хэмээн дурсгалын үнэмлэхүй насыг тогтоосон нь эд өлгийн харьцуулсан судалгаатай бүрэн тохирно. Уг хадны оршуулга нь Хятаны Ляо улсын үед Монгол оронд нутаглан сууж байсан “Зүбү” хэмээх хэрэйд, найман зэрэг монгол овог аймгийнхны үлдээсэн дурсгал юм. Эдүгээ Монголын Үндэсний Музейд хадгалагдаж байгаа Арцат Дэлийн хадны оршуулгын үйсэн ховд, зүймэл нум, харвуулын сумнууд, ширээр хулдсан модон хуйтай төмөр илд, модон ташуур, эмээл, төмөр дөрөө, хазаарын амгай зэрэг олдворыг Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт олдворын жагсаалтанд бүртгэн авсан байна.
Ulambayar Erdenebat, Ernst Pohl. Felsspalten- und Hoehlenbestattungen in der Mongolei. In: Dschingis Khan und seine Erben. Das Weltreich der Mongolen. Bonn / Muenchen, 2005, 81-89.
Ulambayar Erdenebat. Altmongolisches Grabbrauchtum - Archaeologisch-historische Untersuchungen zu den mongolischen Grabfunden des 11. bis 17. Jahrhunderts in der Mongolei. Inaugural-Dissertation zur Erlangung der Doktorwuerde der Philosophischen Fakultaet der Rheinischen Friedrich – Wilhelms – Universitaet zu Bonn. Bonn, 2009 (URN: urn:nbn:de:hbz:5-19581).