Байконур сансрын нислэгийн төв
«Байконур» сансрын нислэгийн төв (казах. Байқоңыр / Bajqoŋyr — «баян хөндий») — 1957 оны 5-р сарын 15-нд ЗХУ-ын үед ашиглалтад оруулсан, хоёр дахь бөгөөд дэлхийн хамгийн том 6717 км² талбайтай сансрын нислэгийн төв юм.
Тус сансрын нислэгийн төв нь Бүгд Найрамдах Казахстан улсын Кызыл-орд мужийн Казалинск хот болон Жосалы тосгоны дунд орших Тюратам сууринтай ойр байдаг. Үүнээс улбаалж энэхүү нислэгийн төвийг олон улсын хиймэл дагуулуудын лавлахад «Tyuratam Missile and Space Complex» (TTMTR) гэж тэмдэглэдэг.
Сансрын нислэгийн төв болон Байконур хот (1995 он хүртэл - Ленинск хот байсан) нийлээд 9 төрлийн пуужин хөөргөх зориулалттай 15 пуужин хөөргөх цогцолбор, тив хоорондын баллистик пуужин туршин хөөргөх 4 байгууламж, 11 угсралт, туршилтын барилга байгууламж болон бусад дэд бүтэц зэргээс Байконур цогцолбор бүрддэг байна.
Энэ нь 1947 онд баригдсан "Капустин Яр" сансрын нислэгийн буудлаас 10 жилийн дараа баригдсан бөгөөд 1957 оноос 1991 оны 12-р сарын 26-нд ЗСБНХУ задран унаснаас хойш тусгаар тогтносон Казахстан Улсын өмчид шилжсэн юм. Өнөө үед ОХУ уг төвийг Казахстан улсаас түрээслэх хэлбэрээр ашиглаж байна. Түрээсийн гэрээг 2050 он хүртэлх хугацаанд байгуулсан. Сансрын төвийг ашиглах зардал нь жилд 9 тэрбум рубль (үүнд Байконур цогцолборыг түрээслэх зардал - жилд ойролцоогоор 7.4 тэрбум рубль, сансрын хөлгийн байгууламжийн засвар үйлчилгээний зардал - жилд 1.5 тэрбум рубль) болдог байна. 2015 онд Байконур төвөөс 18 тээгч пуужин хөөргөсөн байна.
Барилгын ажил
[засварлах | кодоор засварлах]1955 оны 2-р сарын 12-нд ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан "292-181сс" тогтоолоор пуужингийн туршилт хийх зориулалттай ЗХУ-ын Батлан хамгаалах яамны 5-р судалгаа-туршилтын талбайг байгуулах шийдвэр гаргасан байна. 1955 оны эхний хагаст туршилтын талбай байгуулагдсан газар "Тайга" гэж нууц нэртэй байжээ.
Барилгын ажлыг хошууч генерал Г.М.Шубников удирдахаар томилогдсон байна. Цэргийн барилгачдын анхны анги 1955 оны 1-р сарын 12-нд Тюра-Там өртөөнд ирсэн байдаг.
Сансрын хөлгийн албан ёсны төрсөн өдрийг Жанжин Штабын тушаалаар 1955 оны 6-р сарын 2-ны өдөр гэж үздэг. Учир нь БХЯ-ны 5-р судалгаа-туршилтын талбайн орон тооны бүтцийг баталж, талбайн штаб болох 11284-р цэргийн ангийг байгуулсан ажээ. Туршилт, хөөргөлтийн эхэн үед талбайд 527 инженер, 237 техникийн ажилтан ажиллаж, 3600 цэргийн албан хаагчтай байжээ.
Сансрын нислэгийн төвийн үе үеийн удирдлага
[засварлах | кодоор засварлах]- Алексей Иванович Нестеренко (1955—1958)
- Константин Васильевич Герчик (1958—1960)
- Александр Григорьевич Захаров (1961—1965)
- Александр Александрович Курушин (1965—1973)
- Валентин Илларионович Фадеев (1973—1978)
- Юрий Николаевич Сергунин (1978—1983)
- Юрий Аверкиевич Жуков (1983—1989)
- Алексей Леонтьевич Крыжко (1989—1992)
- Алексей Александрович Шумилин (1992—1997)
- Леонид Тимофеевич Баранов (1997—2007)
- Олег Владимирович Майданович (2007—2008)
- Евгений Николаевич Анисимов (2008—2014)
- Михаил Юрьевич Варданян (2015—2016)
- Евгений Иванович Раковский (2016—2019)
- Валинур Светланович Агишев (2019— )