Jump to content

Балжиртүндэвийн Дэмчигдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Балжиртүндэвийн Дэмчигдорж (1923 онд Цэцэрлэг мандалын аймгийн Арвайхээрийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ширдэгт хэмээх газар төрсөн-2001 онд нас барсан)- Монгол Улсын дипломат, багш, эрдэмтэн.

Малчин Балжиртүндэвийн гэр бүлд төрсөн бөгөөд хүрээнд сууж байхдаа Равдан гавжаар төвөд бичиг үсэг заалгаж , цаашид ном эрдэм сурах хүсэл сонирхолтой болсон байна.

Тэрээр Б.Дэмчигдорж Арвайхээрийн хошууны тэнхимийг амжилттай төгсөж ,улмаар 1937 онд Буриад улсын Улаан-Үүд хотын Монголрабфакт суралцсан байна. Б.Дэмчигдож амжилттай суралцаж байтал уул сургуулийн сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж , 1940 онд Багшийн сургууль болсноо 1941 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуультай нийлжээ. Тэрбээр 1942 онд сургуулиа төгсөж , Өвөрхангай аймгийн төвийн сургуульд багшаар томилогдон ажлаа гараагаа эхэлсэн байна.

Энэ хугацаанд тэр багшлахийн зэрэгцээ орос, монгол хэл бичигт сайтар суралцаж, цаашид судалгааны ажил хийхийг зорьж байжээ. Ийм бүтээлч сэхээтэн хөдөөд тийм олон байсангүй .

1943-1945 онд Мал эмнэлгийн техникумд, 1945-1948 онд 1-р арван жилийн сургуульд тус тус багшилсан байна.

1948 оноос Гэгээрлийн яаманд хэл бичиг, уран зохиолын мэргэжилтнээр дэвшин ажилласан. Энэ хугацаанд Б.Дэмчигдорж “Хэл яриа яаж үүссэн бэ?”\ 1948 он\ , “Хэл бичиг заах гарын авлага” , “Хуучин монгол бичгийн товч сурах бичиг “ \1952 он\ ,доктор Ш.Лувсанвандантай хамтран “Монгол хэлний зүй” \1951 он\ бичиж хэвлүүлсэн байна.

1954 онд МУИС- д орж, амжилттай суралцан , сурлагаараа шалгаран, 1957 онд ЗХУ-ын Москва хотын Сурган хүмүүжүүлэх ухааны сургуульд шилжин суралцжээ. Гэсэн ч өвчний учир арга буюу эх орондоо буцаж ирсэн байна.

1958 онд МУИС- даа үргэлжлүүлэн суралцаад амжилттай дүүргэж Гадаад явдлын яамны ажилтнаар оржээ.

Тэрээр 1958-1960 онд Гадаад явдлын яамны хэвлэлийн хэлтсийн ажилтан, орлогч дарга.

1960–1962 онд БНАСАУ-д Монгол Улсын Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга.

1962 онд МАХН-ын Намын дээд сургуулийн орос хэлний багш.

Дараа нь Гадаад явдлын яаманд буцаан орж, хэвлэл мэдээллийн хэлтэс , хяналт шалгалтын тасаг , архивын тасгийн дарга, орлогч албыг дараалан хашиж байгаад дахин БНАСАУ -д суугаа Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн даргаар томилогдон явсан байна.

Түүний ууган хүү Дэмчигдоржийн Мягмарсүрэн нь Монголын радиод олон жил хариуцлагатай алба хашиж нэрд гарсан сэтгүүлч, урлаг судлаач Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн хүн юм.

Удаах хүү Дэмчигдоржийн Галсанбат нь эстрадийн урлагт бие сэтгэлээ зориулж, ард түмний хайртай авьяаслаг хөгжмийн зохиолч, гитарчин болсон түүхтэй. Тэрбээр МУ-ын гавъяат жүжигчин цолыг эстрадийн урлагийнхнаас хамгийн түрүүнд хүртсэн юм. Д.Галсанбатын дурсгалд зориулж Гучин-Ус сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгож алдрыг нь мөнхжүүлжээ.

Дэмчигдоржийн Галсанжаргал 25-р Телевизийн эздийн нэг бөгөөд тус телевизийн зөвлөх.

Мөн Д.Галсандорж, Д.Галсанбаяр, Д.Галсанжамц, , Д.Галсанбаатар, Д.Галсанбуян нар юм.