Балын Шоовдор

Балын Шоовдор нь (1939 онд төрсөн) БНМАУ-ын начин хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1939 оны "Туулай" жилийн хавар цагаан сарын дараахан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт "Тулгат" багийн "Хэвтээгийн овоогийн заг" хэмээх газарт малчин ард Чогсомын Балын 13 дахь хүүхэд болон мэндэлжээ.

Бага залуу нас[засварлах | кодоор засварлах]

Б.Шоовдорын эцэг, эх хоёулаа насаараа мал малласан олон хүүхэд төрүүлж, өсгөж өндийлгөсөн өнөр өтгөн айл, эцэг эх нь их өндөр насласан буурлууд байжээ. Эцэг Чогсомын Бал нь их бяр тэнхээтэй, адуу хажуугаар нь өнгөрөхөд барьж аваад унагаачихдаг мөн түүний өргөж байсан чулуу нь сумын наадмын талбайд одоо ч хэвээрээ байдаг. Эх Тогоочийн Аюуш нь 110 насыг насласан сайхан буурай байв. Баяндалай сумын бага сургуульд суралцан төгсөж эрийн цээнд хүрмэгц сумынхаа "Сүхбаатарын зам" нэгдэлд ажиллаж биеийн хүчний ажил хийжээ. Бие бялдар нь өсч бяр тэнхээ сууж сум орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаад 1960 оны зун анх удаа Өмнөговь аймгийн баяр наадамд зориглон зодоглож шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байна. Энэхүү барилдаанд Булган сумаас ирсэн Ц.Эрэн, Лувсан, Ханхонгорын Ц.Санжаа, Хүрмэний Б.Шоовдор нарын дөнгөж 20 нас шүргэж яваа үе тэнгийн өсөх ирээдүйтэй аймагтаа анх удаа барилдаж буй залуус үлдээд цөмөөрөө цолгүй тул хооронд нь сугалаагаар барилдуулж байжээ. Эрэн Шоовдортой, Санжаа Лувсан нар таарч барилдан энэхүү наадамд олон түмнээ "Авдар" хэмээн алдаршсан Цэрэнгийн Санжаа түрүүлж Балын Шоовдор 20 насандаа Аймгийн начин цол хүртэн бөхийн комисс Бавуу, Даяндорж нараас цолны үнэмлэхээ гардан авч тоонот бөхийн тоонд орж торгон ногоон дэвжээнд зодоглох бөхийн гараагаа эхэлсэн байна.

1960 оны намар Б.Шоовдор нь аймгийн начин цол хүртсэн жилээ нутгийн залуус болох ирээдүйн том бөх О.Пүрэв, П.Бямбаа нарынхаа хамт ардын цэрэгт мордож жолооч болно гээд доод нисэхэд Сонгины буланд Авто сургуульд алба хааж байжээ. 1961 онд жолооч болчихоод Сэлэнгэд хуваарилагдаж өвөлжихдөө "Хараа" голын мөсөн дээр байнга тэшүүрээр гулгаж хөл дээрээ биеэ тогтвортой тэнцвэртэй болгож сурсанаар хөлний зогсолт сайжирсан явдал бол үндэсний бөхөөр барилдахад маш сайнаар нөлөөлсөн гэж хуучилж байжээ.

1962 оны зун Ардын хувьсгалын 41 жилийн ойгоор Дархан хотын наадамд барилдаж нутаг нутгаас ирсэн 128 хүчтэн зодоглоход говь нутгийн хүү, хал цэрэг, аймгийн начин Балын Шоовдор 1-4н даваанд учраа бөхчүүдэ төвөггүйхэн өвдөг шороодуулж тавын даваанд Архангайн аймгийн арслан Чагнаадоржийг, зургаагийн даваанд Архангай аймгийн Өгийннуурын аймгийн арслан Чилхааг тус тус давж долоогийн даваанд Говь-Алтай аймгийн арслан Цэрэндолгороор давж аймгийн арслан цол хүртжээ.

1963 онд Дархан хотод болсон заалын барилдаанд Улсын аварга Цэрэн, Улсын заан Говь-Алтайн Пүрэв нарын бөхчүүдийг ирж барилдахад дээрх улсын цолтнуудыг дараалуулан хаяж уг барилдаанд түрүүлэн түүний нэр алдар олны дунд "Дарханы Шоовдор" хэмээн яригдаж нэрд гарч эхэлсэн билээ.

1976 оны улсын баяр наадмаар гурвын даваанд Увс аймгийн харъяат улсын начин Солооныг, дөрвийн даваанд Баянхонгор аймгийн харъяат улсын начин "Тавхай" хэмээх Баасанхүүг, тавын даваанд Монгол улсын арслан Гомбо-Аюушын Дэмүүлийг тус тус давж Монгол улсын начин цолыг хүртсэн байна. Ийнхүү Улсын начин Шоовдор нь 1960-1970 оны сүүл үе хүртэл улс аймаг, сум орон нутгийнхаа дэвжээнд олон удаа барилдан түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч түмэн олноо баясган ирсэн билээ.

Онцлог шинж[засварлах | кодоор засварлах]

Б.Шоовдор нь барилдааныхаа явцад баруун солгойгүй харвах, босоо суугаа өмсөх, хоёр хөлд гүйх, баруун зүүнгүй хөл авч дэрмэх мэхтэй. Тэрээр удах тусам цуцдаггүй, чангарч барилддаг, хөлын зогсолт сайн унаа холтой бусдад бярдуулж ааглуудаггүй биенээсээ илүү тэнхээтэй бөх байсан юм. Тийм ч учраас "Халзан Шоовдор" халгаатай шүү гэж тухайн үеийн бөхчүүд бөх сонирхогчдын яриа оргүй зүйл биш юм.

Бас нэгэн сонирхолтой баримт:

  • Ууган хүү Ш.Баттулга нь Улсын анчин, Аймгийн начин цолтой, Авто спортын мастер, хүү Б.Түмэн-Өлзий Аймгийн начин цолтой
  • 2 дахь хүү Ш.Очирбат нь Хөнгөн атлетикийн спортын мастер, хүү О.Бат-Оргил нь үндэсний сурын спортын дэд мастер
  • 3 дахь хүү Ш.Батмөнх нь Аймгийн начин цолтой, Авто спортын мастер
  • 4 дахь хүү Ш.Баянбат нь Аймгийн начин цолтой, Аймгийн алдарт уяач
  • 6 дахь хүү Ш.Даянбат нь Аймгийн алдарт уяач
  • Бага хүү Ш.Дарханбат нь Улсын начин цолтой
  • Том охин Одончимэгийн хүү А.Дэлгэрдалай нь дугуйн спортын мастер цолтой гэх мэт спортын нэгэн том гэр бүл билээ.