Jump to content

Баянцагааны хөндийн буган хөшөөд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баянцагааны хөндийн буган хөшөөд нь Архангай аймгийн Ихтамир сумын нутгаас олсдон буган чулуун хөшөөний дурсгал.[1]

Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс зүүн хойшоо 20 гаруй км зайд хойноос урагшаа уужим болж тогтсон өргөн хөндийг Баянцагааны хөндий хэмээн нэрлэнэ. Энэ хөндийд түүхийн өөр өөр цаг үед холбогдох булш, хиргисүүр, буган хөшөө, дөрвөлжин булш, түрэгийн тахилын онгон зэрэг дурсгалууд бий.

Баянцагааны хөндийн олон төрлийн дурсгалууд дотроос буган хөшөөд нь сүрлэг, уран нарийн сийлбэртэйгээрээ онцгойрч харагддаг. Энэ хөндийгөөс одоогоор нийт 18 буган хөшөө илэрч олдоод байгаа бөгөөд тэдгээр нь өөрийн анхны байрандаа, бусад төрлийн дурсгалд буюу ихэвчлэн дөрвөлжин булшинд ашиглажээ.

Энэ хөндийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна. Буган хөшөөний хамгийн жижиг нь 150 см, хамгийн өндөр 408 см хэмжээтэй ба бүгдийг цайвар саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөдийн сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан.

Баянцагааны хөндийн буган хөшөөдөөс анхны байрандаа байгаа, нарийн бүтэц, зохион байгуулалт бүхий тахилгын цогцолбортой, уран нарийн сийлбэртэй онцгой нэг хөшөө бий. Энэ хөшөө нь өөрийн тахилгын цогцолборын төв хэсэгт газарт унаж шороонд булагдсан байсныг Монгол-Монакогийн хамтарсан «Хойд Тамир-Хүнүй» төслийнхөн босгож, бүрэн баримтжуулалт хийж, тахилын цогцолборын дэвсгэр зургийг үйлдэн, битүү чулуун дараастай гурван тахилгын байгууламж малтан шинжилсэн байна.

Энэхүү хөшөөний орой хэсэгт нар, сар, хоёр салаа унжлагатай ээмэг, түүний доор хүзүүний зүүлт, хөшөөний дунд хэсэгт 15 бугыг их томоор хөшөөг эргэн ороосон байдлаар дүрсэлж, тэдний нэгний гэдсэн доор толь сийлжээ. Хөшөөний доод хэсэгт хээ чимэглэлгүй, цулгуй бүсний хажууд нум, саадаг, зээтүү мэт багаж, хутга, чинжаал зэргийг дүрсэлсэн байх бөгөөд доор нь том толгой, соотон чихтэй 5 адууны биеийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж гаргасан байна. Хөшөөний ар талд, бүсэн дээр таван талт хэлбэртэй бамбайн дүрслэл бий.

Баянцагааны хөндийн буган хөшөөний тахилгын байгууламжаас олдсон адууны толгойн ясанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр түүний он цагийг НТӨ 840-760 он хэмээн тогтоожээ.

  1. "Баян цагааны хөндийн буган хөшөө :: www.touristinfocenter.mn". touristinfocenter.mn. Татаж авсан: 8 January 2023.