Богдын лүндэн

Богдын лүндэн, Монголын үндэсний түүхийн музей

Богд хаан Живзундамба лүндэндээ:“Миний сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. Хоёр удаа уншваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гурван төрөлдөө бурханы оронд надтай учирч төрнө шүү” хэмээн айлджээ… ОЧИРДАРА БОГД ГЭГЭЭНТЭНИЙ НАЙМДУГААР ДҮРИЙН ГАЙХАМШИГТ ЛҮНДЭН ОРШИВОЙ.

Лүндэн[засварлах | кодоор засварлах]

Ум сайн амгалан болтугай… Энхжингийн орноос бууж ирсэн далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүнтагтай Далан таван Махгалын дүртэй, Мянган мэлмийтэй, түмэн сонортой Хонсим бодисад Очирдарь ламын гэгээн гэж ар халх, дөрвөн аймаг шавь долоон хошуу, Өвөр дөчин есөн хошуунд залагдаж ирсэн билээ, Би. Богд эзэн хаанаас зарлигтай Ар халхын эрдэнийн ширээнд суусан билээ. Шашиныг дэлгэрүүлж, шашины алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй суудаг билээ…

Ар халх та нар минь !!! Би гурван мянган ертөнцийг өдөр шөнийн хамт товчлон зургаан цагт эргэх эрхтэй билээ. Жэвзүндарнат би Ар халх юугаан үүрийн харанхуйд нэг, наран гарахад нэг, өдөр дунд нэг, үдшийн бүрэнхийд нэг өдөрт дөрвөн удаа эргэдэг шүү. Намайг сэтгэлийн угаас үнэн санадаг хүмүүс нэн цөөн байна. Та нарын минь гэрийн доторх хэрүүл тэмцэл, хэл ам, атаа жөтөө, галын манаа, үүдний хог шороо чинь халж орж болохгүй байна…

Ар халх та нар минь !!! Би хоёрдугаар бадаргуулт төрийн хааны арванзургаадугаар он, төмөр туулай жилийн өвлийн сүүл сарын хорин есний өдөр. Дэчингалав Очирдарийн их лавран орон хийдийг орхиж Та нарын алтан амийг аврах золиосонд өгч хайлсан биш үү. Та нарын татсан тамхины утаа Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэх цаг ирж байна. Та нарын уусан архи их мөрөн далай мэт болоод гаталж болохгүй байна. Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний хойно арван цагаан буянтай үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд өөрийн нүдээ өгч татна биш үү. Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн галав нөгчтөл Очирт тамын зовлонг үзнэ. Басхүү та нарын хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь баруун, зүүн алган дээр минь эрлэгийн толь мэт илхэн байна. Барс туулай жилийг үзвээс жаран жилийн жаргал ирнэ. Гэвч танарын минь үйлдсэн Арван хар нүгэл хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж айсуй биш үү. Тэдгээр чинь хор болдог. Аливаа муу юмыг амирлуулж байхын тул өр гэр бүгдээрээ тасралтгүй Сүндүй, Жадонба, Лүйбумгарав, Тарбачэнбу, Дамдинжи дордог, Алтангэрэл, Дашизэгба, Нанжид, Доржэжодба, Намсрайжи янгүг. Лам хуврагууд нь гурван гүрэм, Дэжад сэржэм, Жамбал цанжод, Жамсранги шагба. Нийт шар, хар даяараа Дарь эх, Жинловцогзолма, Базарсадыг түм бум унш…

Ар халх та нар минь !!! Гурван настай балчир хүүхдээс дээш нийгэм ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи тамхи, даалуу, шагай, хөзөр тэргүүтэн арван зүйлийн нүгэлт явдлыг өдөр шөнийн зургаан цагт ер сайн мэдэж чадах байтлаа дээдийн номыг юунд эс уншнам. Түүнээ тогтоон авч үр хүүхэд, ач жич нартаа аливаа сайн зүйлийг сургах хийгээд миний урьд урьдын зарлиг сургаалийг дагаж уламжлан биелүүлээгүйгээс эцэг эхийн үгийг хөвгүүд охид нь тоохгүй Бас ламын үгийг шавь нь тоохгүйгээс журам үгүй болж хожмын хууль зарлигийг зөрчих. Эцэг эхээ айлгах, лам багшаа үзэн ядаж доромжлох болмуй. Ахмад настанг үл хүндлэхээр барахгүй хэлж сургахыг хүсвээс өмнөөс нь зандран нударгалах тийм зан төлөвтэй болмуй. Аяа халаг хухай та нар минь. Бага ч хэмээсэн ухаан юугаа дэлгэрүүлж Ном эрдэм юунд ч эс үзмүй. Хувийн өчүүхэн жаргалд автагдан Аливаа муу үйл бүхнийг гүйцэтгэн явбаас хойт насандаа бурханы оронд яаж учрах вэ…

Ар халх та нар минь !!! Би тавдугаар, зургаадугаар, долоодугаар, наймдугаар Богд гэгээн гэж олон олон төрөлдөө олон удаа энэ сургаалийг гаргасан билээ. Та нар минь сонсовч сонсоогүй мэт харавч хараагүй мэт Үзэвч үзээгүй мэт тоомжиргүй өнгөрүүлдэг биш үү…

Ар халх та нар минь !!! Алт мөнгийг их зүүж эдэлбээс амны хишиг, заяаны буян чинь зайлах Хойт насанд чинь тамын хадаас биенд чинь гинж болж эдлүүлэх байна. Энэ цөвүүн цагт алт мөнгийг таван цэнгээс илүү бүү эдэл. Миний үгийг зөрчиж эдэлбээс аливаа муу хортон дайсны гарт түргэн учирч зовно шүү…

Ар халх та нар минь !!! Мянган хонь хотлуулаад мянган лан мөнгийг авдарлаад Буян номыг үйлдэхгүй бусдын буян ном үйлдэхэд даган баясалцахгүй хоосонд өглөг өгөхгүй бол эцэс хойт төрөлдөө эрлэг тамын газар одохдоо мянган хонио туугаад мянган лангаа аваад явдаггүй биш үү. Хөгшин залуугүй үхэхийн цаг чөлөөгүй ирдэг биш үү…

Ар халх та нар минь !!! Түймэрийн улаан гал мэт улайдан дүрэлзсэн эрлэгийн элч огторгуйн хар салхин мэт ширүүлэн ирэхийн цагт алтан сайхан амь биеийг чинь завсарлаж амирлуулахын тулд шөнө бүр гурван морь зогсоож байдаг тул буяныг үйлдэж, нүглийг тэвчиж яваарай. Та нар минь баян гэж бүү бард. Хоосон гэж бүү гомд. Баян чинь ганц довон дээр байгаа. Хоосон чинь ганц усан дээр. Баатар бардам омог чинь ганц суманд…

Ар халх та нар минь !!! Одоо энэ цөвүүн цагт энэ сургааль номонд эс орж явбаас тэнгэрийн дуун, аянга хийгээд галын аюул, үер усны аюул эрхбиш ирнэ. Нэртэй нэргүй өвчин тэргүүтэн гэнэтийн үхэл зовлон учрах байна шүү. Миний сургаалийг нэг гэрийн дотор нэгэн удаа уншваас тэр гэрийн барцад магад арилна. Хоёр удаа уншваас гадны барцад магад арилна. Гурав дуудваас гурван муу заяанд унахгүй, гурван төрөлдөө бурханы оронд надтай учирч төрөх байна. Миний энэ сургаалийг дагаж явсан лам хувраг хүмүүнийг багш мэт саная. Төгс баясгалант тэнгэрийн орон ба энхжингийн оронд гэлон, гэцүл болгож төрүүлье. Энэ сургаалийг дагаж явсан эр хүмүүнийг Манзушри мэт бодъё. Умрын оронд тойн хувраг болгож төрүүлье. Авгай хүмүүнийг дагинас мэт саная. Энхжингийн оронд төрүүлье. Лам, хар, ах дүү авгай дагинас бүгдийг өөрийн дүү мэт саная. Энхжингийн оронд далан долоон төрөлдөө дэргэдийн шадар сайн шавь хүмүүн болгож төрүүлье…

Ар халх та нар минь !!! Энэ цөвүүн цагт энэ сургааль номд орж явбаас аливаа муу хортон дайсантай учрахгүй Аюул болгоноос гэтэлж гарах байна. Сайн шүтэж явтугай. Бурханы оронд очиход холгүй биш үү. Миний сургаалийг сайн хүмүүнээр дуудуулан сонсвоос арван тавны наран сарны гэрэл мэт оюунт сайхан цэцэн мэргэн ухаантай болж “Ганжуур”, “Данжуур”-ыг олшруулан уншуулж сонссонтой адил биш үү. Дамжиггүй мунхаг хүмүүнд сонсговоос харанхуй шөнө хар усыг үнсэн дээр асгасантай адил. Аав ээжийг өргөмжлөн хүндэлж явбаас хоёр насандаа амны хишиг заяаны буян чинь үргэлж дэлгэрнэ. Хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангарагийг чандлан хичээж явагтун. Миний сургаалийг бичүүлэн авч гэрийн дотор тахиж явбаас гурван жилийн гай барцад магад арилна. Миний энэ сургаалийг дуудах сайн хүмүүнээр дуудуулж хуурмаггүй бодож санаж явагтун. Миний энэ сургаалийг буулгасан судар номыг олон даяараа айл алгасалгүй, айл бүр уншуулж явбаас аливаа муу хортон дайсан лугаа уулзалгүй сайн явнаа. Жаран жилийн жаргал ирнээ. Арван хуруу тэгш жарганаа. Миний энэ сургаалийг дагаж явбаас шавь нар минь надтай хамт төгс баясгалант төгс баясгалант тэнгэрийн орон ба энхжингийн оронд дахин дахин учирч төрнө биш үү. Миний үгэнд орохгүй бол надтай учрах гэж миний хойноос агт морио сульдааж атан тэмээгээ чилээж амь биеэ зүдрээн ирсэн тань тусгүй байна. Би өдөр шөнийн хамт зургаан цагт эргэдэг билээ. Өглөө эрт бостугай. Үдэш орой унттугай. Нүглийг тэвчиж, орой бүр ерөөл тавьтугай. Өлзий хутаг орших болтугай. Ум ма ни бад мэ хум. Тэргүүлшгүй олон төрөлдөө бие биедээ эцэг эх, ах дүү, төрөл төрөгсөд, хань нөхөр, үр садан болж төрсөн бид бүгдээрээ туулсан бурхан, Богд ламаасаа хагацахгүй төрж Бурханы гэрлийн цогцос олохын ерөөлийг дамжиггүй талбия. Богд ламын өлмий дор мөргөмүй. Таны энэ их зарлиг бүхэн Гийгүүлэх наран мэт тэтгэх болтугай. Таны зарлиг ёсоор дамжиггүй саная…

Цаг яагаад цөвүүн болов[засварлах | кодоор засварлах]

Цаг яагаад цөвүүн болов гэвэл буруу номт хятадыг хоймор тахих ширээгээ тавих, цайгаа домболж өгөх гэлон, гэцүл, банди, чавганц нарын ирэхэд хаалгаа хаагаад аргаа үүрээд ийш тийш нисэх мэт алхан явах. Гэртээ ороход нь буруу зөв хандаад хялав, цалав гэж улаан цайгаа уур савстал давхар доогуур нууж тавих. Хүйтэн шарыг унд гэж өгөх. Үхэхийгээ унтахын чинээ санахгүй. Эрлэг тамын газарт очоод юугаа хэлнэ дээ. Халуун ширэм ундыг ууж яаж болох вэ. Би энэ сургаалийг худал номлож гаргасан байх юм бол зөв юмыг буруу тийш нь аваачъя гэж санасан бол сайн муу ч тавин нэгэн төрлийг үзүүлэгч Абидын хувилгаан богд Жэвзүндамбын гэгээн дахиж бүү болъё. Бурхан бүү болъё. Тангарагаа эвдье. Тамын ёроол сахъя. Тангараглаж гуйсан минь энэ биш үү…

Нүглийн сав дүүрчээ[засварлах | кодоор засварлах]

Ертөнцийн хүмүүний нүглийн сав дүүрчээ. Эцэг эхээ ачлахгүй, эцэг эхээ элдвээр зовоох, тэнгэр газрыг зааж хараах, амьтан алахыг цээрлэхгүй, хүмүүнийг муучлах, их багыгаа занан тэмцэх сэтгэлийг үүсгэж нэг нэгнээ дарлах, шударга хүмүүнийг дорд үзэх, миний ийм бодлыг үл хайхран муу үйлийг үйлдэж сайн замаар явахгүй нэг мөсөн нүглийн сав дүүрчээ. Хорин найман одны ертөнц байгуулж дэлхий дахинд самуун үүсгэж зусар, зальхай мууг хураах цаг болов.

Манай монголчууд сүсэг бишрэлээ сайнаар хичээн муугаа халж явтугай. Тэгвэл зовлонгоос гэтэлж чадна. Таван цөвүүн цаг болов. Арван хүмүүний ес нь үхнэ. Есөн эхнэр нэгэн эрийг дагна… Ертөнцийн хүнд аюул их байна. Галын аюул, усны аюул, зэр зэвсгийн аюул, цэрэг дайны аюул, хулгай дээрмийн аюул, хорт могойн аюул, чоно барсын аюул, догшин аянга цахилгаан, борооны аюул, өлсөх өлбөрөхийн аюул, эцэг эх, үр садан хийгээд эр эм салж хагацахын аюул гэтлэхийн аргагүй цаг ийм болов. Аливаа хүмүүн сэтгэлээ засч хичээ. Хүмүүний үхдэл гуу судгаар дүүрээд цусан гол урсана. Зам байвч явах хүн байхгүй Гэр байвч суух хүн байхгүй дээл байвч өмсөх хүн байхгүй ийм цаг болов. Баян хэмээн битгий сагсуур, ядуу хэмээн битгий гутар. Баян ядуугүй амаржина. Муу үйлийг халж сайн замаар явбал цөвүүн цагаас гэтэлж болно…

Зовж байна[засварлах | кодоор засварлах]

Огторгуй дор цэргийн дайн хөдлөхийн учир зовж байна. Цагаан малгайт хятад нар нэн хоосрохын учир зовж байна. Хот балгасын газар цэрэг зэвсэг хөдлөхийн учир зовж байна. Их хаан олон үхэхийн учир зовж байна. Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна.

Луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана. Энэ зарлигийг минь дамжиггүй санах хэрэгтэй. Ирэх жилд огторгуй маш хэцүү аянга буух болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү. Бурхан тэнгэрт зул хүж тавьж мөргөгтүн. Эцэг эхийг ачлагтун. Сар бүрийн таван, арван таван, хорин таван энэ өдрүүдэд сүсэг бишрэлээр мөргөгтүн амар тайвнаар өнгөрөөж болно. Энэ зарлигийг уламжлан тараагтун. Богд би Хан хурмаст болж чөтгөрийг алгуурлан аюул бүхнээс гэтэлгээд цагаан лууг зүүн урд зүгээс алгуур залж ирээд таван зүйлийн тамхийг хориглоно. Мөн таван өнгийн архийг хамтаар хориглоно. Чоно барс хослоод огторгуйн доор зогсох хийгээд долоо, найман сард сэрэмжтэй байх хэрэгтэй. Түүн дээр үхэн барагдах хүмүүн тоогүй олон болох тул сар бүрийн шинийн найман, арван таван, хорин таванд чин үнэн сүсэг бишрэлээр мөргөгтүн. Бурхан багшид ийн залбирвал гамшиг өнгөрч болно. Хичээх үгүй аваас гамшигаар үхэх болно. Тийм учраас зайлж болох номыг уншваас түүнээс зайлна. Энэ сургаалийг нэг хүмүүн бичиж тараавал нэгэн гэрээрээ гамшгаас гэтэлж болно. Олон бичиж тарааваас олон арван гэрийн гамшиг арилах. Мэдсээр байгаад эс тараавал цусаар бөөлжиж үхэх нь магад. Аливаа хүмүүн эс итгэвэл тэр гэрийхэн хижгээр үхэх болно. Огторгуй маш хэцүү аянга буулгах болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү. Энэ зарлигийг минь дам дамаа тараан зарлахтун.

Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум сарваа мангалам.