Брайан Жонс
Люис Брайан Хопкин Жонс (англи. Lewis Brian Hopkin Jones; 1942 оны 2-р сарын 28-нд Английн Челтнхэмд төрсөн—1969 оны 7-р сарын 3-нд Английн Зүүн Саксесын Хартфилд нас барсан) — Их Британийн алдарт Роллинг стоунз (англи. The Rolling Stones) рок хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин, олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглогч. Брайан Жонс хөгжмийн авъяас чадвараараа ер бусын чиглэлд аялгуу авч, загварлаг дүр төрх, хар тамхинд донтсон зэргээрээ алдартай болсон. 27 настайдаа нас барснаар түүнийг "Клуб-27" гэж нэрлэгдэх анхны хөгжимчдийн нэг болгосон юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Жонсын эцэг эх нь хөгжим маш их сонирходог байсан бөгөөд энэ нь залуу Брайанд маш их нөлөө үзүүлсэн байна. Жонсын эцэг инженер байхдаа төгөлдөр хуур, орган хөгжим тоглож, орон нутгийн сүмийн найрал дуунд дуулдаг байв. Эхнэр нь хөгжмийн багш байсан бөгөөд хүүгээ багаас нь төгөлдөр хуур тоглож сургаж эхэлжээ. Дараа нь тэр кларнет авч, 14 настайдаа сургуулийн найрал хөгжимд нэгдүгээр кларнет тоглодог байжээ.
1957 онд Жонс жааз хөгжимчин Чарли Паркерын бичлэгийг анх сонссон нь жааз хөгжимд дуртай болж, эцэг эхээсээ саксофон авч өгөөч гэж их гуйдаг байжээ. Брайан олон зэмсэг тоглож сурсан, тэр тэднийг амжилттай эзэмшсэн боловч эрт орой хэзээ нэгэн цагт түүнээс залхаж, өөр шинэ эрэлхийдэг байв. Хоёр жилийн дараа 17 насны төрсөн өдрөөр нь эцэг эх нь түүнд анхны гитарыг нь авч өгсөн байна.
Сургуульд байхдаа Жонс хичээнгүй сурагч гэдгээрээ алдартай байсан бөгөөд сурсан бүх сургуульдаа өндөр үнэлгээ авдаг байв. Мөн бадминтон, усанд шумбах дуртай байсан ч энэ спортод төдийлөн амжилт гаргаж чадаагүй.
1962-1968 онуудад тэрээр Роллинг стоунз хамтлагт гитарчин байсан.
Жонс мөн тэрслүү, ер бусын дүр төрхөөрөө загвар зохион бүтээгч байсан гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Түүний гадаад төрх нь хамтлагт хамгийн тод харагдаж байсан бөгөөд түүний зан байдал, дүр төрх нь жараад оны Лондонгийн залуусын загварт ихээхэн нөлөөлсөн.
Жонс намхан (168 см), цэнхэр нүдтэй, шаргал үстэй байсан ч "рок од"-ын ердийн дүр төрхийг бүрдүүлсэн анхны хүмүүсийн нэг байв. Битлзийн "A Hard Day's Night" кинон дээр гардаг шиг түүнийг гудамжинд хөөж байсан шүтэн бишрэгчдээсээ зугтсан тохиолдол бий. Ричардс, Уоттс нарын ярьснаар Жонс тайзан дээр Мик Жаггераас анхаарлыг холдуулж өөр дээрээ авч гоцлол дуучны үүргийг гүйцэтгэхийг үргэлж хичээдэг байсан гэдэг.