Мик Жаггер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Мик Жаггер.2014 он

Сэр Майкл Филипп (Мик) Жаггер (англ. Michael Philip «Mick» Jagger; 1943 оны 7 дугаар сарын 26-нд Английн Кент дүүрийн Дартфорд хотод төрсөн) Британийн (Английн) рок-хөгжимчин, жүжигчин, продюсер, алдарт "Роллинг Стоунз" хамтлагийн гоцлол дуучин-хөгжимчин. 1998 онд "рок-н-ролл"-ын Алдрын танхимд, 2004 онд Их Британийн хөгжмийн алдар танхимд багтсан).

Намтар[засварлах | edit source]

Мик Жаггер 1943 оны 7 дугаар сарын 26-нд Дартфорд (Кент) хотод төрсөн. Түүний эцэг биеийн тамирын багшаар ажилладаг байсан бол эх нь Консерватив нийгэмлэгийн ажилд оролцдог байжээ. Мик нь мөн дуучин, хөгжимчин болсон Крис Жаггер хэмээх дүүтэй. Майкл Лондоны Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуульд (LSE) суралцсан. Их сургууль Майклд огт сонирхолгүй байсан бөгөөд түүний цорын ганц дуртай зүйл бол дуу дуулах явдал байжээ. Брайан Жонс, Кит Ричардс нартай хамтран үүсгэн байгуулсан Роллинг Стоунз хамтлаг улам бүр алдартай болсон тул тэрбээр удалгүй их сургуулиа орхисон байна.

1961 онд Майкл тайзны нэрээ Мик Жаггер болсон байна.

1962 онд "Роллинг Стоунз" хэмээх нэр анх удаа "Jazz News" сэтгүүлд гарчээ. Мөн 7 дугаар сарын 12-нд Лондоны "Marquee" клубт хамтлагийн анхны албан ёсны тоглолт болсон. Дик Тейлор 9 дугаар сард хамтлагаа орхиж, Билл Вайман 12 дугаар сард албан ёсоор басс гитарчнаар хамтлагт элсэн оржээ. Чарли Уоттс 1963 оны 1 дүгээр сард Мик Аворигийн оронд "Роллинг Стоунз" хамтлагт оржээ.

Мик Жаггерын тайзан дээр бүтээсэн дүр нь ихэд өвөрмөц болсон юм. Түүний хоолой, заримдаа ширүүн, заримдаа эмэгтэйлэг, зөөлөн, зузаан уруул, дур булаам инээмсэглэл, олон мянган хүмүүсийн өмнө концерт тоглох үед секс хөдөлгөөн, түрэмгийлэл, эрч хүч, үе үе зүгээр энгийн тэнэглэл зэрэг бүхэн Жаггерын рок дүр төрхийг алдартай болгосон юм.

Жаггерын хөгжмийн салбарт оруулсан гавьяаг өндрөөр үнэлж Их Британийн хатан хаан II Элизабет түүний 60 насны ойгоор (2003) загалмайтнаар өргөмжилсөн байна.

2019 оны 4 дүгээр сард Мик Жаггер зүрхний мэс засал амжилттай хийлгэсэн байна.

Цомгууд[засварлах | edit source]

  • 1985 — She’s The Boss.
  • 1987 — Primitive Cool.
  • 1993 — Wandering Spirit.
  • 2001 — Goddess in the Doorway.
  • 2004 — Alfie (Soundtrack).
  • 2007 — The Very Best Of Mick Jagger.