Бужаньтай
Бужаньтай (манж хэл: ᠪᡠᠵᠠᠨᡨᠠᡳ ; ханз: 布占泰) (1575-1618) бол Зүрчидийн Ула аймгийн сүүлчийн бэйл юм. Бужаньтай нь Ула аймгийн эзэн Буган бэйлийн отгон хөвгүүн.
Угсаа гарал
[засварлах | кодоор засварлах]Бужаньтайгийн дээд өвгийг Нацибулу хэмээх хүнээс эхлэж тооцдог. Нацибулу нь Алтан улсын Ванъян овгоос гаралтай бөгөөд, Мин улсын үед Сунгари голын хавиар суурьшиж, ард иргэдийг нэгтгэсээр Нара хэмээх овгийг байгуулжээ. Түүний жич хөвгүүд Гудуй жуян, Кэшина нар ойр хавийн овог аймгийг эзэлсээр газар нутгаа тэлж, шинэ хот тосгон байгуулжээ. Гудуй жуянгийн ач хөвгүүн Буян бэйл Сунгари гол дахь Ула хотоор төвлөрсөн Ула аймгийг байгуулсан нь Бужаньтай бэйл 1613 онд Нурхачд ялагдах хүртэл оршин тогтножээ. Нөгөө Кэшинагийн ач хөвгүүн Ван Тай хэмээгч нь Хада аймгийг байгуулсан нь 1601 онд Жянжоу зүрчидийн Нурхач бэйлд эзлэгдэж мөхсөн.
Ула аймгийг Буян (1561-?), Буган (?-?), Маньтай (?-1596), Бужаньтай (1596-1613) гэсэн 4 бэйл захирч байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Ула аймгийн бэйл Бугангийн гурав дахь хөвгүүн. 1593 онд зүрчидийн ехэ, хада, ула, хойфа, жэчэнь, сибо, гуарча, жүсэри, нэен, монголын хорчин аймаг зэрэг арван аймгийн холбоотны 30,000 цэрэг Жянжоу зүрчидийн Нурхач бэйлийг дарахаар Гурэ уулын дэргэд Ула аймгийн бэйл Маньтайгийн удирдлаган доор 3000 цэрэг удирдан тулалдахад холбоотны цэрэг бут ниргүүлэхэд Ула аймгийн Бужаньтай олзлогдсон. Тулалдааны дараа Бужаньтай өршөөл гуйж, Нурхачд бууж өгч ам өчгөө өгч суллагджээ.
1596 онд түүний ах Маньтай бэйл өөд болсны дараа тэр Ула аймгийн бэйл болсон. 1607 онд Нурхач, Бужаньтай нар дахин дайтаж, Нурхач Ула аймгийн зарим хот тосгодыг эзлсэнд хэлэлцээр хийж, Нурхач түүнд нэг охиноо эхнэр болгон өгч худ ургийн холбоо тогтоож, түр найрамдав. 1612 оноос Бужаньтай нь Ехэ аймгийн бэйл Гинтайшитай эвсэж Нурхачийг устгахаар болсныг мэдээд, Нурхач хаан Ула аймгийн эсрэг дайн хийж, 1613 онд тус аймгийн Ула хотыг эзлэн авсанд Бужаньтай бэйл цөөн цэргийн хамт оргон зугтаж, Ехэ аймагт хорогдохоор очсон. 1618 онд Бужаньтай бэйл Ехэ аймгийн нутагт нас барсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Буган (布干)
Хатад:
- Нэр тодорхойгүй авааль эхнэр
- Эшитай (額實泰): Айсингиоро овгийн Шурхач бэйлийн охин.
- Эньжэ (額恩哲): Айсингиоро овгийн Шурхач бэйлийн охин.
- Мүкүшэнь (穆庫什): Айсингиоро овгийн Нурхачийн охин.
Хөвгүүд:
- Дархан (达尔汉), ууган хөвгүүн
- Даламу (達拉穆), 2-р хөвгүүн. Дайнд амь үрэгдсэн.
- Аламу (阿拉穆), 3-р хөвгүүн
- Баян (巴颜), 4-р хөвгүүн. Эньжэгээс төрсөн.
- Буянту (布颜图), 5-р хөвгүүн. Эньжэгээс төрсөн.
- Муумэргэн (茂墨尔根), 6-р хөвгүүн. Мүкүшэниэс төрсөн
- Дунга (东阿), 7-р хөвгүүн. Хөвөөт хөх хошуунд орсон.
- Гадухунь (噶都浑), 8-р хөвгүүн. Мүкүшэниэс төрсөн.
- Чуочинай , 9-р хөвгүүн
- Хонко (洪匡), 10-р хөвгүүн.
Охид: