Бядрангийн Лхагвасүрэн

Бядрангийн Лхагвасүрэн
1965 онд Улаанбаатар хотод төрсөн, Монгол Улсын иргэн.
1. Оршил
Бядрангийн Лхагвасүрэн нь Монголбанкны Ерөнхийлөгч /2019-2025/ бөгөөд мөнгөний бодлого, санхүүгийн салбарт олон жилийн туршлагатай, Монголын шилдэг эдийн засагчдын нэг юм. Тэрбээр Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын эдийн засаг, мөнгөний бодлого, банк санхүүгийн салбар, төлбөрийн системд олон чухал шинэчлэлтийг хийж, хэрэгжүүлжээ.
2. Боловсрол
1989 он: Монгол Улсын Их Сургуульд Эдийн засгийн бакалавр зэрэг хамгаалсан.
1999 он: АНУ-ын Колумбийн Их Сургуульд Олон улсын эдийн засгийн магистр зэрэг хамгаалсан.
Спортын зэрэг: Байт харвааны Олон улсын хэмжээний мастер
3. Ажлын туршлага
1989–1994 он: Шинжлэх ухааны эдийн засгийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
1994–1997 он: Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч,
1997–1998 он: Монголбанк, Хяналт шалгалтын газар, Захирал
1999–2000 он: Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
2000–2001 он: Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх
2001–2009 он: Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар, Захирал
2009–2013 он: Монголбанк, Хяналт шалгалтын газар, Захирал
2013–2016 он: Хадгаламжийн даатгалын корпорац, Гүйцэтгэх захирал, Монголын банкны холбоо, Дэд Ерөнхийлөгч
2016–2019 он: Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
2019–2025 он: Монголбанкны Ерөнхийлөгч
4. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын тойм /2019-2025/
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтын хүрээнд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн бөгөөд Б.Лхагвасүрэн нь Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа өөрийн удирдлагын багийн хамтаар улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэсэн юм.
Инфляц, эдийн засгийн өсөлт
Монгол Улсын инфляц 2019 оны эцэст 5.2%-тай байж, Төв банкны зорилт болох жилийн 8 хувиас доогуур байв. Мөн 2020 оны эцэст инфляц жилийн 2.3% хүртэл буурсан нь ковид-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн идэвхжил эрс суларсантай холбоотой. Цар тахлын үед инфляц буурахын зэрэгцээ Монгол Улсын ДНБ жилийн 5.4%-иар агшсан нь Төв банкны хувьд томоохон сорилт болсон юм. Цар тахлын жилд Монголбанк бодлогын хүүг 6 хувь хүртэл бууруулж, макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах, эргэн төлөлтийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах, ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг цар тахлын үеийн агшилтаас 2021 он гэхэд огцом сэргэж, мөн онд 1.4 хувиар, 2022 онд 4.8 хувиар тус тус өссөн.
Инфляцын зорилтыг оновчлов
Монголбанк өөрийн зорилтыг илүү оновчтой, тодорхой томьёолох ажлыг 2021 оноос эхлүүлж, инфляцыг онилох бодлогын арга хэлбэрт шилжих суурийг амжилттай бүрдүүлэв. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх улсын инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд ковид-19 цар тахлын үед нийлүүлэлтийн шалтгаантайгаар 16.5 хувь хүртлээ өсөж байсан инфляц сүүлийн хоёр жилд дунджаар 7.6 хувь болж буураад байна.
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд
Монгол Улсын гадаад валютын нөөц 2019 оны жилийн эцсийн байдлаар 4.3 тэрбум ам.доллартой тэнцэж байсан бол 2024, 2025 онуудад харгалзан 5.4, 5.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ. Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засаг, санхүүгийн зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болж байна.
Хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү
Монгол Улсын банкны салбарын зээлийн өсөлт 2019-2025 онд жилд дунджаар 20 хувийн өсөлттэй байж, эдийн засаг, бизнесийн санхүүжилтийн хэрэгцээг тасралтгүй хангаж ирлээ. Харин сүүлийн хоёр жил орчмын хугацаанд зээлийн өсөлтийн дийлэнх хувийг бизнесийн зээл бүрдүүлж эхлэв. Энэ нь Төв банкнаас хэрэгжүүлсэн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацаагаар хязгаарлах макро зохистой бодлогын үр дүн байв.
5. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр
Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг хуулийн хүрээнд Монголбанк нь “Банкны салбарын дунд хугацааны шинэтгэлийн хөтөлбөр”-ийг 2021 онд батлан, үе шаттай хэрэгжүүлэв. Үүгээр Монгол Улсын системд нөлөө бүхий банкнууд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ХК болох, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар үүрэг хүлээсэн. Хуулийн дагуу Монгол Улсын банкны системд нөлөө бүхий банкнууд болох ХААН, Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банкнууд хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй ХК болсноор өөрийн хөрөнгийн үнэлгээгээ 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн үүгээр Монгол Улсын хөрөнгийн захын нийт үнэлгээг ч 2-3 дахин нэмэгдүүлж, хөрөнгийн биржийн хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулсан юм. 2025 оны III улирлын байдлаар хөрөнгийн биржид бүртгэлтэй банкнуудын зах зээлийн нийт үнэлгээ 5.6 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь нийт хөрөнгийн зах зээлийн 43 хувийг бүрдүүлж байна. Мөн 2024 оны жилийн эцсийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэлтэй банкнууд цэвэр ашгаасаа нийт 651.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан байна.
6. Онцлох ажлууд
Монгол Улсын зарим мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг шинэчилж, дэлхийн түвшинд хүргэх ажлуудыг авч хэрэгжүүлэв. Тодруулбал, 1, 50, 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн 3D спарк бэхэн элемент, хөдөлгөөнт тууз, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт элемент, солонгорч харагдах туузан элементүүдийг шинээр нэвтрүүлэв.
Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт (Саарал жагсаалт)-аас гарав. Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсыг 2019 онд стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад оруулаад байсан. Харин Монголбанк болон төрийн бусад байгууллагууд 2020 онд идэвхтэй хамтран ажилласнаар ФАТФ-ын зөвлөмжүүдийг биелүүлж, 2020 оны зургаадугаар сард ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа. Ингэснээр Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарч чадсан орон болов.
Монголбанкны өрийг бууруулав. Монголбанк, БНХАУ-ын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийг 2009 онд байгуулсан. Тус хэлцлийн ашиглалтын дүнгээс Монголбанк 2023 болон 2024 онд эргэн төлөлт хийж, своп хэлцлийн өрийг буурууллаа. Энэ хүрээнд 2023 онд 1.5 тэрбум юань, 2024 онд 4.5 тэрбум юанийг тус тус эргэн төлснөөр нийт ашиглалтын өрийг хоёр дахин бууруулав. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдал болон урт хугацааны зээлжих зэрэглэлийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ.
Монгол Улсын төлбөрийн системийн цогц шинэчлэлийг хийж гүйцэтгэлээ. Энэ хүрээнд банк хоорондын бага болон их дүнтэй систем, картын системийг бүрэн шинэчилж, олон улсын түвшинд хүргэв. Ингэснээр хэрэглэгчдийн банк хоорондын бага дүнтэй гүйлгээ бодит цагийн горимоор шилжих, их дүнтэй гүйлгээний нууцлал, аюулгүй байдал олон улсын жишигт хүрч, зарцуулах хугацааны хувьд эрс багасав. Мөн үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид шилжүүлж, нууцлал, аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэлээ. Тус технологид суурилан картын мэдээллийг токенжуулах, гар утсаараа гүйлгээ хийх, бага дүнтэй гүйлгээнд пин код ашиглахгүйгээр зайнаас төлбөр тооцоо гүйцэтгэх шинэ боломжууд нээгдсэнээр 2024 онд Apple pay, 2025 онд Google pay төлбөрийн системүүд Монгол Улсад нэвтэрлээ.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль батлагдав. Тус хуулиар хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээ, удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулсан. Тус хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар холбогдох нийт 4 журмыг баталж, хэрэгжүүлж эхлэв. Ингэснээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк ажиллах, гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар ажиллах эрх зүйн орчин, зохицуулалт тодорхой боллоо.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газартай амжилттай хамтран ажиллав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд сүүлийн хоёр жил дараалан ахиуллаа. Ингэхдээ 2025 онд онд “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+, цаашдын төлөвийг “Тогтвортой”, Moody’s болон S&P агентлагууд тус тус зээлжих зэрэглэлийг харгалзан “B1”, “ВВ-“, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ. Үүнээс өмнө буюу 2024 онд тус агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг мөн ахиулж байсан юм.
Монголбанкнаас санаачлан олон улсын өндөр түвшний хурал, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулав. Энэ хүрээнд: 2024 онд Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан “Орчин цагийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв”, 2025 онд “Нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үе дэх эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын хурлуудыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Эдгээр хурлуудыг зохион байгуулахад Азийн хөгжлийн банк, Олон улсын төлбөр тооцооны банк, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Бреттон Вүдсийн “Дахин зохион бүтээх хороо” зэрэг олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллав. Хурлаар төв банкны цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засаг, бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн сорилтууд, мөн нийлүүлэлтийн болон худалдааны шокийн дэлхийн эдийн засаг, худалдааны системд үзүүлэх нөлөө, түүний мөнгөний бодлогод үзүүлж буй сорилтуудын талаар олон талт хэлэлцүүлэг өрнүүлэв. Хуралд дэлхийн томоохон их, дээд сургуулиудын хүндэт профессор, эрдэмтэн судлаачид, өндөр түвшний бодлого боловсруулагчид, Төв банкны Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд оролцлоо.
7. Нэр хүнд, үнэлгээ
2021 он: Bloomberg awards – Innovation of the Year
2021 он: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол Улсын Гавьяат эдийн засагч" цол тэмдэг
2023 он: “Grand Bull Awards” – Банкны реформ
2023 он: Олон улсын Central Banking институт – Fintech Regtech Global awards
2023 он: Үндэсний Олимпын хорооны дээд шагнал “Алтан од” одон
2024 онд Global Finance “Central Banking Reports cards” тайлан “A-” үнэлгээ
2025 онд Global Finance “Central Banking Reports cards” тайлан “A-” үнэлгээ
2025 он: Bloomberg TV Mongolia – “Economic Catalyst” шагнал
8. Спортын амжилт (Байт харваа)
Бядрангийн Лхагвасүрэн нь байт харвааны спортын олон улсын хэмжээний мастер бөгөөд хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд 30 гаруй медаль хүртсэн.
Олон улсын тэмцээн:
- Социалист орнуудын залуучуудын нөхөрлөл байт харвааны тэмцээнүүд;
- 2006 онд Дохагийн Азийн наадам;
- 2018 онд Ази, номхон далайн орнуудын мастеруудын наадам – Ганцаарчилсан төрөл хүрэл медаль;
- 2025 онд Дэлхийн мастеруудын наадам – Ганцаарчилсан төрөлд Хүрэл медаль, холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Дотоодын тэмцээн:
- Насанд хүрэгчид болон өсвөрийн улсын аваргад удаа дараа оролцож, алт, мөнгө, хүрэл медаль;
- 2022 онд Онон багшийн нэрэмжит байт харвааны тэмцээн;
- 2022 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн;
- 2022 онд Заалны улсын аварга шалгаруулах тэмцээн;
- 2025 онд Бүх ард түмний спортын XVI наадам;
- 2025 онд Ж.Отгон багшийн нэрэмжит мастеруудын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Монголбанкны нэрэмжит-“Банкир” байт харвааны тэмцээн:
Байт харвааны спортыг сурталчлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн банкны салбарын ажилтнуудын дунд “МОНГОЛБАНКНЫ НЭРЭМЖИТ”-“Банкир” тэмцээнийг санаачлан, жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Байт харвааны спорт нь онч мэргэн авьяасаа сэргээх боломжийг өгдөг, оюун санааны асар их мэдрэмжийг тэлж өгдгөөрөө онцлог спорт юм. “Банкир” байт харвааны тэмцээн зохион байгуулагдсанаар байт харваагаар хичээллэх ажилчдын тоо 100-д хүрч, үүнээс 10 гаруй тамирчид спортын цол, зэрэг хамгаалсан байдаг.
Монголбанкны нэрэмжит- “Банкир” тэмцээн:
- 2019 онд Холимог багийн төрөлд алтан медаль;
- 2020 онд Багийн төрөлд алтан медаль
- 2021 онд Багийн харвааны төрөлд мөнгөн медаль;
- 2022 онд Ганцаарчилсан төрөлд алтан медаль, Багийн төрөлд хүрэл медаль;
- 2023 онд Багийн төрөлд алтан медаль;
- 2024 онд Багийн төрөлд мөнгөн медаль;
- 2024 онд Ганцаарчилсан төрөлд алтан медаль;
- 2025 онд Банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.
9. Эшлэл
Global Business Reports – Mongolia Mining 2025: “Mongolia's banking sector is undergoing a major transformation to foster diversified ownership and strengthen corporate governance”
Gfmag.com: Growth And Restructuring: Q&A With Mongolia’s Central Bank Governor Byadran Lkhagvasuren
“Diplomatic World” magazine: 100 years of the modern banking system in Mongolia /Lkhagvasuren Byadran, Governor of the Bank of Mongolia
The Central Banking magazine: Lkhagvasuren Byadran on geopolitics, gold and 100 years of central banking on the steppe
Өдрийн сонин: Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино
“Mongolian Economy” сэтгүүл: Банкны салбарын туулсан зам дардан байгаагүй ч, одоо батжин бэхжээд байна
“Bloomberg TV Mongolia” Ярилцах цаг нэвтрүүлэг: Эдийн засгийн өсөлт эерэг түвшинд байна, гэхдээ эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангах нь бүхий л бодлогын зорилт байх ёстой