Вестфалийн энхийн гэрээ
Вестфалийн энхийн гэрээ- XVII зуунд Европ тивд өрнөсөн шашин хоорондын Гучин жилийн дайны гэж түүхэнд үлдсэн дайны төгсгөлд тухайн үеийн Европын их гүрнүүдийн хооронд байгуулагдсан баримт бичиг юм. Энэхүү "Гучин жилийн дайн"-ы шалтгаан нь тухайн үеийн Ариун Ромын Эзэнт улсын доторхи шашин хоорондын зөрчлөөс үүдэлтэй бөгөөд 1608 онд байгуулагдсан Протестант Нэгдэлийн эсрэг католик шашинтнууд 1609 онд өөрсдийн Католик Холбоог байгуулсан ба эдгээр шашны холбоог Европын бусад улсууд дэмжсэнээр 30 жилийн дайн эхэлсэн түүхтэй. Дайнд нэг талаас Протестант Нэгдэл, Швед, Франц, Чех, Дани, Голланд, Шотланд, Англи, Саксон, Хаант Орос нөгөө талаас Католик Холбоо, Ариун Ромын Эзэнт улс, Австри, Бавари, Испани, Португал, Польш улсууд орсон байдаг ажээ. Дайнд Турк, Швейцариас бусад бүх Европын улсууд дайнд ямар нэг хэмжээгээр оролцож Чехийн, Данийн, Шведийн, Франц-Шведийн гэсэн 4 үе шаттайгаар явагдсан гэж үздэг. "Гучин жил үргэлжилсэн дайн"-ы эцэст 1648 оны 5-р сарын 15-нд Оснабрюкд Швед болон Протестант улсууд Ариун Ромын Эзэнт улстай, 1648 оны 10-р сарын 24-нд Мюнстерт Франц улс Католик улсуудтай тус тус энх тайвны чуулга уулзалтыг хийж үр дүнд нь Вестфалийн энхийн гэрээг байгуулжээ.
Вестфалийн энхийг гэрээгээр Швед улс Европын их гүрэн болж Балтийн тэнгис орчимд өөрийн ноёрхолыг тогтоож, Франц нь Испани болон Габсбургийн (Австри) холбоог таслан, Эльзас болон Лотарингийг өөртөө нэгтгэж, гэрээг баталсан улсууд Голланд, Швейцарийн Холбооны улс, Савой, Милан, Генуя зэрэг хуучин Ариун Ромын эзэнт улсын мэдэлд байсан улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Германы ханлигуудын хувьд томоохон өөрчлөлт гарч Бранденбург (Прусс) өөрийн газар нутаг, нөлөөний хүрээгээ тэлж, Бавари болон Саксон өөрсдийн байр суурийг нэмэгдүүлэн бэхжүүлж чадсан байна.
Вестфалийн энхийн гэрээний үр дүнд Европын улс төрийн бодлогод шашны хүчин зүйлс тэргүүлэхээ больж харин эдийн засаг, геополитик, эзэнт гүрний бодлого Европын улсуудын гадаад бодлогод тэргүүлж эхэлсэн байна. Мөн Вестфалийн гэрээ нь улс үндэстний тэгш эрхийн зарчим, Олон улсын асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх зарчим, хамтын дэг журмыг тогтоох зарчим гэх мэт Үндсэн зарчмууд бүхий орчин үеийн Олон улсын харилцааны үндсийг тавьж өгсөн гэж үздэг.
Энэхүү "Гучин жилийн дайн"-ы төгсгөлд Олон улсын харилцааны Вестфалийн систем тогтсон бөгөөд түүний тогтоосон үндсэн зарчмууд өнөө хүртэл ямар нэгэн хэмжээгээр үйлчилж байгаа юм.
Вестфалийн системийн үндсэн зарчмууд:
- Үндэсний ашиг сонирхолыг дээдлэх зарчим
- Хүчний тэнцвэрийн зарчим
- Үндэсний төрт улсыг хүлээн зөвшөөрөх зарчим
- Төрт улсын бүрэн эрхийн зарчим:
- Улс гүрний дотоод хэрэгт үл оролцох зарчим
- Европын улсуудын тэгш эрхийн зарчим
- Гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчим
- Олон улсын харилцаанд яриа хэлэлцээр буюу дипломат ажиллагаа болон ОУЭЗ-г хэрэглэх зарчим тус тус багтана.
Энэ үеэс Европд харьцангуй тогтвортой төвлөрсөн засгийн газар, хүн ам, албан ёсоор улс хоорондын хил үүсч, улс орнууд хоорондын дипломат харилцааны эрх зүйн үндэс тавигдаж, чухамхүү энэ үеэс Европ нь дэлхийн бодлого хэрэгжүүлэгч бөгөөд нөлөө байр суурьтай бүхий бүс нутаг болсон юм.
Оролцогсод
[засварлах | кодоор засварлах]Мюнстерт болон Оснабрю хотод болсон Бага хуралд "Гучин жилийн дайн"-д шууд болон шууд бусаар хамрагдсан орнуудын нийт 135 дипломатууд оролцсон байна. Эдгээрээс гол хүмүүс бол:
- Францаас: Энрих II д’Орлеан, герцог де Лонгвиль, Клод де Мем, ван д’Аво, Абель Сервьен, маркиз де Саблэ;
- Шведээс: Юхан Оксеншерна, Юхан Адлер Сальвиус;
- Эзэн хаанаас: Ван Максимилиан фон Траутмансдорф, Иоганн Людвиг фон Нассау-Хадамар ван, Мюнстэрд- өмгөөлөгч Исаак Вольмар, Оснабрюкд- ван Иоханн Максимилиан фон Ламберг болон өмгөөлөгч Иоханн Кран;
- Испаниас: Гаспар де Бракамонте-и-Гусман, граф де Пеньярада, Антуан Брюн, Диего Сааведра, Бернардино де Ребольедо;
- Бүгд найрамдах Нэгдсэн мужуудаас: Адриан Пау, Вильхельм Риперда, Ян ван Кнёйт;
- Ромын Папын мужаас зуучлагчаар: нунц Фабио Кижи;
- Бүгд Найрамдах Венеци улсаас зуучлагчаар: Альвизе Контарини;